Зарим яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлсэн байжээ

ГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

ЭХЯ, ЭМЯ, УУЯ, БСШУСЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ. БСШУСЯ, БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажилуулж байгаа нь тогтоогджээ. Гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байна. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ЗГ-ын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгаж байна. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр. Төрийн албан хаагч нар, төр бол ард түмэнд үйлчлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна гэлээ.

Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө байгууллага бүр дахин боловсруулж дагаж мөрдөх, хугацаа хоцроосон өргөдөл гомдлыг есдүгээр сарын нэгэн гэхэд шийдвэрлэж дуусгах, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын орон тоонд тохирох хүмүүсийг сонгон шалгаруулж авах захиалгыг ТАЗ-д мөн есдүгээр сарын нэгний дотор гаргаж орон тоогоо бүрдүүлэхийг яамдын ТНБД нарт үүрэг болгов. Цаашид албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хүрээнд сар бүр ЗГХЭГ-аас тогтмол болон гэнэтийн шалгалтыг хийнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.71)