Э.Баатарцогт: Иргэд 1072 хувьцаатай холбоотой бүх мэдээллийг таван эх сурвалжаас авах боломжтой

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 хувьцааны мэдээллийг үндсэн таван эх сурвалжаас мэдэх боломжтой талаар тус компанийн дэргэд байгуулсан “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс мэдээллээ. Үүнд:

  • Тус төв дээр ирж лавлах, зөвлөгөө, мэдээлэл авах,
  • Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очих,
  • 1800-1072 дугаар руу утасдаж асуух,
  • Интернэтээр орж харах,
  • 158989 гэсэн дугаар руу мессеж илгээх юм.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-Иргэд өөрсдийн эзэмшлийн 1072 хувьцааны талаар хаана хандаж, дансаа хэрхэн бүртгүүлэх, ямар брокер диллерийн компанид хандах талаар асууж сурсаар байна?

-Юуны өмнө, манай “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилгоор өнгөрсөн оны 5-р сард нээгдэн үйл ажиллагаагаа явуулж буйг хэлье. Зөвхөн 1072 хувьцаа гэлтгүй хөрөнгийн зах зээлийн ханшаас эхлээд мэдлэг мэдээлэл өгдөг юм. Манайх 1800-1072 гэсэн энгийн тарифын утсыг байнга ажиллуулж байна. Утас маань тасралтгүй, ачаалалтай ажиллаж, иргэдэд хувьцааны талаар мэдээлэл өгч байна. Энэ утсыг 1072 хувьцааны талаарх мэдээллээс гадна зөвлөгөөг ч өгөх чиглэлээр ажиллуулж байна.

-Иргэд голлон юуг асууж тодруулж байна вэ?

-Хувьцааныхаа тоо ширхэгийг ихэвчлэн асуудаг. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д очих юмуу утсаар нь асууж лавлаж болно. Энэ байгууллага хуучин Монголын Хөрөнгийн бирж дээр байрлаж байсан бол одоо Чингэлтэй дүүргийн ард талд 2 давхар тоосгон шар байшинд байрлаж байгаа. Тэнд иргэний үнэмлэхтэйгээ очоод хувьцааныхаа тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн, нээлгээгүйгээ мэдэж болно. Нэг ёсондоо та эндээс, 1072 хувьцааны талаарх бүхий л мэдээллийг авна гэсэн үг.

 

Хэрэв та интернэт хэрэглэдэг бол www.schcd.mn гэсэн сайт руу орж регистрийн дугаар оруулаад бүх мэдээллээ авч болно. Эсвэл манай 1800-1072 дугаарын утас руу яриад, мөн регистрээ хэлэхэд иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэгийн мэдээллийг өгч байгаа.

Ерөнхийд нь хэлэхэд, иргэд 1072 хувьцааныхаа талаар мэдэх хэд хэдэн арга бүхий эх сурвалж байгааг дээр хэлсэн. Энд жишээ нь, 158989 гэсэн дугаар руу мессеж илгээх арга нь интернэтгүй, манай төв дээр болон ҮЦТХТ, Хөрөнгийн бирж дээр өөрийн биеэр очиж чадахгүй хүмүүст зориулсан мессеж илгээх дугаар юм. Иргэн та 1072 хувьцааныхаа талаар мэдээлэл авах дээр дурдсан 5 арга зам бүхий боломж байгааг ашиглах хэрэгтэй. Бид мөн олон нийтийн сүлжээ фейсбүүкийг ашиглаад өөрийн пейж хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байгаа.

-Иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг сонирхож лавлаад байгаа нь юутай холбоотой вэ?

-Энэ нь нэг хэсэг оюутнуудын сургалтын төлбөр, өндөр настнууд хувьцаагаа авсан гээд тоо, ширхэгийн “хөдөлгөөнтэй” холбоотой байх. Үнэндээ 2011 оноос эхлээд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 9 хувь гээд 9 ширхэг хувьцааг анх суутгаж эхэлсэн юм билээ. Суутгана гэдэг нь Засгийн газар тэр хэмжээний хувьцааг худалдан авсан гэсэн үг. Тухайн үед иргэд хувьцааны талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байхад суутгасан учир үл ойлголцол, гомдол санал их гарч байсан. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийн хэлбэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаас, хамгийн сүүлд 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр хувьцааг нь худалдан авсан. Гэтэл үүнийг иргэд Засгийн газар худалдаж авч байна гэдэг жинхэнэ утгаар нь бус сонгуулиар мөнгө тарааж буй улстөрийн шоу, эсвэл оюутнуудад төрөөс сургалтын төлбөрийг нь олгож байна, мөн зарим иргэд хүчээр тулган авч байна гэдгээр ойлгосон нь бий. Хэдийгээр тухайн үед Засгийн газар иргэдээс хувьцааг худалдан авч байсан ч хувьцаа нээлттэй болж, арилжаанд ороод ирэхээр иргэд тэр хувьцаагаа худалдаж авсан үнээр нь эргүүлэн авах эрх нь нээлттэй, Засгийн газрын ийм шийдвэр байгаа юм. Жишээ нь, өнөөдөр таны 1072 хувьцаанаас 320 гаруй хувьцааг худалдан аваад танд 750 ширхэг үлдсэн байлаа гэж бодоход та 300 мянган төгрөгөөр тухайн үед хувьцааны ханш ямар байхаас үл хамааран тэр хувьцаагаа эргүүлэн худалдан авч болно.

 

2019 оны 2-р сард "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ хуралдаж, үүгээр дамжуулан эхлээд гадаадад хөрөнгө босгох зорилгоор IPO гаргана.


 

-Мөн хувьцааныхаа талаар брокер дилерийн ямар компанид хандах вэ гэж иргэд их асууж байна?

-Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн ямар ч компанид хандан бүртгүүлж дансаа нээлгэж болно. Өнөөдрийн байдлаар, Монголын Хөрөнгийн биржид брокер дилерийн 50 компани албан ёсны бүртгэлтэй байгаа. Үүний 20-иод нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа. Орон нутагт байгаа иргэд аймгийнхаа брокер дилерийн компанид хандан дансаа нээлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл цаашид ногдол ашиг авах, хувьцааны арилжаанд ороход илүү ойрхон. Нийслэлийн иргэд дүүрэг харьяалал хамаарахгүйгээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй аль ч компаниар үйлчлүүлж болно.

Энд олон жил тогтвортой, туршлагатай үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн байртай, харилцааны байдал зэрэг хэд хэдэн шаардлага хангасан байх ёстойг харгалзах учиртай. Үүнийг Хөрөнгийн биржийн сайтаар ороод л харчихна. Ингэхдээ тухайн брокерийн компанийн арилжааны идэвхи зэргийг харах хэрэгтэй. Учир нь тэнд брокерийн компаниудыг арилжааны идэвхээр нь эрэмблээд дугаарласан байгаа. Арилжааны идэвхи гэдэг нь тухайн брокерийн компани хувьцаат компаниудын хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаж хэдэн төгрөгийн хөрөнгө босгосныг нь хэлж байгаа юм.

-Хувьцаа хэзээ эргэлтэнд орж “амилах” вэ гэдгийг иргэд бас сонирхож байна. Энэ нь ногдол ашигтай холбоотойгоор асууж байгаа байх?

-Хувьцаа эргэлтэнд орох болоогүй. 2019 оны 2-р сард манай компанийн ТУЗ хуралдаж, үүгээр дамжуулан эхлээд гадаадад хөрөнгө босгох зорилгоор IPO гаргана. Энэ нь дотооддоо бол нээлттэй болгоогүй хувилбар юм. Мэдээж эхлээд гадаадад гаргасны дараагаар дотооддоо хувьцаагаа “амилуулна”. Яагаад гэж иргэд их асуудаг. Эхлээд бид хөрөнгө оруулалтаа татна. Үүний гол зорилго нь төмөр замаа барихаас аваад дэд бүтцийн томоохон төслүүдээ юуны өмнө явуулна. Үүнийг иргэд зарим талаар ойлгодоггүй, мөн мэдээлэлгүйгээс яагаад заавал гадаадад IPO гаргах гээд байгаа юм, иргэддээ ногдол ашгаа юуны түрүү өгөхгүй, дээгүүрээ л их мөнгө яриад байна гэж харддаг явдал бий. Тиймээс дахин хэлэхэд, IPO гаргах гэж байгаа нь юуны түрүүн гадаадаас хөрөнгө оруулалт татах, хоёрт, компани маань олон улсын зах зээлд гараад ирэхээр компанийн засаглалаа сайжруулж шилэн тунгалаг засаглалтай, ил тод үйл ажиллагаатай, олон улсын түвшний компани болж буй ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.27.56)