Э.Батболд: Энэ жил ойролцоогоор 7000 гаруй иргэн ипотекийн зээл авах боломжтой

Ипотекийн зээл түүнд хамаарах шинэ дүрмийн талаар  БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Батболдтой  ярилцлаа.

-Өнгөрсөн онд баталсан ипотекийн зээлийн шинэ журам мөрдөгдөж эхэлсэн үү. Шинэ дүрмээр юу юуг өөрчилсөн бэ, зорилтот бүлэгт чиглүүлэх боломжийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам гаргасан. Уг журамд иргэн өөрийн өмчийн газар амины орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Тэр нь тухайн орон нутгийн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой. Мөн арилжааны банкууд орон сууц худалдаж авах саналыг иргэнд тавьдаг байсныг больж, иргэн өөрөө орон сууцаа сонгож, найман хувийн зээлийн шалгуур нөхцөлийг хангаж чадвал зээлд хамрагдах боломжтой болсон.

 Өмнөх нь орлогын боломжтой иргэд ипотекийн зээлийг 2, 3-аар нь авчихдаг байсан. Энэ нь зээлийн эх үүсвэрийг орлогын боломжтой иргэд л авчихдаг байсан гэсэн үг. Тиймээс шинэ журмаар ипотекийн зээлд хамрагдаагүй хүнийг ипотекийн зээлд хамруулахыг заасан. Тэгэхээр нэг хүн 2, 3 ипотекийн зээл аваад байх биш, зорилтот бүлэг болох өмнө нь ипотекийн зээл авч байгаагүй хүн найман хувийн хөнгөлттэй зээлээр орон сууц авах боломжтой болсон байгаа.

-Шинэ дүрмээр амины орон сууцанд амьдрах иргэдэд ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Өмнө нь амины орон сууцад ипотекийн зээл олгодоггүй байсан. Тиймээс амины орон сууцны зээл авахад иргэд банкнаас жилийн 14-15 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Харин 2018 онд батлагдсан ипотекийн зээлийн шинэ дүрэм нь амины орон сууцанд найман хувийн зээл авах боломжийг бүрдүүлсэн.

Орон нутагт ч мөн ялгаагүй амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн Сангийн яам, Монголбанк, БХБЯ гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт ипотекийн зээлийн 30 хувийг орон нутагт олгох гэсэн шийдвэр гарсан.

Өмнөх жилүүдийн зээлийн судалгааг харахад орон нутаг зээлийн эх үүсвэрийн 25 хувийг олгодог байгаа юм. Тэгэхээр орон нутгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах хангалттай эх үүсвэр тавигдсан.

-Мөн шинэ дүрэмд ипотекийн зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага, нөхцөлд өөрчлөлт орсон уу?

-Ерөнхийдөө 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн байх ёстой. Хугацааг нь 30 жил болгосон. Хоёр дахь орон сууцаа авах гэж буй иргэнд биш, орон сууцгүй иргэн зээл авах шаардлагыг тавьж байгаа.

-Одоогийн байдлаар жилд хэчнээн төгрөгийн зээл олгож байгаа юм бэ?

-2013 оноос эхлэн жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Тухайн үед ипотекийн зээлд хамрагдах иргэдийн журмыг баталж, эх үүсвэрийг нь Монголбанкнаас санхүүжүүлдэг байсан. Гэвч манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2017 онд ипотекийн зээлийг Засгийн газар хариуцах шийдэлд хүрсэн.

2013-2017 онд жилд дунджаар 700-800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргадаг байсан. Энэ хэмжээний мөнгийг Засгийн газраас гаргах боломж байхгүй. Тиймээс ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхийн тулд иргэдийн төлсөн төлбөрийг эргүүлэн гаргаж өгөх саналыг Монголбанкинд тавихад тус банк хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс хойш жилд дунджаар 200-300 тэрбум төгрөгийн зээл олгож байна.

Энэ нь иргэдийн хүлээлтийг хангаж чадахгүй байна. Учир нь банкнаас зээлийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар зээл авах хүсэлтэй иргэдийг буцааж байгаа юм. Ингээд зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулж, хүүгийн зөрүүд нь арилжааны банкуудыг татан оролцуулж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх гаргалгаа гаргасан. Энэ хүрээнд Засгийн газраас 320 орчим тэрбум төгрөг баталсан. Үүнийг 400 тэрбум төгрөг хүртэл өсгөх боломжтой гэж харж байгаа.

-Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд арилжааны банкуудыг татаж оролцуулна гэсэн. Тэгэхээр энэ жилийн хувьд хэчнээн иргэн зээл авах боломжтой болж байгаа гэсэн үг вэ?

-Манай улс ОУВС хамрагдахаас өмнө жилд дунджаар 8-10 мянган иргэнд найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгодог байсан. Харин Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахад ипотекийн зээлийг зогсоо гэсэн шийдвэр гарч байсан.

Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн эх үүсвэрийг гаргаж чадаагүй байснаас 2017-2018 онд жилд 5800 орчим иргэний зээлийг шийдсэн. Зээлийн дундаж хэмжээ нь 60 сая төгрөг байгаа. Тэгэхээр энэ жил ойролцоогоор 7000 гаруй иргэн ипотекийн зээл авах боломжтой. Гэхдээ арилжааны банктай зөвшилцөж чадвал зээлд хамрагдах иргэдийн тоог өсгөх боломжтой.

-Гаднын эх үүсвэрээс санхүүжилт авах боломж бий юу?

-Манай улсын зээлжих зэрэглэл гаднынхан хөрөнгө оруулалт хийхэд хангалттай бус байдаг. Мөн монгол төгрөгийг бусад валюттай харьцуулахад сул байгаа зэрэг шалтгаан байна. Үүнтэй холбоотойгоор гаднын хөрөнгө оруулагч нар ипотекийн зээлд хөрөнгө оруулалт хийхийг сонирхохгүй байгаа учраас зээлийн эх үүсвэрийг гаднаас татахад амаргүй байгаа юм.

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувийг багасгах боломж хэр байна вэ?

-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөөд зээлд хамрагдах боломжтой 35 мянга иргэн байгаа юм. Зээлийн хүүг 25, 20 хувийн урьдчилгаатай болгон бууруулбал зээл нь эрсдэлтэй гэдэг үүднээс хөрөнгө оруулагчид огт сонирхохгүй зээл болно.

Мөн иргэний сар болгон төлөх зээлийн дарамт нэмэгдэнэ. Тэгэхээр энэ эрсдэлээс зайлхийхийн тулд зээлийн урьдчилгаа төлбөрийг аль болох 30 хувиас бууруулахгүй байх байр суурин дээр тогтсон.

-Ер нь шинээр хэчнээн орон сууц хэр баригдаж байгаа юм бэ. Түүнээс айл ороогүй хэчнээн орон сууц байна вэ?

-Монголд нийтдээ 69 мянган айлын орон сууцны төсөл явж байна. Үүний 59 мянга нь Улаанбаатарт, үлдсэн 10 мянган айлын төсөл нь хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын орон сууцны дийлэнх төсөл нь Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байна. Нийслэлийн 59 мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, иргэдийн худалдан авалт эхэлсэн гэж ойлгож болно.

Эдгээр төслөөс 22 мянган айлын орон сууц нь ашиглалтад орсон байгаа. Үлдсэн 37 мянган орон сууц нь ашиглалтад ороогүй байгаа. Ашиглалтад орсон 22 мянган айлын орон сууцнаас 5800 орчим орон сууц огт борлогдоогүй байна. Үүнээс мкв-ийн үнэ нь хоёр сая төгрөгөөс доош үнэтэй буюу 50 мкв-тай 1600 орчим айлын орон сууц борлогдоогүй. Үлдсэн нь 80 мкв дээш, орон сууцны үнэ нь хоёр сая төгрөгөөс дээш төгрөгийн үнэтэй орон сууц байгаа.

-Ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийн боломжгүй, тогтмол орлоготой иргэд түрээсийн орон сууцыг сонирхож байгаа байх. Тэгэхээр түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд хаана, ямар орон сууц барих төлөвлөгөөтэй байна вэ?

-2016 оноос хойш санхүүжилтгүйгээс болоод барилгын ажил нь зогссон. ТОСК-ийн захиалгаар баригдаж байсан 1542 айлын орон сууц байсан. Уг төслийг Хөгжлийн банкнаас зээл авч бариад ашиглалтад оруулах гэж байна. Өнгөрсөн жил ашиглалтад оруулах байсан  ч хүйтний улиралтай холбоотойгоор барилгын ажлыг түр зогсоосон байсан юм. Тиймээс энэ оны тавдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Уг орон сууц ашиглалтад орвол түрээсийн зориулалтаар ашиглах боломжийг судалж байна. Хамгийн гол нь Хөгжлийн банкны зээлийг төлчихвөл уг байрыг борлуулах, түрээслэх эсэхийг Засгийн газар шийдэх юм. Зээлийн төлбөрийг улсын төсвөөс гаргах боломж одоогоор байхгүй байна. Тиймээс Хөгжлийн банктай таван жилийн дотор төлж барагдуулах гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна.

-1542 айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглах бол түрээслэх иргэдэд ямар шалгуур тавигдах вэ?

-БХБ-ын сайдын 2017 оны зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журмын дагуу бүртгэнэ. Орон сууц ашиглалтад орох үеэр бүртгэж эхэлнэ. Үүнээс өмнө материалаа өгсөн хүмүүсийг бүртгэнэ гэсэн асуудал байхгүй.

-Онлайнаар бүртгэх үү?

-Бүртгэлийг иргэдэд амар болгохын тулд онлайнаар бүртгэхээр төлөвлөж байна. Онлайнаар бүртгэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний материалыг цаасан хэлбэрээр авахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.25.117)