"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрт 31.618 хүүхэд хамрагджээ

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ноос  албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм.

Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл өнөөдөр энэ хөтөлбөрийн хэрэгжилт тун ахицтай, урагштай явааг шүдний эмч нар хэлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хот хөдөөгийн эмнэлгүүд бүгд ачаалалтай ажиллаж байгаа ажээ. 

Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой гэдгийг эмч нар хэлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл эрчимтэйгээр ихсэж байгаа аж.  Ялангуяа 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 03-05 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарсан байна.

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолой болон амь насанд аюултайд тооцогддог эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог аж. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшитэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан байна. 

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ. "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрийн тус дэмээр шүдээ эрүүлжүүлсэн, хүүхдээ эмчлүүлсэн эцэг, эхчүүд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд талархаж байгаагаа хэлж байв. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.96)