Та мэдэх үү? Удаан ганц бие байх нь сөрөг нөлөөтэй

Хостой болж өгдөггүй найзууд байдаг даа. Магадгүй та ч өөрөө тэр нь байж болох юм. Ганц бие байх зарим талаараа өөртөө гаргах илүү их цагтай, эрх чөлөөтэй байх нь бий. Гэхдээ удаан хугацаанд ганц бие байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд төдийгүй амьдралын чанарт ч нөлөөлдгийг мэдэх үү.  

Нийгмээс тусгаарлагдсан зожиг нэгэн болох

Найзууд нь бүгд хостой болоод олдохоо байх, эргэн тойрныхон нь нэг л мэдсэн чинь хүүхэдтэй болчихсон, гэр бүлийн амьдрал, найз залуу/охиноо ярих нь ганц бие хүмүүст ард хоцорсон, орхигдсон мэдрэмж төрүүлэх нь бий. Нийгмийн харьцуулалтын онолоор ч хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулж, өөрийнхөө амьдралыг үнэлдэг. Sage-ээс эрхлэн гаргадаг “Нийгмийн болон хувь хүний харилцааны сэтгүүл”-ийн судалгаагаар ганц бие хүмүүс үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулснаар аз жаргалын түвшин буурч, санаа зовинол нэмэгддэг аж. 

Түүнчлэн соёлын онцлогоос үүдэлтэйгээр олон улсад гэрлэлт, хосын харилцааг амжилт эсвэл насанд хүрсэн байдлын илэрхийлэл гэж үзэн, ганц бие хүмүүсээс хэзээ хостой болохыг нь асууж залхаадаг. Тухайн хүн өөрөө ч бусад шиг үерхэж, хайрлаж дурлан, хүүхэдтэй болж гэр бүлийн аз жаргал, амьдралын нэгэн үеийг мэдрэхгүй өнгөрөөх вий гэдгээс айж эхэлдэг байна.  

Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах

Ганц бие удаан байснаар өөрийгөө сэтгэл татам бусаар мэдэрч, хэзээ ч хостой болохгүй юм байна гэсэн бодлыг өдөөдөг. АНУ-д өргөн хэрэглэгддэг Нийгмийн ерөнхий судалгаа (GSS)-аас харахад ганц бие хүмүүс хостой хүмүүстэй харьцуулахад өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байгаа юм.  Дээр дурдсан “Нийгэм ба хувь хүний харилцааны сэтгүүл”-ийн судалгаагаар ганц бие хүмүүсийн ойролцоогоор 35 хувь нь бусадтай өөрийгөө харьцуулан, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг гэжээ. Өөртөө итгэх итгэлгүй болсноор сэтгэл түгших нь ихсэж, сэтгэл гутралд өртөх нь ч бий.  

Ганц бие байсан ч, хостой болсон ч үргэлж гуниглах

Ганц бие хүмүүс романтик харилцаа болон бие даасан байдлаа хадгалж үлдэх хүслийн дунд гацан, дотоод зөрчилтэй нүүр тулдаг. Pew судалгааны төв 2020 онд ганц бие америкчуудын болзох болонн романтик харилцааны хандлагад хийсэн судалгаагаар ганц бие насанд хүрэгчдийн ойролцоогоор 47 хувь нь бие даасан байдлаа хадгалахын тулд ганц бие хэвээр үлдэх хүсэлтэй байдаг ч хосын харилцааг эрэлхийлдэг байна. Ийм зөрчилдөөнтэй байдал нь амьдралын ямар ч зүйлээс сэтгэл ханамж мэдрэх нь багасах, шийдвэр гаргах чадвар буурахад нөлөөлдөг байна. Нэг ёсондоо ганц бие байсан ч, хостой болсон ч үргэлж гунигтай байна гэсэн үг юм.  

Сөрөг мэдрэмжээ давахын тулд хорт зуршилтай болох

Архи ба мансууруулах бодисын талаарх судалгааны сэтгүүлийн 2002 онд хийсэн судалгаагаар ганц бие хүмүүс хостой хүмүүстэй харьцуулахад архи, тамхины хэрэглээ өндөр байдаг нь тогтоогдсон​ (Bachman, J. G., Wadsworth, K. N., O’Malley, P. M., Johnston, L. D., & Schulenberg, J. E., 2013)​.  Нэг ёсондоо удаан ганц бие байсан хүмүүс сөрөг мэдрэмжээ давахын тулд архи, мансууруулах бодис хэрэглэх нь ихэсдэг байна. Дан ганц хорт бодисын хэрэглээ ч биш анхаарлаа сарниулахын тулд хэт их идэх, өдөр шөнөгүй ажиллах зэрэг амьдралын энгийн хэвшлийг алдуулах зуршлууд ч нэмэгддэг.   

 

ХЭРХЭН ХӨГЖИЛТЭЙГЭЭР ГАНЦ БИЕ БАЙХ ВЭ?

Удаан ганц бие байх нь дээрх сөрөг үр дагавруудтай ч сайн талууд бүр ч олон бий. Гэхдээ аль хэдийн өөрийгөө бусадтай харьцуулж, дээрх байдлаар хямраад эхэлсэн бол үүнээс гарах арга замыг эрэлхийлэх нь чухал юм.  

Өөрийн сонирхолд нийцсэн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, клуб, сургалтад хамрагдан шинэ зүйл сурч, эсвэл хоббигоо хөгжүүлэн, шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. Эргэн тойрны хэдхэн хүмүүсээрээ хорвоог төсөөлж, ганцаархнаа ганц бие үлдчихсэн юм шиг санан өдөр хоногийг өнгөрүүлэх биш таны орж үзээгүй орчинд өөрийгөө хөгжүүлж, сонирхолтой амьдарч буй олон ганц биечүүд байгааг мэдээрэй.

Ажил мэргэжил, боловсрол, хувь хүний ​​хөгжилтэй холбоотой хувийн зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрснээр өөртөө итгэлтэй болж, амжилтыг зөвхөн хосын харилцаа гэж харахаа болино. Ганцаараа бүх шийдвэрийг гаргах боломжтой байгаа давуу талаа ашиглан хүссэн газар луугаа аялж, сурч, нүүж, нүүдлийн шувуу шиг эрх дураараа амьдрах гээд үз. Зөв хүнээ олтлоо ганц бие амьдралыг тултал нь мэдрээрэй. Яараад яахав дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.68.115)