Мэргэжлийн гоо сайханчдын татгалздаг 7 бүтээгдэхүүн

Шүршдэг нарны тос

Нью Йорк дахь “Schweiger Dermatology Group”-ийн гоо засалч, доктор Рейчл Назариан шүршдэг нарны тосыг нүүрэндээ ч, биедээ ч хэзээ ч хүргэхгүй гэв. Учир нь эдгээр бүтээгдэхүүн савлагаан дээрээ дурдсан шигээ зузаан хамгаалалт буюу SPF-ийн давхарга үүсгэх чадалгүй. Үүнээс гадна нүдээ хэдий сайн аньсан ч завсраар нь орж, нүдний бүрхүүлийг гэмтээх магадлал өндөр байдаг тухай мэргэжлийн гоо засалч, доктор Кеннет Марк хэлэв. 

2 Борлуулах тос

Хөрслөг бор арьстай болохын тулд тусгай тос түрхэж наранд биеэ шардаг хүмүүст дуулгах таагүй мэдээ байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний SPF-ийн түвшин нь бага, ойролцоогоор SPF 4-тэй байдаг. Тодруулбал, нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжгүй бөгөөд тос нь арьсны нүхийг бөглөдөг аж.

3 Шингээгч нарны тос

Нарны хортой туяанаас хамгаалах тосыг дотор нь Chemical ба Physical гэж ангилдаг. Chemical буюу шингээгч тос нарны туяаг шингээж, халуун болгон хувиргаад арьснаас гадагшлуулах үйлдэлтэй. Харин Physical буюу ойлгогч тос арьсанд тусгай давхарга үүсгэн нарны туяаг ойлгох үйлдэлтэй. 

Нью Йорк дахь “Washington Square Dermatology” эмнэлгийн гоо засалч, доктор Самер Жабер шингээгч нарны тос арьсыг гэмтээх нь илүү байдаг бол ойлгогч нарны тосонд агуулагдах цайр, титаны диоксид зэрэг нь арай зөөлөн байдгийг хэллээ. 

4 Тоник

“Цэвэрлэгч, тоник, чийгшүүлэгч” гэсэн дарааллыг бараг эмэгтэй хүн бүр мэдэх биз. Тэгвэл зөвлөгөө өгсөн мэргэжлийн дөрвөн гоо засалчын гурав нь тоник огт хэрэглэдэггүй ажээ. Жабер “Тослог арьстай хүмүүс тоник хэрэглэх дуртай байдаг, уг нь бол хэрэгтэй зүйл биш” хэмээв. 

СУРТАЛЧИЛГАА

Тоникийн дийлэнх нь алкоголь агуулдаг учраас хуурайшил үүсгэдэг. Батгатай, тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой ажээ. “Union Square Laser Dermatology” төвийн гоо засалч эмч Женнифе Чвалек “Би тоникийн оронд сарнайн хандтай усаар нүүрээ шавшаад араас нь С аминдэм, нарны тос түрхдэг. Сарнайн ус арьс чийгшүүлж, тайвшруулдаг, мөн үрэвслийг намдаадаг юм” хэмээлээ.

5 Парабен

Парабен бол гоо сайхны бүтээгдэхүүнд нян, мөөгөнцөр, хөгц үүсэхээс сэргийлдэг химийн бодис. Түлхүү хэрэглэгддэг бодисуудаас нэр дурдвал метил, этил, пропил болон бутил парабен нар бөгөөд чийгшүүлэгч, суурь крем, хөгшрилтийн эсрэг тосонд ихээхэн агуулагддаг. Хүний биед хортой, хөгшрилтийг хурдасгадаг нь судалгаагаар нотлогдсоор байгаа тул арьс гоо засалчид парабентай бүтээгдэхүүнээс татгалздаг байна. 

6 Зочид буудлын саван

Зочид буудлын саванг хэрэглэх хэрэггүй, тэр тусмаа нүүрний арьсандаа хүргэж хэзээ ч болохгүй гэнэ. Үнэртүүлэгч ихтэй, химийн найрлага ихтэй, хямд зардлаар бүтсэн бүтээгдэхүүн тул арьс гоо засалчид үргэлж өөрийн савангаа авч явдаг ажээ. Ерөнхийдөө нэмэлт үнэр ихтэй гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсыг цочроох эрсдэлтэй. Тиймээс бүтээгдэхүүн худалдаж авахдаа Үнэр буюу Fragrance гэсэн тэмдэглэгээ байгаа, эсэхийг анхаарч байхыг тэд зөвлөлөө. 

7 Хуванцартай гуужуулагч

Мэргэжлийн арьс гоо засалчид Microbeads буюу жижиг хуванцар бөмбөлгүүд агуулсан гуужуулагчаас ямагт татгалздаг. Сонирхуулахад 2015 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама жижиг хуванцар агуулсан гоо сайхны бүх бүтээгдэхүүнд хориг тавьсан билээ. Гоо засалчид арьсыг ямар нэг гаднын биетээр, механикаар, хүчээр гуужуулж хэзээ ч болохгүйг хэллээ. 

Харин үүний оронд зөөлөн, байгалийн гаралтай, хөнгөн найрлагатай гуужуулагч сонгох хэрэгтэй гэнэ. Мөн гуужуулагч сойз, сойтог гэх мэтэд тэд хэзээ ч мөнгө зарцуулахгүй гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.76)