"Хунт нуур"-т гоё хун ирлээ
УДБЭТ-ын хуваарьт тоглолтын Хунт нуур балетын гол дүрүүдэд Театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг нар тоглох гэж байна. УДБЭТ-ын уран балетын гоцлоочдын эгнээг залуу авьяаслаг уран бүтээлчид өргөжүүлэн тэлж буй.
УДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөнөөс хойш театрт ажиллаж эхэлсэн билээ.Тэрээр ажиллах хугацаандаа: “Щелкунчик” балетын Принцын дүр, “Хунт Нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хаан зэрэг дүрийг бүтээсэн залуу чадварлаг уран бүтээлч .
Ө.Мөнхжин нь ОХУ-д суралцаж байхдаа “IBCC 2017” балетын тэмцээнд оролцож тусгай байр эзэлж байсан удаатай.
Мөн 2019 оны 05-р сард ОХУ-ын Улан -Үүд хотод зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль авсан амжилттайгаар уран бүтээлээ хүргэж яваа.
Хунт нуур балетын гол дүрүүдэд Театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг нар тоглох гэж байна
Тэгвэл М.Нандинцэцэг өмнө нь хэд хэдэн балетад гол дүр бүтээсэн туршлагатай. Тэрбээр 2017 онд театрт ажиллаж эхэлсэн. Оюутан байхаасаа жүжигт тоглож, дүр бүтээсээр Цэнхэр нүдэн бүсгүй буюу Сванильда, “Щелькунчик”-ийн Маша, (Мөн “Монголын балетын хөгжил“ сангаас “Цөмөөхэй” нэрээр хэвшил болгосон “Бостон балет”-ын хувилбарын гол дүрд ч тоглосон) саяхан хүүхдийн баяраар нээлтийн тоглолт нь болсон “Амттаны доктор”-ын өвгөн докторын охины дүрээр түүнийг үзэгчид таних болсон.
Өнгөрсөн жил дөрөвдүгээр сард Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын гол дүр бүтээснээс хойш сарын дараа түүнийг Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильдагийн дүрд гаргаж байжээ. М.Нандинцэцэг Чайковскийн хүн-хунгуудын дүрд хувирч, хайр дурлал, хар санаа, хагацал, гунигийн ертөнцөөр үзэгчдийг аялуулах нь.