Казахстан улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав

Б.САЙНЗАЯА

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 15-нд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой хэргийн шийтгэлийг нэмэгдүүлэх хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зуржээ.

Тус улсын  гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хэргийг эрүүгийн хэрэг биш гэж үздэг байсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хөнгөн ял бус хорих ял ногдуулахаар тусгажээ. Түүнчлэн, онц хүнд гэмт хэрэгт заавал ял оноох талаар мөн тусгасан байна. Тухайлбал,  насанд хүрээгүй хүүхдийг хөнөөсөн, хүчиндсэн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст бүх насаар нь хорих ял оноох аж.

“Эрх баригчид болон нийгмийн хамтын ажиллагааны үр дүнд Казахстан улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн хамгийн дэвшилтэт хууль эрх зүйн орчинтой болсон” гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Ерлан Карин “Telegram” сувагтаа тэмдэглэжээ.

Тэрээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд нийгэмд аливаа хэлбэрийн түрэмгийллийг үл тэвчих уур амьсгалыг бий болгох шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хууль нь Казахстаны "таван муу муухай"-тай тэмцэх Ерөнхийлөгчийн өргөн хүрээтэй санаачилгын нэг хэсэг юм” хэмээжээ.

НҮБ-ын Казахстан дахь суурин зохицуулагч Михаэла Фриберг-Стори  “Энэ чухал алхам нь жендэрийн тэгш байдлыг дэмжиж байгаа ч  гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох ажил хийгдээгүй байна.

Эрх баригчид одоо шинэ хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Энэ цогц арга хэмжээ нь бүх хүмүүс гэртээ айдас, хүчирхийлэлгүйгээр амьдрах нийгмийг бий болгоход зайлшгүй шаардлагатай" гэв.

Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насанд халдсан хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Нукенова өнгөрсөн арваннэгдүгээр сард нөхрийнхөө эзэмшлийн ресторанаас нас барсан байдалтай олдсон юм.

Шүүх эмчийн дүгнэлтээр түүнийг толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болохыг тогтоож, нүүр, бие, гар нь их хэмжээний хөхөрсөн байсныг тэмдэглэжээ. Энэ үйл явдал олон нийтийн дургүйцлийг төрүүлж, гэр бүлийн хүчирхийллийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Казахстаны сайд асан Бишимбаев эхнэрээ зодож хөнөөсөн хэргээр шүүгдэж байгаа. Хэрэг гарсан шөнө рестораны хяналтын камераас авсан  дүрс бичлэгт Бишимбаев Нукеноваг удаа дараа өшиглөж, цохиж байгаа  нь харагдаж байгаа юм. Нукеновагийн эмгэнэлт явдал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн цоорхойг нөхөх Засгийн газрын шийдвэрт нөлөөлсөн гэж олон нийт үзэж байна.

Казахстаны Төрийн нарийн бичгийн дарга Карин  “Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийг тууштай баримталж ирсэн. Энэ бүх жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц арга хэмжээний тогтолцоог үе шаттайгаар бий болгосон" гэсэн байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайшааж байгаа ч дараагийн арга хэмжээ үр дүнтэй байх эсэхэд эргэлзэж  байна.

"Эркиндик Канаты" ашгийн бус байгууллагын захирал Елена Швецова  “Шинэ хууль тогтоомж нь хотын төвүүдэд гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад амжилтад хүрэх магадлалтай. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байдаг алслагдсан тосгонд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нөхцөл  өөрчлөгдөхгүй. Олон хохирогч эрхээ ч мэддэггүй" гэжээ.

Эх сурвалж: Intellinews

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.111.183)