Азид Шенгентэй төстэй визгүй бүс байгуулна

Тайланд улс жуулчдыг татахын тулд Зүүн өмнөд Азид Шенгентэй төстэй бүс байгуулах саналыг хэлэлцэж байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээлжээ.

Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин энэ санааг Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Вьетнамын Ерөнхий сайд нарт дэвшүүлсэн бөгөөд сүүлийн саруудад улс орнууд уг санаачилгын талаар нэлээд удаан ярилцаж байгаа юм байна.

Энэ нь жуулчдыг хөрш зургаан улсын хооронд визгүй зорчих боломжийг олгох бөгөөд энэ нь илүү орлого олоход тусална гэж Тависин үзэж байна. Ихэнх удирдагч энэ санааг сайшаан хүлээж авсан ч одоогоор хэлэлцүүлэг аль шатанд байгааг дурдаагүй байна. Энэ бүс нутагт Шенгений бүс байгуулах санаа олон жилийн турш яригдаж ирсэн.

АСЕАН (Зүүн Өмнөд Азийн Үндэстний Холбоо) 2011 онд нэг визтэй зорчих системийг бий болгохоор төлөвлөж байгаагаа зарласан боловч гишүүн орнуудын визний шаардлага ихээхэн ялгаатай байсан тул хүчин чармайлт зогссон. Чулалонгкорн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Титинан Понгсудирак хэлэхдээ, энэ санаа өнөөдрийг хүртэл бэрхшээлтэй хэвээр байна гэдгийг онцолжээ. Албан ёсны мэдээллээр 2023 онд зургаан улсад нийт  70 сая гадаадын жуулчин ирсэн байна. Аялал жуулчлал нь Тайландын орлогын гол эх үүсвэр бөгөөд тус улсын бараг 500 тэрбум ам.долларын эдийн засгийн 12 орчим хувийг бүрдүүлдэг. Тайландад ирсэн гадаадын жуулчдын тоо 2023 онд өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдэж, 27 сая гаруй болсон нь Ковид-19 тахлын дараа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч Бангкок энэ тоог 2027 он гэхэд 80 саяд хүргэж, салбараас олох орлогыг цаашид нэмэгдүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)