Тэрбум мод: Уул уурхайн компаниуд нийт 622.1 сая мод тарихаар амлажээ

Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн энэ жилийн нээлт маргааш буюу тавдугаар сарын 11-нд болно.

Энэ онд Монгол Улсад Ойн салбар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй. Үүнтнй холбогдуулан мод тарих Үндэсний өдрүүд нэг сар үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэд, ААН, байгууллага “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж буй модоо үрслүүлэх, арчилж хамгаалан тордох ажлыг үргэлжлүүлэн хийнэ хэмээн Ойн газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд бид энэ удаа уул уурхайн салбарын компани, ААН-үүдийн мод тарих үйл ажиллагааг онцолж байна.

Тус салбарын компани, ААН-үүд “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин нийт 622.1 сая мод тарьж ургуулахаар амласан юм. Энэ нь 2030 хүртэл буюу “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн хугацаанд авсан амлалт. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” 180 сая,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой”, “Болдтөмөр Ерөө гол” тус бүр 100 сая,
  • “Энержи ресурс” 40 сая,
  • “Өсөх зоос” компани 30 сая,
  • “Саусгоби Сэндс” 15 сая,
  • “Степ Голд” 10 сая,
  • “Тавантолгой” 7.5 сая,
  • “Бадрах Энержи” болон “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр”, “Баян айраг эксплорэйшн”, “МонАтом” тус бүр 2.5 сая,
  • “Эрдэнэс Монгол” нэгдэл 5 сая,
  • “Бороо гоулд” болон “Эрдэнэс Силвер ресурс” тус бүр 3 сая,
  • “Монголросцветмет” ТӨҮГ 2 сая,
  • “Монполимет групп” болон “Багануур”, “Мон-Энко” болон “Платинум Ланд” тус бүр 1 сая,
  • “Шивээ-Овоо” 500 мянга,
  • “Тод Ундарга” 100 мянган мод тарих үүрэг хүлээсэн юм.

Энэ жилийн байдлаар дээр дурдсан амлалт өгөн, мод тарьж ургуулж буй нутаг дэвсгэрийн засаг захиргаа болох аймаг, хот, сумын удирдлагатай гэрээ байгуулан ажиллаж буй уул уурхайн компаниудаас:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод,
  • “Оюутолгой” ХХК 220 мянган мод,
  • “Тавантолгой” ХК 12 мянган мод,
  • “Энержи ресурус” 150 мянган мод тус тус тарьж ургуулж байна.

Компаниуд тарьж ургуулах модныхоо тодорхой хувийг дүйцүүлэн шилжүүлэх байдлаар ойн салбарт боловсон хүчин бэлтгэх, ойн мэргэжлий ангиудыг дэмжих, байгуулах, доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалах, судалгаа шинжилгээ хийх зэрэгт мөн хөрөнгө оруулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.172)