Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээлэл технологийнгазрын мэргэжилтэн Э.Баярбямбаас дараах мэдээллийг тодруулсан юм.

-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт”  төслийн хүрээнд Нийслэлийн нутгийнзахиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй, шуурхай, тэгш, нээлттэй хүргэх” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх олон ажил хийгдсэний нэг нь Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR систем бөгөөд тус системээр дамжуулж тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг 2017 оноос үзүүлж эхэлсэн.

-Smartcar системээр дамжуулж авах боломжтой үйлчилгээний талаар?

Бид Татварын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран Тээврийн хэрэгслийн албан татвар, Зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Торгуулийг онлайнаар төлөх,  өөрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хянах зэрэг үйлчилгээг 2017 онд амжилттай нэвтрүүлснээс гадна Төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг харах, Жолоодох эрхийн оноог шалгах 2 үйлчилгээг 2018 онд нэвтрүүлсэн.

Энэ онд Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ, Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах, Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах, Жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл авах, Ачаа тээвэрлэх эрх бүхий EC зөвшөөрөл авах зэрэг 5 төрлийн үйлчилгээг нэмж нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Иргэдийн дунд цахим системээр татвар төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээндээрээ тамга дарж баталгаажуулах шаардлагатай гэсэн ойлголт байдаг?

Цахим гэрчилгээний загвар батлах тухай Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/75 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалаар батлагдсан QR кодтой загвар бүхий “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ”-г иргэний и-мэйл хаягаар хүргэж байгаа. Тухайн баримтыг хэвлэн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар Татварын Улсын байцаагчийн татвар төлсөн тэмдэгийг бүрэн орлох боломжтой юм.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

Нийслэлийн иргэдээс гадна орон нутагт ажиллаж амьдардаг иргэд https://smartcar.mn/системийг хэрэглэдэг. Вэб суурьтай системээс гадна IOS, android утсанд зориулсан аппликэйшнтэй учраас тээврийн хэрэгслийн мэдээллээ хянах, татвар хуурамж болон бусад тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой болж иргэдийн цаг завыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR системээр  1,376,605 хэрэглэгч хандсан байдаг бол, ухаалаг утасны аппликешн хувилбарыг нийт 106,460 тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн гар гар утсанд суулган ашиглаж байна. Энэ нь иргэдийн таашаалд нийцсэн систем болон цар хүрээгээ тэлэн ажиллаж байгааг харуулж байгаа боловч нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн тоотой харьцуулахад хангалтгүй байна.

Иймээс https://smartcar.mn/ системийг сурталчлан таниулах, иргэдийн цахим оролцоог дэмжих тал дээр бусад төрийн байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа хийж хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр дамжуулан одоогоор хичнээн иргэнд татвартай холбоотой үйлчилгээ үзүүлсэн бэ?

Өнөөдрийн байдлаар 33,397 иргэн  2,8 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна.

-Танай системийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан байдаг вэ?

Манай систем Үндэсний дата төв УТҮГ-т байршдаг тул хэвийн найдвартай ажиллагаа олон улсын төвшинд бүрэн хангагдсан байдаг. Мөн төрийн мэдээлэл солилцооны ХУР, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН зэрэг системүүдтэй мэдээлэл солилцон ажилладаг учраас иргэнийг таньж баталгаажуулсаны үндсэн дээр мэдээ, мэдээллийг ил тод нээлттэй харуулах нөхцөл байдлаар ханган ажиллах боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.186.189)