Япон “Gateway” хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө энэ онд багтаан боловсруулна
Сар орчмын “Gateway” станц байгуулах АНУ-ын хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгөө Японы Засгийн газар энэ онд багтаан боловсруулахаар төлөвлөж байна. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын хурлын үеэр баталсан тайлан мэдээнд дурджээ.
“Сансрыг эзэмших хүн төрөлхтний идэвхтэй үйл ажиллагаанд Сарны гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэх болно. “Gateway” хөтөлбөрт манай улс ямар хэлбэрээр оролцох вэ гэдгийг нарийн тодорхойлох хэрэгтэй” гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хурлын үеэр мэдэгджээ.
Мягмар гарагт баталсан тайланд онцлон тэмдэглэснээр, Токио уг хөтөлбөрийн хүрээнд ашиглах технологи, техник, хэрэгслүүдийг энэ онд багтаан нарийвчлан тодорхойлох ёстой байна. Мөн үүнтэй холбоотойгоор дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлох ёстой аж.
“Gateway” нь олон дахин ашиглах боломжтой, командын модуль /устгах үед автоматаар унтардаг станцын гол блок/ бүхий жижиг станц байх болно гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ захирал Жим Брайдестайн тавдугаар сарын 23-нд мэдээлжээ. Уг станц нь сар орчмын тойрог замд 15 жил байрлах юм.