Тэмбүү өвчин хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг

2018 онд бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тохиолдол улсын хэмжээнд 10000 хүн амд 20 гарчээ. Энэ тоог 3.200.000 мянган хүн амдаа харьцуулбал 6400 тэмбүү шинээр оношлогдсон гэсэн үг юм байна.

Сүүлийн таван жилийн дунджаар 10000 хүн амд ногдох дундаж өвчлөлөөс дараах аймгууд 20 гаруй хувиар өндөр гараад байгаа аж. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот орж байна.

Харин хамгийн бага тэмбүүгийн гаралттай аймгаар Булган, Дархан -Уул орж байгаа бол Баян -Өлгий аймагт тэмбүүгийн тохиодол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж.

Тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.

Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тухай таны мэдвэл зохих зарим ойлголтууд

Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамждаг вэ? 

• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

Тэмбүү өвчний шинж тэмдэг сарын дотор илэрнэ

• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.


• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.


• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?

Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.

Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?

Тэмбүү өвчин урагт халдварласанаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.222.20.3)
БолорЭрэнэ Дошоогоо ногоон өнгий юм гараад байгаа энэ юуных юм бол тэмбүү гэдэг өвчнөн мөнүү
2020-05-16 Хариулах