Үнэт эдлэлийн салбарынхан чуулж байна
Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын олборлогчид, борлуулагчид, үйлдвэрлэгчид, арилжаа эрхлэгчид энэ салбарын оролцогч бүх талын уялдааг бэхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь оло
н нийтэд сурталчлах, худалдаалах зорилготой “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” салбарын нэгдсэн форум эхэллээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумыг Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Соёлын яам болон “Planetgold Монгол” төсөл хамтран зохион байгуулж байна.
Гурван өдөр үргэлжлэх форумд төрийн болон төрийн бус байгууллагын нийт 100 орчим албан тушаалтнууд оролцож байгаа юм. Уг чуулганаар салбарынхаа алдаа оноог, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэхээс гадна үнэт эдлэл, соёлын өвийн хосгүй бүтээлүүд, гоёл чимэглэлийн том үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж.
Форумын эхний хэсэгт үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын тулгамдаж буй асуудал, энэ салбарын боловсруулалт ба баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлууд, бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал зэргийг хэлэлцэж, санал солилцсон байна. Харин хоёр дахь хэсэгт соёлын өвийг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал, нийслэлийн гар урлалын өнөөгийн нөхцөл байдал, уран дархан болон үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн бизнес хөгжлийг төрөөс дэмжих бодлого, оюуны өмчийн зөрчил хянан шийдвэрлэх зэрэг сэдвээр панел хэлэлцүүлэг болсон байна.