“Facebook”-ийн "босс" Цукерберг огцрох уу?

 “Facebook” компанийн тэргүүн Марк Цукербергийг захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулж, компанид бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хэлэлцэхийг зарим хувьцаа эзэмшигчид дахин санал болгожээ. Энэ тухай “Business Insider” сонинд мэдээлсэн байна.  

Тус сонинд мэдээлснээр, үнэт цаас, биржийн хороонд илгээсэн баримт бичигт тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тавдугаар сарын 30-ны өдөр товлож, хурлын үеэр хэлэлцэж, санал хураах хөрөнгө оруулагчдын саналуудыг баталжээ.

Хөрөнгө оруулагчдын дэвшүүлсэн найман саналын хоёр нь компанид бүтцийн өөрчлөлт хийх, “хараат бус даргыг” томилох тухай байна. Хурлын үеэр ийм саналыг батлах магадлал тун бага, учир нь “Facebook” тэдэнтэй огт санал нийлэхгүй бөгөөд Цукерберг өөрөө саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшдэг гэж “Business Insider” сонины мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Facebook”-ийн хөрөнгө оруулагчид Марк Цукербергийг албан тушаалаас нь огцруулах саналыг өнгөрсөн зун тавьж байсан юм. “Business Insider” сонинд мэдээлснээр, сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон мэдээлэл алдагдсантай холбоотой цуврал дуулиан шуугианы дараа хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчийг удирдах зөвлөлийн даргын албанаас огцруулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, хараат бус нэр дэвшигчийг түүний оронд тавихыг шаарджээ. Цукерберг болон түүнд үнэнч ажилтнууд илүү олон санал өгөх эрхтэй хувьцааны төрлийг эзэмшдэг учир хөрөнгө оруулагчдын саналаас хэд хэдэн удаа татгалзсан гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ. 

“Facebook” компани урьд нь АНУ-ын улс төрийн дуулиан шуугианы төвд орж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран ажилладаг “Cambridge Analytica” компани ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр “Facebook”-ийн хэрэглэгч 50 сая хүний мэдээллийг хууль бусаар авсан гэж хэвлэлүүд мэдээлж байв. Цуглуулсан мэдээллүүддээ үндэслэн тус компанийн судлаачид сонгогчдын улс төрийн сонголтыг үнэлж дүгнэж, тэдний сонирхолд шууд нөлөөлсөн зар сурталчилгааг үзүүлж байсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.124)