Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй дадал нэвтрүүлнэ
НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монголд нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой ажлын байр бий болгох нийтлэг зорилтын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй.
Сүүлийн жилүүдэд ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, хүн, амьтны эрхийг зөрчөөгүй ёс зүйтэй үйлдвэрлэл эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж байж бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрддэг болсон. Гэвч манай орны боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртөх, гүн хордох, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарсаар.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд энэхүү эрсдэлийг бууруулах чиглэлээр ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХНХЯ,Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй осол гэмтлээс хамгаалах онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулсан юм.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар дээшлэх юм
Энэхүү сургалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан нар оролцлоо.
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын олон улсын эксперт Норберт Нейцвиз 30 гаруй арьс шир боловсруулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер, техникч, инженерүүдэд олон улсын онол, практик хосолсон сургалтыг Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар дахь ХАБЭА-н өнөөгийн нөхцөл байдал, Боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэл аюулын үнэлгээ, химийн бодисууд, тэдгээрийн хор нөлөө, хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах аюулгүй ажиллагаа, машин тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй байдал, ажилтны аюулгүй ажиллагаа, ажиллах орчин, ажлын байр дахь тээвэрлэлт, түүний аюулгүй ажиллагаа, хувийн, хамтын хамгаалах хувцас, хэрэгслүүд, аудит, хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн юм.
Энэхүү сургалт нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар дээшлэх, мөн арьс ширэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломжид нэг алхам ойртуулж өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.