ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, өнөөдөр ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленкод гардуулж, баяр хүргэв.

Шагнал гардуулах үеэр ноён Антон Витальевич Коваленко нь Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж буйдаа гүн талархал илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлсэн юм. Мөн А.В. Коваленко Монгол Улс Антарктид тивд судалгаа хийж эхэлсэнтэй холбогдуулан тус тивд байрлах Восток станцид дөрвөн сар мандсан Монгол Улсын далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулан өгсөн юм.

Ноён Антон Витальевич Коваленко нь Монгол Улсад 10 гаруй жил ажиллахдаа 90 гаруй улсад түгээгддэг Монгол Улсын тухай мэдээний орос, англи, хятад хэл дээрх цахим хуудсыг ажиллуулж,  Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Тухайлбал, А.В. Коваленко нь 2014 онд “Монголия была первой” буюу Монгол Улс анхдагч нь байсан нэртэй баримтат киноны найруулагчаар ажиллаж, Аугаа их дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн өгөөмөр тусламжийн тухай гүнзгий, өргөн хэмжээний мэдээллийг дэлхий дахинаа түгээн, сурталчилжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.248)