Австралийн Засгийн газрын төлөөлөгч Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй танилцлаа
Австрали улсын Засгийн газрын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны Өмнөд, Төв Азийн хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Сара Сторэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Австралийн төлөөлөгчид өнөөдөр Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Хатагтай Сара Сторэй Азийн сан, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг үнэлэв. Тус төв нээгдснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо идэвхижин тогтмолжиж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрүүд нэгдсэн байдлаар хэрэгжих боломж бий болсон зэрэг эерэг үр дүн гарсантай тэрбээр танилцлаа.
Тус төвийн үйл ажиллагаанд тулгуурлаж эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах инкубатор төслийг хэрэгжүүлж дууссан байна. Одоогийн байдлаар Азийн сан, МҮХАҮТ, “Гэрэгэ системс” хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэх, хамтдаа хөгжих талбар болох B2B платформыг хөгжүүлж байна.
Уулзалтын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалт, хөтөлбөрт хамрагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, амжилтын түүхээсээ хуваалцлаа.
Энэ үеэр МҮХАҮТ-ын удиодлага Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортэй хоёр талын уулзалт хийж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны бусад төлөөлөгч байлцав.