Эхнэрээ хөнөөсөн Казахстаны сайд асанд бүх насаар нь хорих ял оноож магадгүй

Казахстаны Эдийн засгийн сайд асны эхнэрийнхээ амь насанд халдсан хэргийн шүүх хурал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, 43 настай Казахстаны Эдийн засгийн сайд асан Квандык Бишимбаев нь 31 настай эхнэр Нукеновагийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 3-4 сар үргэлжилж байна.

НҮБ-ын Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлснээр Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барж бардаг аж. Бодит тоо үүнээс ч их байж магадгүй гэнэ.

2016 онд Эдийн засгийн сайдаар томилогдсон Бишимбаев Казахстаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “Болашак”-ын санхүүжилтээр АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцаж, ирээдүйтэй эх оронч үзэлтэй, Казахстаны улс төрийн гол төлөөлөл гэж нэрлэгдэж байв. Гэхдээ томилогдсоноосоо хойш ердөө зургаан сарын дараа огцорч, авлигын хэргээр баривчлагдаж, шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оногдуулж байв. Гэвч тэрээр Назарбаевын санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдөж, шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж, удалгүй Нукеноватай гэрлэжээ.

Дөрөвдүгээр сарын 1-нд Бишимбаев шүүхэд хэлсэн анхны үгэндээ Нукеновагийн гэр бүлээс уучлалт гуйсан ч эхнэрээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй, архи хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байсан гэж ярьжээ.

2022 оны Арваннэгдүгээр сарын 9-нд болсон хэргийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр шүүх хуралдаанд үзүүлсэн бөгөөд бичлэгт Бишимбаев Нукеноваг үснээс нь татаж босгон, дараа нь цохиж, өшиглөж байгаа нь бичигдсэн байна. Гэвч Бишимбаев Нукеноваг бие засах газар унаж, хүнд бэртэл авсан гэж мэдэгджээ. Тэрээр Нукенова толгойдоо арав гаруй цохиулсан нь түүнийг үхэлд хүргэсэн гэсэн эмнэлгийн дүгнэлттэй маргаж байгаа юм. Шүүх хурал удаашралтай үргэлжилж байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгийг үзүүлэх үед Нукеновагийн ах Айтбек Амангелди бие нь тавгүйтэж, эмнэлэгт хүргэгдэж, шүүгч шүүх хуралдааныг түр зогсоожээ. Бишимбаев Нукеноваг зодож ухаан алдуулсныхаа дараа түргэн тусламжийн оронд байнга зөвлөлддөг мэргэч рүү залгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шуугиан тариад байна.

Өмгөөлөгч Жохар Утебеков энэ сарын 5-ны өдөр “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн тайлбартаа, “Энэхүү шүүх хурлыг олон нийт болон олон улс сонирхож байгаа нь шүүх хурлыг зөв зохион байгуулалттай явуулахад нөлөөлсөн” гэжээ.

Шүүгч болон тангарагтны 10 гишүүн санал нэгтэйгээр онц харгис хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг дэмжсэн тохиолдолд Бишимбаевд бүх насаар нь хорих ял оногдуулна. Нукеноваг нас барснаас хойш долоо хоногийн дараа 150 мянга гаруй хүн гарын үсэг зурж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардаад байна.

Эх сурвалж: https://www.rferl.org/a/kazakhstan-minister-wife-beating-murder-trial/32896438.html

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)