Подкаст хэрхэн хийх вэ?, бизнесээ яаж өргөжүүлэх вэ?

Орчин үеийн завгүй хэмнэлд мэдээлэл авах хамгийн тохиромжтой сувгуудын нэг нь подкаст болжээ. Монголд гэлтгүй дэлхий нийтэд подкаст сонсдог соёл газар авахын хэрээр төрөл бүрийн подкастууд бий болсоор л байна. Тэгвэл энэхүү нийтлэлээр уншигч та хэрхэн өөрийн гэсэн подкаст эхэлж болохыг тайлбарлая.

Подкаст хийж сонсогчдод хүргэхэд дараах үндсэн 6 алхам бий.

ЭХЛЭЭД СЭДВЭЭ ЗӨВ СОНГОХ ХЭРЭГТЭЙ

Подкаст эхлэх хамгийн эхний алхам бол ямар сэдвээр дагнан ярьж, хэнд хүргэх вэ гэдгээ бодох явдал юм. Мэдээж урт хугацаанд тогтвортой мөн өөрт дарамт багатай подкаст хийе гэвэл өөрийн дуртай мөн мэддэг сэдвээ сонгох нь чухал. Тэр сэдэв нь ургамал тарихаас эхлээд улс орны эдийн засгийн асуудал гээд юу ч байж болно. Гагцхүү та сонгосон сэдвээ өөрөө сонирхдог бас мэддэг байх хэрэгтэй.

ТОДОРХОЙ САНААГАА ИЛЭРХИЙЛЭХ НЭР БОЛОН ЛОГОТОЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ

Сонсогчдодоо хэрэгтэй сэдвээ сонгочихлоо гэж үзье. Тэгвэл үүний дараа хийх ёстой ажил нь таны подкастын санааг илэрхийлж чадах нэр болон логотой болох явдал юм. Заавал мэргэжлийн түвшинд хийсэн лого хэрэггүй ч хэн ч харсан амархан тогтоодог логотой болохыг хичээгээрэй. Харин нэрний хувьд аль болох санахад болон хэлэхэд хялбар нэрийг сонгоорой.

Жишээлбэл, таны подкастын ерөнхий сэдэв ургамал тарихтай холбоотой бол лого нь цэцэгний дүрстэй, нэр нь “Хамтдаа тарья” байж болно. Энэ тохиолдолд хэн ч харсан таны подкастыг ургамал тарихтай холбоотой гэдгийг төвөггүйхэн мэдэх юм.

ФОРМАТАА ТОДОРХОЙЛЖ ЭХНИЙ ДУГААРУУДЫН АГУУЛГЫГ БЭЛДЭХ

Ном, кино, нийтлэл зэрэгт өөрийн гэсэн формат байдаг шиг подкастад ч дотроо олон төрөл. Хамгийн эхэнд подкаст хэдэн хөтлөгчтэй байх, хэнээр хөтлүүлэх, зочин урих эсэхээ шийдэхийг зөвлөе. Харин дараа нь зорилтот сонсогчдынхоо нас, хүйс зэрэг дээр тулгуурлан подкастынхаа өнгө төрхийг буюу үргэлжлэх хугацаа, ярианы хэв маяг зэргийг тодорхойлоорой.

Жишээлбэл улс төр, эдийн засгийн талаар ярьж байгаа бол албан үг хэллэг ашиглах зохимжтой ч дуу хөгжим, ном, кино зэргийн талаар ярьж байгаа бол илүү чөлөөтэй байдлаар ярих нь тохиромжтой.

Форматаа сонгосны дараа дор хаяж эхний 2-3 дугаарыг бэлдэх нь зөв. Ингэснээр нэгдүгээрт, подкастын нөөц сантай болох, хоёрдугаарт тодорхойлж гаргасан форматаа бодит байдал дээр хэр болж байгааг мэдэх юм.  

ЭХНИЙ ДУГААРАА БИЧИХ (RECORD)

Хамгийн сонирхолтой мөн чухал хэсэг бол энэ. Сайн подкаст бичихийг хүсвэл аль болох мэргэжлийн дуу хураагуур дээр бичихийг зөвлөе. Гэхдээ мэдээж гар утасны апп дээрээ чихэвчний дуу хураагуур ашиглан бичсэн ч гэсэн болно гэдгийг сануулъя.

Подкастаа бичихдээ дараах алдааг гаргахгүй байхыг хичээгээрэй.

  1. Сул үг ашиглах. Бид анзаараагүй байхдаа “тэгээд”, “нөгөө”, “ер нь”, “маш” гэх зэрэг сул үгсийг ярьдаг. Харилцан ярианд эдгээр нь тэгтлээ их мэдэгдэхгүй ч подкаст сонсож байгаа хүнд тун их анзаарагддаг талтай.
  2. Хамааралгүй дуу чимээ ихтэй байх. Жишээлбэл подкаст дундуур гадны хэн нэгний дуу орж ирэх эсвэл таны байгаа орчны дуу хэт чанга байх юм бол сонсогчид тэр дороо залхаж ундууцна. Тиймээс подкастаа бичихдээ саад болох зүйл багатай орчинд бичээрэй.

БИЧСЭН ДУГААРАА ЯНЗЛАХ (EDIT)

Янзлах буюу editing хэсэгт подкаст бичих үедээ ярьсан хэрэгцээгүй хэсгийг хасах, шаардлагатай бол ая нэмэх зэрэг багтана. Үүнийг мэргэжлийн хүнд даалгаж болох ч хэрэв та өөрөө компьютер дээрээ засахыг хүсвэл soundtrap.com, харин гар утсан дээрээ бол anchor.com гэсэн маш хялбар хоёр үйлчилгээг санал болгож байна.

НИЙТЛЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Ийнхүү өөрийн гэсэн агуулга, нэр, логотой подкастын тань анхны дугаар бэлэн боллоо. Одоо харин нийтэлж сонсогчдодоо хүргэх цаг нь болжээ. Эхний удаад soundcloud.comcastbox.com зэрэг үнэгүй платформ дээр байршуулж болно. Харин албан ёсны платформд нийтэлж илүү олон сонсогчтой болохыг хүсвэл iTunesGoogle PodcastSpotify зэрэг платформыг санал болгоё.

Дан ганц нийтлээд зогсохгүй бусад олон нийтийн сүлжээн дээр хуваалцах нь зорилтот зах зээлдээ хүрэхэд тусалдаг гэдгийг дурдах нь илүүц биз ээ. Жишээлбэл ургамал тарих талаар подкаст хийсэн бол Фэйсбүүкийн ургамал сонирхогчдын бүлгэм дээр share хийхэд л тэр дороо олон зуун сонсогчтой болно гэсэн үг.

Эцэст нь дурдахад амжилттай подкаст эхлүүлэхийн тулд заавал сайн дуу хураагч эсвэл техникийн мэдлэгтэй байх хэрэггүй. Хамгийн гол нь төлөвлөгөө болон тууштай байдал чухал юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.244)