Ж.Ган-Эрдэнэ: Нээлттэй даалгаврын сангаас улсын шалгалтын материал ирнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа сурагчдад мэдээлэл дуулгахаар БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дуусах дөхөж байна. Бүртгэлийн явц ямар байна. Мөн Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ зохион байгуулах бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Энэ жилийн ЭЕШ-ын онлайн бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд ойролцоогоор 20 гаруй мянган хүүхэд, залуус хамрагдана гэсэн урьдчилсан тооцоотойгоор бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг 17000 орчим хүүхэд төгсөж байна. Өөрөөр хэлбэл, шалгуулагчдын тоо эрс цөөрсөн. Мөн тэдгээр хүүхдүүд маань бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сургалтын агуулгыг эзэмшин төгсч байгаа анхны төгсөгчид болж байна. Иймд энэ жилийн ЭЕШ-ын сэдэв даалгаврыг “бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн агуулга”-д нийцүүлэн боловсруулж байна.

Шалгуулагчид шалгалт өгсөн даруйдаа тухайн хичээлийнхээ анхны оноог 24 цагийн дотор хэмжээст оноогоо БҮТ-ийн цахим хаягаас мэдэж, их, дээд сургуулийн элсэлтэд хамрагдах боломжтой болж байна. Бид үүнийгээ “Шилэн технологи” гэж нэрлэж байгаа юм. Ингэснээр шалгуулагчид, иргэд олон нийт төрийн үйлчилгээг нээлттэйгээр, хүртээмжтэйгээр, мэргэшсэн түвшинд хүртэхээс гадна хөдөө орон нутгаас шалгалт өгөхөөр ирэх, их, дээд сургуулийн элсэлтэд хамрагдахаар ирэх үед үүсэх олон хүндрэл хэмнэгдэх юм.

Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтыг технологийн давуу тал ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байна. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой.

-“Шилэн технологи”-ийг өмнө нь ЭЕШ-д туршиж үзсэн үү. Элсэгчид болон эцэг, эхчүүдийн зүгээс хэрхэн хүлээж авсан бэ. Үнэхээр шалгалтын зардлыг хэмнэж чадаж байна уу?

-Шууд засалтыг өнгөрсөн жил Ховд, Орхон аймагт хэрэгжүүлэхэд шалгуулагчид болон эцэг эхчүүдийн зүгээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Тиймээс энэ жил зохион байгуулалтын дагуу улсын хэмжээнд дүнг шууд засахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм байна гэдэг нь шууд засалтын технологийн давуу талуудаас харагдаж байгаа. Тухайлбал, жил бүр 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс аймгийн төв рүү шалгалтаа өгөх гэж нэг ирнэ.

Дараа нь 14 хоногийн дараа дүнгээ сонсох, хуваарь сонгох гэж дахин дахин ирэх нь шалгуулагчдын хувьд тодорхой зардал, чирэгдэл гаргадаг байсан. Тэгвэл энэ жил шууд засалтын технологийг нэвтрүүлснээр шалгуулагчид шалгалтаа өгөөд, шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ сонсоод, ЭЕШ-аа дуусгаад шууд хуваарь сонголтоо хийгээд нэг удаагийн ирэлтээр бүх ажлаа амжуулчих учраас өмнөх жилүүдийнх шиг хүндрэлүүд байхгүй болно.

Өмнөх онуудад 14 хоногийн хугацаанд бүх шалгалтын материалуудыг улсын хэмжээнд төвлөрүүлж, цагдаагийн хамгаалалт дор олон хүнийг маш өндөр зардалтайгаар засалтын ажлыг зохион байгуулж ирсэн. Одоо шууд засалтын технологи нэвтрүүлснээр зохион байгуулалтын зардал бодитой хэмнэгдэж байгаа. Хамгийн гол нь ЭЕШ-аа сайн өгөөд, хүссэн сургуульдаа элсэн орох нь сурагчдын хувьд амьдралынх нь чухал үе юм. Ийм хүсэл мөрөөдөл, зорилго тээж яваа хүүхэд, залуучууддаа ил тод, шударга байдлыг бодитой үзүүлж чадаж байгаа нь бидний ажлын ололт, амжилт юм.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ ХУРААМЖГҮЙ, БАТЛАМЖ ХУУДАСТАЙ

-Энэ жилийн ЭЕШ-д онцлох зүйл олон бий. “Шилэн технологи” нэвтрүүлэхээс гадна Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо тогтоосон. Мөн өнгөрсөн жилүүдэд энэ шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө авдаг байсан бол энэ жил харьцангуй эрт зохион байгуулж байгаа. Та энэ талаар илүү тодорхой мэдээллийг өгөөч?

-Монгол хэл бичгийн шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Энэ шалгалт нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой. Шалгалтад энэ жилийн XII дугаар ангийн төгсөгчдөөс гадна өмнөх онуудад ЕБС төгссөн боловч их, дээд сургуульд хараахан элсэж амжаагүй хүүхэд, залуус нийлээд 20000 орчим хүүхэд хамрагдахаар байна.

Энэ жилийн хувьд, БСШУСын сайдын тушаалаар босго оноог 400-гаар тогтоосон. Энэ босго оноог давж чадахгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй болно. Харин гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах шалгалтад босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагч оноогоо ахиулах зорилгоор дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалтад хамрагдаж болно. Монгол хэл бичгийн шалгалт нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2017, 2018 онуудад энэ шалгалтыг өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.

-Энэ шалгалтыг ямар агуулгаар, хэр хугацаанд хийж гүйцэтгэх вэ?

-Монгол хэлбичгийн шалгалтын агуулгыг бид 2014 онд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран иргэдийн уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, монгол бичгээс хөрвүүлэх чадвар, эх зохион найруулах чадваруудыг сорихоор тогтоосон. Шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут байгаа.

-Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулах болсноор ямар үр дүн, ахиц харагдаж байна вэ. Ер нь, өмнөх жилүүдийн шалгалтаас ажиглаж байхад элсэгчид ямар даалгавар дээр хамгийн их алдаж байна?

-Энэ шалгалтыг 2015 онд босго оноотой болгоход хүүхэд залуус, багш нар, эцэг эхчүүд нийтээрээ анхаарал хандуулдаг болсон. Энэ утгаараа шалгуулагчдын эх зохион найруулах, зөв бичих чадвар жилээс жилд сайжирч байгаа. Шалгуулагчид монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн хэл рүү хөрвүүлэх чадвар сорьсон даалгавар дээр хамгийн ихээр оноо алддагийг тогтоосон.

НЭЭЛТТЭЙ ДААЛГАВРЫН САНД 46 МЯНГА ГАРУЙ ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРУУДЫГ БАЙРШУУЛСАН

-ЭЕШ дөхүүлээд, шалгалтын тест задарсан, задраагүй, зарим сорил нь буруу байсан гээд шуугидаг. Ийм яриа дэгдээгээд, ард нь бизнес хийдэг хүмүүс ч байдаг. Танай байгууллагын зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна?

-Боловсролыг үнэлгээнд нэвтрүүлж байгаа дараагийн гол технологи бол нээлттэй даалгаврын сан юм. Энэ нь ерөнхий боловсролын хичээлийн шалгалтын даалгаврыг itembank.eec.mn веб хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулсан мэдээллийн цахим сан юм. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа хөгждөг. Шалгалтын даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээг ил тод явуулж, боловсролын чанар, үр дүнг дээшлүүлэх, тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны ахиц амжилтыг ахиулах зэрэгт чухал нөлөөтэй байна.

Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэдэг тухай их ярьдаг байсан. Харин тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сорьж, шалгаж чадаж байна уу гэдэг тал дээр илүү анхаарч ярилцаж байвал, түүнийгээ дагаад сургалтын чанар сайжрах юм.

Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг сэдэв задардаг хардлагыг бүрэн арилгаж чадсан гэж ойлгож болно. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр багш нар ажиллаж, санаа бодлоо хэлэлцмээр байгаа юм. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна. Нөгөөтэйгүүр, энэ зөвхөн даалгаврын цахим сан бус, харин өөр олон зорилгоор ашиглах боломжтой юм. Тухайлбал, багшийн ачааллыг багасгах, сурагчдад хичээлийн хөтөлбөрийн дагуух даалгавруудаас өөрийгөө дүгнэн, чадвараа дээшлүүлэн бие даан суралцах болон эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд хяналт тавих боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм.

-“Нээлттэй даалгаврын сан”-д хичээл тус бүрээр бэлтгэсэн шалгалтын сэдэв, даалгаврууд байгаа гэсэн үг үү. Элсэлтийн ерөнхий шалгалтад эндээс даалгавар ирдэг үү. Мөн элсэгч бүр орж танилцах боломжтой юу?

-Одоогоор нээлттэй даалгаврын санд боловсролын түвшин, хичээл тус бүрээр бэлтгэсэн нийт 46 мянга гаруй шалгалтын сэдэв, 16 мянга гаруй даалгавар байршиж байна. Та эдгээр даалгаврыг хүссэн үедээ, хүссэн газраасаа, хэзээ ч орж үзсэн нээлттэй. Мэдээж ямар ч үнэ төлбөргүй.

Мөн хамгийн чухал нь эдгээр даалгавруудаас V, IX, XII ангийн сурагчдын улсын шалгалтын материал ирэх болно. Бид өмнөх онд анх удаа улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгуулсан. Улсын шалгалтад нээлттэй даалгаврын сангаас даалгаврыг оруулснаар шалгалтын материалыг тэр дор нь боловсруулах, урьд өмнө тохиолдож байсан шалгалтын материал задрах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадаж байгаа юм.

ЭЛСЭГЧДЭД ЮУ ЗӨВЛӨХ ВЭ?

- Энэ жилийн ЭЕШ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх болвол хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- Манай ЭЕШ зохион байгуулах журамд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалт өгөхөөр болвол бүртгэлийн хугацаанд БҮТ-д эмчийн магадлагааны бичиг, өргөдлийг ирүүлэх ёстой. Бид иргэний хүсэлт, эмчийн магадлагаанд үндэслэн шалгалтын материал, анги танхим, техник хэрэгслээ бэлдэх юм. Өнгөрсөн жил 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч 100 орчим шалгалт өгөхөөр бүртгүүлж БҮТ-д хандсан.

-Ярилцлагынхаа төгсгөлд та элсэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-ЭЕШ-ын бүртгэл дуусахад, мөн шалгалт эхлэхэд бага хугацаа үлдлээ. Элсэн суралцах сургууль, эзэмших мэргэжлээ сайтар судалж, хичээл сонголтоо зөв хийгээсэй. Элсэгчид маань үлдэж байгаа хугацаандаа илүү их, эрчимтэй бэлдээсэй гэж хүсч байна. Хэн илүү хичээнэ, хэн илүү хөдөлмөрлөнө, түүнийг амжилт хүлээж байдаг. Өөртөө л найд, өөртөө л итгэ гэдгийг дахин дахин хэлэх байна. Та бүхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.140.224)