Ч.Лодойравсал: ЕБС-д нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийг зөв системээр олгох нь чухал байна. 

 Энэ удаагийн зочноор МУИС-ийн Машин, Оюуны лабораторийн эрхлэгч, дэд профессор, доктор Ч.Лодойравсалыг урьж ярилцлаа.

Хүн ямар иргэн болох вэ гэдэг бага насанд нь бараг 70-80 хувь төлөвшдөг.

-Боловсролын чанарыг сайжруулахын тулд бид юунаас хаанаас хэнээс эхлэх ёстой вэ.Таны бодлоор?

-Хөгж­лийг бий болгодог үндсэн нэг капитал нь хүн. Тэднийг хүн болгодог нь багш л даа. Тэгэхээр яалт ч үгүй багшаас нийгмийн үнэт зүйлийн тодорхой хувь хамаарна.  Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, бага сургуулийн багш чадварлаг, хүнлэг, мэдрэмжтэй байх ёстой.

Хүн ямар иргэн болох вэ гэдэг бага насанд нь бараг 70-80 хувь төлөвшдөг. Хүний хандлага, чадвар гэдэг зүйл тэр л үед сууж өгдөг. Тийм хүүхэд дунд, ахлах сургуульд ороод өөрөө хэн болохоо таньж, мэдэрч эхэлдэг. Багш хүүхдийг мэдэж сургах, хийж сургахаас гадна хувь хүн, бие хүн талаас нь хөгжүүлнэ. Түүнчлэн сүүлийн үеийн нэг арга зүй нь багш нар хүүхдэд тухайн хичээлийг хэлж, зааж өгдөг байсан бол одоо ойлгоход нь тусалдаг болсон нь илүү их ур чадвар шаардаж байна.Энэ бүхнийг сайн хэрэгжүүлдэг багш бол Монгол Улсад сайн иргэнийг бэлтгэж байгаа асуудал.  Тэгэхээр хүнээр хүн хийж байгаа багшийн хөгжил гэдэг нь нэн чухал. Багш сайн байвал шавь сайн байна, шавь сайн байвал энэ улсын ирээдүй гэгээтэй байна. Ийм энгийн ойлголт.

Хүүхэд бүр сайн боловс­рол эзэмших энэ боломжийг бүрдүүлэх ёстой

 

Блиц:

БОЛОВСРОЛ
-1999 онд МУИС-ийн Физик, Электроникийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн.
-2001 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр баяжуулах секцын удирдлагын систем сэдвээр МУИС-д магистр зэрэг хамгаалсан.
-2006 онд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

АЖЛЫН ТУРШЛАГА

1999-2001 онд –“М-Си-Эс Электроникч ХХК”-д инженер, ахлах инженер
2001-2003 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд багш, докторант
2003–2005 онд ХБНГУ –д Электроникийн төв институтэд зочин судлаач
2006-2008 онд МУИС-ийн Элeктроникийн тэнхимийн багш, эрхлэгч
2008 –2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал
2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Машин Оюуны Лабораторийн эрхлэгч

-Монголын багш нар 23 жилийн дараа хуралдлаа. Цаг үеэ олсон хурал зохион байгууллаа, олон асуудал хэлэлцлээ гээд хүмүүс сэтгэгдэл өндөр байна. Таны сэтгэгдлийг сонсъё?

-Багшийн Их хурал 23 жилийн дараа боллоо. Энэ нь  нь цаагуураа боловсролын системд материалаг асуудалд түлхүү анхаараад багшаа мартсан байсныг л харуулж байна.   Сургууль, цэцэрлэгийн байшин, ширээ сандал, засвар хийх асуудал дээр л гол анхаарлаа хандуулаад байдаг.  Тэд нар яах вэ.  Мөнгө байхад болчихдог зүйл.  Хамгийн хэцүү зүйл нь хүнийг бэлтгэх, ялангуяа хүнээ бэлтгүүлэх багшийг бэлтгэх юм шүү дээ. Нөгөө талаас сурах бичгийн асуудал байна. Энэ тал дээр олон асуудал байна. Сайжирч байгаа зүйл ч бий. Хичнээн гоё сурах бичиг байгаад зааж чадахгүй бол асуудал шүү дээ. Тэгэхээр багшаа чадавхижуулдаг, давтан сургадаг байх хэрэгтэй. Боловсрол гэдэг олон улсад зарчмын хувьд огт өөр болж буй энэ цаг үед багшаа хөгжүүлэхгүйгээр бид явахгүй.  Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрт чадалтай сайн багш нар хүрч ажиллах үндсийг тавих хэрэгтэй. Нөгөө л боловсролын хүртээмжийн асуудал юм.  Аливаа хүүхэд суманд төрснөөрөө боловсрол муу авдаг байж болохгүй. Суманд сайн багш байвч бүх хичээлээр биш. Хүүхэд тэнд төрснөөрөө хохирдог байж болохгүй.  Тэгэхээр Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хүүхэд хаана төрс­нөөсөө үл хамаараад сайн боловс­рол эзэмших энэ боломжийг бүрдүүлэх асуудал ч бий.

-Боловсрлын чанар багшийн хөгжлөөс шууд шалтгаалдаг.  Бид их сургуулийн түвшинд сургалтаа сайжруулах шаардлагатай байна уу, бага, дунд боловсролд нь анхаарах хэрэгтэй байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч нарын чанараас Их сургуулийн багш нарын ажил шууд хамаарч байна. Мөн хүүхэд ямар сургуулиас ирж байгаагаас шалтгаалан төвшин нь янз бүр байна. Олонхийнх нь суурь маш муу байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн хуваарийг хараарай. Ялангуяа физик, химийг хүүхдүүд төдийлөн сонирхохоо болсон. Инженер бэлтгэх гэж байгаа бидний хувьд математик, физик бусад байгалийн ухааны хичээлийн оноо чадавхийг харна. Тэгэхээр суурь нь  муу, мөн хүүхдүүдийн төвшин өөр байгаа нь их сургуульд хичээлээ системийн дагуу явуулахад хүндрэл учруулдаг. ЕБС-д заах ёстой зүйлийг бид заагаад эхлэхээр нөгөө үндсэн инженерийн мэдлэг өгөх асуудал маань хойшилдог.  Ингээд  яалт ч үгүй залгамж холбоо байгаа учраас бид  ЕБС-ийн хичээлийг хөтөлбөрийг ярихаас өөр аргагүй. Ер нь бол ЕБС төгсч байгаа хүүхдүүд инженер болохгүй ч гэлээ тодорхой хэмжээний шинжлэх ухааны мэдлэгтэй, инженерийн боловсролтой болж төгсөх ёстой.  Ийм л байдаг юм гэж цээжилчихсэн биш ойлгодог, түүнийгээ хэрэглэж чадах хэрэгтэй.  Энэ зүйлийг зөвхөн инженерийн мэргэжил биш амьдрал цаанаасаа шаардаж байна. Сүүлийн үед Аж үйлдвэрийн хувьсгал, ХIХ зууны чадвар гээд гарчихсан.  Биднийг үндсэн тогтолцоогоо ч шийдэж чадаагүй байтал хүүхдүүдийн суралцахын үр дүнд тавигдаж буй шаардлага  улам бүр нэмэгдээд л байна.

Инженерийн шинжлэх ухаан бол амьдрал урлаг юм

-Шинжлэх ухаан, инженерчлэлийн мэдлэгийг бид хэзээнээс эхлэж олгох ёстой вэ. Гадны улс орнуудыг харж байхад энэ төрлийн хичээлийг эрт ороод хүүхдээ багаас нь хөгжүүлээд явчихсан байх юм. Бидний хөгжил энэ тал дээр нэлээд хоцроод байх шиг?

-Монгол хүнд нэг давуу тал байна.  Хөдөө  хээр ганц айл байдаг учраас ямар нэгэн асуудал тулгарахад ямар нэгэн аргаар өөрөө шийддэг.  Тэр асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдээд сурчихсан. Харин том буюу глобал хүрээнд шийдье гэж боддоггүй. Түүнчлэн монголчлох гэж ярьдаг.  Энэ нь буруу зүйл биш л дээ. Гарц бодож олж байна. Тэрийгээ цааш нь технологи болгож явч явна гэдэг дараагийн алхам юм.  Аливааг эхлүүлсэн атлаа тууштай авч явах тал дээр монголчууд алдаад байна.    Уг нь инженер гэдэг шинжлэх ухааны мэдлэгээ ашиглаад асуудлыг шийдвэрлэх чадвар юм. Тэгэхээр энэ мэргэжлийг эзэмших  гэж байгаа хүүхэд нэгдүгээрт шинжлэх ухааны мэдлэгтэй байх хэрэгтэй. Цээжилсэн биш шүү. Тодорхой хэмжээнд ойлгоод, ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь шинжлэх ухааны мэдлэгээ ашиглаад шинжлэх ухаанчаар асуудлыг зөв тодорхойлох чадвар гарч ирнэ.  Түүнчлэн боломжит бүхий л шийдэл эрэлхийлж түүнээсээ хамгийн оновчтойг нь сонгож хэрэгжүүлдэг.

Ер нь аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж боломжит бүхий л шийдлийг  тодорхойлоод түүнээсээ хамгийн оновчтойг нь сонгон хэрэгжүүлж чаддаг хүнийг л инженер гэж хэлээд байгаа юм.  Энэ чадвараа ямар салбарт ашиглахаас хамаараад юуны инженер вэ гэдэг нь тодорхой болно. Нөгөө талаас энэ чадвар зөвхөн инженерийн чиглэлээр явж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй гэвэл бас өрөөсгөл. Бүхий л амьдралын асуудлын шийдэх зарчим нь энэ юм.

Тиймээс ЕБС-д нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийг зөв системээр олгох нь чухал байна.  Энэ нь  энгийнээр тайлбарлахад бүх хүүхдэд зориулсан боловсрол болж таарч байгаа юм. Ингэж бэлтгэгдсэн хүүхэд аливаа  асуудлыг шинжлэх ухаанчаар хардаг.  Асуудлыг зөвөөр тодорхойлж, шийдлийг гаргаж чаддаг.  Ийм хүмүүсийн ажил амьдрал дээр гаргаж байгаа шийдвэрүүд илүү бодитой, үр дүнтэй шийдвэрлэх магадлалтай байдгийг олон судалгаа харуулж байна. Тэгэхээр энэ чадварыг их багаас нь системтэйгээр олгох нь чухал юм. Аливааг эргэцүүлдэг, харьцуулдаг, шийдэл эрэлхийлдэг болохоос л  эхэлнэ дээ.

-Та МУИС-д хэр олон жил багшилж байна. Боловсролын чанарын асуудал, улс төрийн оролцоо, нам эвсэл гээд сонирхож байгаа сэдэв юу байна?

-Би МУИС-ийн хаалгаар сурах гэж орж ирснээс хойш 26 жил болж байна. МУИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж байхад тэнд суралцаж байлаа.  Харин багш болоод 18 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдүүдээ хөгжүүлэх гээд тал талдаа л мэрийж байна.  Гэхдээ боловсролын систем маань  зөвхөн нэг салбар биш нийтээр нь ярьдаг учраас хамрах хүрээ оролцогчдын тоо их, төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй зүйл байх л юм.  Нөгөө талаас жанжин чиг шугамаа бариад зөв явах хэрэгтэй. Энэ олон мэдээлэл, мэдлэгээс зөвийг нь барьж авч, зөв хандлагатай байх нь юу юунаас илүү  чухал байна. Мөн би улс төрөөс харьцангуй хол хүн. Саналууд бол ирдэг л юм. Гэхдээ улс төрд орох гэдэгт нэг намын харьяалалтай болох асуудал дагалддаг. Миний үзэл баримтлал бол хүүхэд залуучуудад мэддэг чаддаг зүйлээ аль болох хүргэчихье л гэж хичээдэг. Аль нэг намын харьяалалтай болчихоор намайг сонсдог хүний тоо хязгаарлагдаад ирнэ.  Миний чин хүсэл энэ биш л дээ. Мөн сүүлийн үед цахим  орчинд мэдээлэл маш замбараагүй тарж байна.  Энэ мэдээллийг шүүдэг, үнэлдэг зөв буруугаар нь ялгаж чаддаг байх нь  энэ үеийн хүмүүст нэг давуу тал болж байна.   Дэлхийн бусад оронд гэхэд бага насны хүүхдэд зориулсан агуулгыг хянадаг.  Харин олон нийтийн мэдээлэл хүлээж авах чадварыг дээшлүүлж, боловсрол олгодог.  Гэхдээ манай нөхцөлд хүндрэлтэй асуудал олон байна. Мөн үзэл бодлоо илэрхийлэх тал дээр хүүхдүүд өөрсдөө асуулт тавьж сураагүй байна.  Эхлээд асуултаа зөв тавьж чадахгүй учраас хариулт нь зөв олдохгүй. Асуултаа зөв тавьдаг, үндэслэлээ дурдаж зөв хариулдаг байх чухал. Энэ нь өөрөө эргээд суурь, сэтгэлгээний чадваруудтай холбоотой зүйл юм.  Тэр чадварыг эзэмшиж чадсан хүүхэд эргээд цахимд зөвөөр хандаж чадна.    Мэдээллийг дагаж хөрвөхөөс гадна наана нь нээрээ юм уу, үнэн үү гэж байнга боддог байх хэрэгтэй.

“Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн дараа технологийн багш нарын үнэлэмж өссөн

-Нэг үеэ бодоход бид бас шинжлэх ухаан, техник технологи, инженерийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн нэвтрүүлгүүдийг хийгээд эхэлчихсэн. Мэдээж, бага боловч үр дүн гарсан байх?

-Робокон төсөл маань маш амжилттай явж байна. Энэ жил олон улсын тэмцээн манай улсад болно. Тэмцээний дүрмийг шинээр боловсруулсан. Манай улсад болж байгаа гэдэг утгаараа монгол, соёл түүхийг тусгахыг эрмэлзсэн. Ази, Номхон далайн 20 орчим орон оролцоно.  Нөгөө талаасаа техно­логийн хувьд нэг том алхам хийсэн.  Дандаа дугуйтай робот байсан бол энэ жил заавал дөрвөн хөлөөрөө алхах ёстой гэдгийг дүрэмд оруулж өглөө.  Тэгэхээр улс орнууд харьцангуй нэг төвшнөөс эхэлнэ гэсэн үг юм. Түүнчлэн дүрмийн   хувьд өртөөний зарчим оруулж ирсэн.  Өртөө гэдэг маань монголчуудын хувьд мэдээллийг хурдан хугацаанд хүргэх гэж ойлгодог. Азиас Европ хүртэл хоёр долоо хоног гэдэг бол тухайн үед хурд байсан. Мэдээллээ хурдан хүргэж чадаж байгаа улс орон бол хүчирхэг байна. Ийм том өргөн уудам нутагт байгаа улс орныг удирдахын тулд мэдээллийг түргэн хугацаанд хүргэх шаардлагатай.  Тэгж байж хяналтдаа байлгаж чадна.  Энэ соёл, онцлогоо харуулахын тулд говь, хангай, талын бүстэй, өртөө, ГЭРЭГЭ, шагайтай дүрэм зохиосон. Харин “Залуу зохион бүтээгч” төслийн хувьд бид нэлээд олон үе шаттай хийж ирсэн.  Төсөл маань одоогоор санхүүжилтгүй улмаас зогссон. 170-200 сая төг­рөгийн өртгөөр нэвтрүүлэг маа­нь босдог. Үүнийг босгохын тулд нэлээд явсан. Нэвтрүүлгийг үргэлж­лүүлэх хүсэлт ч маш их ирж байна. Ялангуяа технологийн багш нар их баяртай байсан. Тэдний хичээлийг явуулахад хэрэглэгдэхүүн байхгүй, төсөв байхгүй байсан.  Нэвтрүүлгийн дараа технологийн хичээлийн хэрэглэг­дэхүүн нэг үеэ бодоход сэр­гэх шиг болсон. Мөн технологийн багш нарын нэр хүнд үнэлэмж өссөн дөө.

-Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар 1000 инженер төслийг эхлүүлсэн, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ бас манай улсад өндөр ач холбогдол өгөх том төсөл. Бусад  орны туршлагаас харахад ямар бодлого баримталж байгаа бол?

-Манай улс 1000 инженер төслийг эхлүүлсэн. Төсөл сургалт, судалгааны хэсэгтэй. Японы профессоруудтай  хамтарсан судалгааны маш сайн загвар байгаа. Уг нь энэ загварыг төр засаг маань зөвхөн Япон биш бусад улс орнуудтай хамтран хиймээр байна. Энэ загварыг Герман, АНУ, Франц, Англи гээд орнуудтай хийвэл илүү үр дүнтэй. Технологийн салбарт Европийн орнууд тэргүүлж байна.  Сүүлийн үед Азиас Япон, Солонгос, Хятад хүчтэй гарч ирлээ. Хятадын хувьд их сургуулийнхаа судалгаа шинжилгээний ажилд маш их хөрөнгө хаяж байна. Улс орны хөгжлийн нэг том түлхүүр нь технологийн хөгжил гэдгийг дэлхийд  олон орон харуулж байна. Инженер хүний сэтгэлгээтэй хүн үнэ цэнэтэй байдаг. Улс орныг хамгийн их голчтой авч явдаг.  Аливаад бодит сэтгэлээгээр ханддаг гээд инженер сэт­гэл­гээтэй хүний  асуудалд хандах хандлага нь арай өөр л дөө. Монголчууд инженерийн салбарыг түлхүү хөгжүүлэх гэж хичээж байсан үе бий. Манайд нэг хэсэг тооцоолон бодох, дараа Электроник, холбоо, автоматикаар маш олон хүн бэлтгэсэн байдаг. Электроник, автоматикийн чиглэлээр ОХУ, Зүүн Герман, Чех, Польш, Унгарт мэргэжилтнээ бэлтгэсэн.  Тэр хүмүүс маань буцаж ирээд критик масс үүсэх үед улс хөрөнгө оруулалт хийж, Монел компанийг үүсгэн байгуулж байлаа. Одоогийн  1000 инженерийн төсөл нь үүний үргэлжлэл.

-Дэлхий нийтээрээ хиймэл оюун ухаан ярьж байна. Технологийн хөгжил маш хурдтай хөгжиж байна. МУИС дээр сургалтын шинэчлэлийн хүрээнд яг энэ инженер, технологийн чиглэлээр хэрэгжиж байгаа ажлууд юу байна?

-Манай улсын хувьд шинжлэх ухааны мэдлэгтэй, инженерийн боловсолтой хүнийг ЕБС-иудад бэлтгэдэг асуудал хаягдаад байгаа учраас албан бус боловсролоор олгохоор ажиллаж байна. Зохион бүтээгчдийн академи гээд албан бус сургалтын төв ажиллуулж 10-18 насны хүүхдийг  сургаж байгаа.  Орчин маш чухал байдаг. Бид тэр орчныг бүрдүүлж чадсан. Элект­роник, программчлал, робот,  3D загварчлал гэсэн дөрвөн модулийн хүрээнд хүүхдийг өртөөчлөн сургаж байна. Хэдэн жилийн туршлага, мэдлэг дээрээ тулгаарлан энэ сургалтаа авч явдаг.  Түүнчлэн МУИС дээр  машин оюуны лаборатори гэж байгуулсан.  Цахим инженерчлэл, мэдлэг ба өгөгдлийн инженерчлэл, компьютер, робот судлал, дэлгэцийн технологи дээр ажиллаж байна.  Робот тал дээр үйлдвэрлэлийн роботын төсөл удахгүй хэрэгжинэ.   Робот эмчтэй болж, эмнэлэг дундуур явж өвчтөнүүдийг хянадаг робот бүтээхээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.0)