М.Ариунжаргал: 2019 онд "Оюутны хөгжлийн зээл"-д 11000 оюутан хамруулна

Б.Энхтуул

Их, дээд сургуульд суралцах хүсэлтэй ч сургалтын төлбөрийн асуудлаас болоод сурч чаддаггүй, жил алддаг хүүхэд олон байдаг. Тэгвэл одоо оюутнууд улсаас хүүгүй зээл аваад, төгссөн хойноо ажиллаад төлөх боломжтой болжээ. “Оюутны хөгжлийн зээл” буюу сургалтын төлбөрийн зээлийг шинэчлэгдсэн журмаар хэнд, хэрхэн олгож байгаа талаар БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргалтай ярилцлаа.

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ИЙГ ХЭН АВАХ ВЭ?

-Боловсролын салбарт шүүмжлэх зүйл цөөнгүй байдаг ч төр засгаас бодлогоор хэрэгжүүлж буй талархууштай ажил олон байна. Үүний нэг нь улсаас олгож буй оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, буцалтгүй тусламжууд юм. Нөгөөтэйгүүр, хуучин бидний “Сургалтын төрийн сан” гэж хэлж заншсан, танил болсон нэршил өөрчлөгдөөд “Боловсролын зээлийн сан” болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тиймээс танай байгууллагын товчхон танилцуулгаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. “Education Guide” сэтгүүлийн уншигч олонд, их, дээд сургуулийн оюутан залуус, шинэхэн элсэгчиддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Манай байгууллага 1993 оноос “Сургалтын төрийн сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өөрчлөгдөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын зээлийн сангийн хувьд, одоогоор үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

Нэгдүгээрт, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн суралцагч гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож байна. Хоёрдугаарт, гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагчид амьжиргааны тэтгэлэг олгох ажлыг хийж байна. Гуравдугаарт, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн буюу оюутны хөгжлийн зээлийг олгож байна.

-Өнгөрсөн онд “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт орсон. Журамд орсон гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Журамд өөрчлөлт орохоос өмнө оюутнууд маань банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан. Харин 2018 оноос эхэлж хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр “Боловсролын зээлийн сан”-гаас санхүүжилтийг нь шууд олгож, диплом авсан өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн дотор эргэн төлөхөөр болсон. Энэ бол төр, засгаас олгож буй бодит том хөрөнгө оруулалт, маш том боломж юм.

ЭЕШ-Д 600 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ

Нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд, ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно. Хичээлийн жилийн улирал бүр голч дүнгийн шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд суралцах хугацааны бүхий л төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-ээр төлөх боломжтой.

-Тухайлбал, сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй шалгуур үзүүлэлт буюу сурлагын голч дүн, судалсан хичээлийн байдал, даатгалд хамрагдсан талаарх зарим мэдээллүүдийг илүү тодотгож, тайлбарлаж өгөөч?

-Жишээ нь, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийн эргэн төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой болсон. Мөн зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, алба байгууллага нь татан буугдсан, орон тооны цомхотголоор халагдсан зэргээс үүдэх зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор оюутны хөгжлийн зээлийг даатгалд хамруулсан байгаа.

Зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй гол шаардлага нь өмнөх семестрийн голч дүн бакалаврын хөтөлбөрийн оюутны хувьд 2.8 ба түүнээс дээш, магистр, докторын хөтөлбөрийн оюутны хувьд 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх ёстой.

-Би өмнө нь энэ журамтай танилцаж байсан. Оюутны хөгжлийн зээл буюу сургалтын төлбөрийн зээл нь анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа иргэнд хамаарна гэж заасан байдаг. Мөн журамд өмнөх улирлын голч дүн 2-2.8 байх ёстой гэж зааснаас үзэхэд оюутны хөгжлийн зээл их, дээд сургуульд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудад олдохгүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлээд байдаг. Оюутнууд хэддүгээр дамжаанаас эхлэн энэ зээлд хамрагдах боломжтой вэ?

-Их, дээд сургуульд бакалаврын түвшинд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд, ЭЕШын дундаж оноо 600 болон түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно. Хичээлийн жилийн улирал бүр голч дүнгийн шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд суралцах хугацааны бүхий л төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-ээр төлөх боломжтой.

“ӨНГӨРСӨН ОНД 9231 ОЮУТАНД 13.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН”

-Зээл авах оюутнууд заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцсан байх ёстой юу? Мөн их, дээд сургуулийн хувьд зээл олгох оюутны сонгон шалгаруулалтад онцгойлон харж байгаа шалгуур үзүүлэлтүүд юу байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байх гэх мэт тодорхой заалтуудаас хэлж өгөөч?

-Зээлд хамрагдах оюутан маань заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг оюутан байх ёстой. Дээрээс нь тухайн сургуулийн сонгон шалгаруулах комисс нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутныг зээлд тэргүүн ээлжинд хамруулах чиглэл баримталдаг. Харин зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохдоо таны хэлсэнчлэн тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлийг харгалзан үздэг. Мөн төгсөгчдийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг бас харгалзан үздэг.

-Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд “Оюутны хөгжлийн зээл”-ийг нийт хэдэн оюутанд олгоод байгаа вэ. Өнгөрсөн жилийн зээл олголтын байдлыг сонирхвол ямар тоон мэдээлэлтэй байгаа бол?

-2018 онд “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

-Багагүй тоо сонсогдож байна. Олон оюутанд эрдэм номын мөр хөөх боломж олгосон байх. Ер нь хот, хөдөөгийн эцэг, эхчүүд зээл олголтын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Тиймээс зээл авах хүсэлтэй оюутнуудад өргөдөл, хүсэлтээ хаана өгөх, ямар бичиг баримт бүрдүүлж хаана хэнд хандах талаар мэдээлэл өгөөч?

-Их, дээд сургуулиудад зээл олгох хяналтын тоог жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө БСШУС сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог. Хяналтын тоо батлагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор “Боловсролын зээл сан” нь их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээг байгуулдаг. Гэрээ байгуулсны дараа оюутнууд сургуулийнхаа Сургалтын албанд зээл авах хүсэлтээ гаргана.

Оюутны хөгжлийн зээл нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн дотоодын буюу Монгол Улсын их, дээд сургуулиудын суралцагчид зээл олгодог. Тиймээс “2+2” буюу оюутан солилцооны хөтөлбөрөөр сурах оюутнууд Монголдоо суралцах хугацаандаа оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.

-Бичиг баримтын хувьд?

-Зээлийн хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Үүнд:

• Иргэний үнэмлэхийн хуулбар

• Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл 

• ЭЕШ-ын онооны хуулбар

• Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа бол дипломын хуулбар

• Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

• Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь

• Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт

• Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ зэргийг бүрдүүлсэн байх ёстой.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ “МОНГОЛБАНК”-НД БҮРТГЭГДДЭГ

-Сургууль тус бүрийн сургалтын төлбөр өөр байдаг. Зээлийн хэмжээг их, дээд сургууль, коллежийн оюутанд хэрхэн яаж тусгаж өгдөг юм бол. Сургалтын төлбөрийн зээлийг бүтнээр нь 100 хувь олгодог уу?

-Тийм ээ 100 хувь олгож байгаа. Оюутны тухайн улиралд сонгосон багц цаг буюу кредитийн төлбөрийг бүтнээр нь олгодог.

-Зээл авсан иргэнд хариуцлагын асуудал чухлаар яригддаг. Манайханд, “Зээл тусламж авах болохоор хугацаанд нь өгнө гэж ярьчихаар төлөх, өгөх болохоор хойшоо суудаг” гэсэн шүүмжлэл байдаг. Эргэн төлөлтийн асуудлыг журамд яаж тусгаж өгсөн байдаг вэ?

-Мэдээж, эргэн төлөлтийн асуудал маш чухал. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д “Оюутны хөгжлийн зээл”-ийн эргэн төлөлтийн тухай тодорхой тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, тухайн зээлдэгч сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарын дагуу төлөхөөр, их, дээд сургуулиуд нь зээлийн үнийн дүнгийн 5 хувийг зээлийн эрсдэлийн санд байршуулахаар зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Мөн оюутны хөгжлийн зээлийг авсан үеэс эхэлж Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл тухай бүр бүртгэгддэг.

ШИЛЖИН СУРАЛЦАХ ТОХИОЛДОЛД ЗЭЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ УУ?

-Боловсролын зээлийн сангаас зээлд хамрагдсан оюутнуудыг их, дээд сургуулиа төгсөхөд нь ажлын байранд зуучилна гэсэн байсан?

-Их, дээд сургуулиуд нь “Зээлийн эрсдэлийн сан”-гаас тухайн оюутан зээлийг бүрэн төлсөн тохиолдолд сургалтын төлбөрийн 5 хувийг буцаан авах эрхтэй. Ийм ч учраас их, дээд сургууль нь оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутныг ажлын байр олоход дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт журамд туссан байдаг. Энэ нь их, дээд сургуулиуд болон ажил олгогчдын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чухал зохицуулалтуудын нэг л дээ.

-Их, дээд сургуулиуд оюутан солилцооны хөтөлбөрүүд их хэрэгжүүлдэг болсон. Мөн зарим оюутан II курсээс эхлэн гадны сургуульд шилжин суралцах, эсвэл дотооддоо сургуулиа сольж, шилжих явдал байдаг. Энэ тохиолдолд зээлийн гэрээг хаах эсвэл үргэлжлүүлэх ямар заалтууд байгаа вэ?

-Оюутны хөгжлийн зээл нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн дотоодын буюу Монгол Улсын их, дээд сургуулиудын суралцагчид зээл олгодог. Тиймээс “2+2” буюу оюутан солилцооны хөтөлбөрөөр сурах оюутнууд Монголдоо суралцах хугацаандаа оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой. Харин гадаад улсад суралцах тохиолдолд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжгүй. Зээлд хамрагдсан оюутан нь дотоодын их, дээд сургуулиудад сонгосон мэргэжлийн дагуу курс давхардахгүй сургууль хооронд шилжих боломжтой.

-Хариуцлага тооцох механизмын хувьд, төгсөгчдөд анхааруулж хэлэх зүйл юу байна. Зээлийн эргэн төлөлт сандаа төвлөрч чадаж байна уу. Гадаадад зээлээр суралцсан оюутнууд Монголдоо ирж ажилладаггүй, дотоодод их, дээд сургууль төгссөн оюутнууд ажлын байрны шаардлага хангах гээд олон асуудал байдаг. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байгаа вэ?

-Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаад оронд суралцсан маш олон иргэд салбартаа үр бүтээлтэй ажиллаж улс орны хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Гадаад оронд суралцсан иргэд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Тиймээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийг төлөх ёстой бөгөөд энэ асуудал дээр манай байгууллага шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Харин дотоодын их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр төгссөн иргэдийн хувьд диплом хуулбарлан олгох үйл ажиллагааг зогсоосноор зээлийн эргэн төлөлт нэмэгдэж байгаа. Оюутны хөгжлийн зээлийг эргэн төлүүлэх хүрээнд их, дээд сургууль, Монголбанк, даатгалын байгууллагатай хамтран зээлдэгчийн хариуцлагыг сайжруулахаар ажиллаж байна.

“ӨНГӨРСӨН ОНД 5600 ГАРУЙ ОЮУТАН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИД ХАМРАГДСАН”

-Өмнө нь сургалтын төрийн сангаас бакалаврын түвшинд суралцаж буй бүтэн болон хагас өнчин суралцагч, эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагчид буцалтгүй тусламж олгодог байсан. Мөн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсан. Үүнийг одоо олгож байгаа хэвээрээ юу?

-Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч болон нэг өрхийн гурван оюутан бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжүүлж байна. Харин төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг олгох хуулийн заалт хүчингүй болсон учраас олгохгүй байгаа. 

-Ер нь жилд хичнээн оюутан зээл болон буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа вэ?

-2018 оны хувьд давхардсан тоогоор 5600 гаруй оюутан буцалтгүй тусламжид хамрагдсан. Зээлийн хувьд дотоодын их, дээд сургуулийн 9231 гаруй оюутан сургалтын төлбөрийн зээл авсан байна.

“2019 ОНД “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-Д 33 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН”

-Энэ жил зээлийн төсөвт хэдэн төгрөг суусан бэ?

-2019 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Ойролцоогоор 11000 оюутан хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Өмнө нь олгогдож байсан хөнгөлөлттэй зээлийн тухайд дуулгах мэдээлэл юу байна вэ. Жишээ нь, мэргэжлээрээ ажилласан жилийг нь харгалзаад, зээлээс чөлөөлөх, дипломыг нь эргэн олгож байгаа гэж байсан?

-1993-2016 он хүртэл олгогдож байсан хөнгөлөлттэй зээлийн тухайд бол, тухайн суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 10 жилийн дотор бүрэн төлж барагдуулна. Ингэхдээ эхний зургаан жилийн дотор хүүгүй, долоо дахь жилээс эхлэн арилжааны банкны жилийн дундаж хүүгээс 0.5-аар илүү хүүтэйгээр дөрвөн жилийн дотор зээл, хүүгийн хамт төлнө.

Мөн суралцагч сургууль төгсөөд холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ нийслэл хотод найман жил, аймгийн төвд таван жил, суманд хоёр жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хөнгөлөлттэй зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлж болно. Ер нь бол хөнгөлөлттэй зээл авсан оюутнуудын диплом барьцаалагдсан байдаг. Бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай дипломыг эх хувь шаардах, хамтран ажиллах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

-Гадаадад суралцагчдыг зээлээс чөлөөлж байгаа юу?

-1997 оноос олгож эхэлсэн гадаадад суралцагчдад олгодог зээлийн эргэн төлөлтийн тухайд гэвэл, 2012 оноос өмнө дотоод, гадаадад суралцагчдад олгосон зээлийг Засгийн газрын тогтоолоор чөлөөлж байсан бол 2013 оноос Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар гадаадад суралцагчдын зээлийн гэрээний биелэлтийг тооцож чөлөөлж байна.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.143.149)