Ч.Ундрам: МУИС Сургалтын орчноо дэлхийн түвшинд хүргэнэ

Б.Энхтуул

“Education Guide” сэтгүүл Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, улс эх орныхоо бүхий л салбарт хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлтгэж, боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлийн суурийг тавьсан “Шилдэг сургууль”-иудыг энд нэгтгэж байгаа билээ. Энэ удаа бид сэтгүүлийнхээ “Дугаарын зочин”-оор улсын тэргүүлэгч сургууль, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамыг урьж, ярилцсан юм.

МУИС БОЛ ОЮУНЫ МАНЛАЙЛАГЧ СУРГУУЛЬ

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархлаа илэрхийлье. Доктор Л.Түдэв гуай “Мэдээлэл бол хөгжихөд хэрэг болох шинэ зууны гол түлхүүр” гэж хэлсэн байдаг. Тиймээс боловсрол, мэдлэгийг эрхэмлэгч хэн бүхэнд хэрэг болох мэдээллээр дүүрэн олон сэдвээр ярилцах гэж байгаадаа баяртай байна?

-Баярлалаа. Манай боловсролын салбарынхан жилийн аль ч улиралд амрах завгүй ажиллаж байдаг хүмүүс. Тийм болохоор хаврын урь орсон энэ өдрүүдэд, ярилцлагынхаа эхэнд Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтнууд, оюутан, сурагч нартаа хаврын шалгалт, элсэлт төгсөлт гээд бүх зүйлд нь сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

-Дэлхийн бүх шатны боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл эрчимтэй явагдаж байна. Энэ өөрчлөлтөд их сургуулиуд хамгийн чухал үүрэгтэй оролцож байна. МУИС-ийн хувьд, дээд боловсролыг чанаржуулах, бодлого, агуулга, арга технологио сайжруулах, үнэлгээгээ шинэчилж, үр дүнгээ харах гээд олон чухал ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа байх?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхлэхтэй уялдуулаад боловсролын салбар ч бас бүх үе шатандаа шинэчлэл, сайжруулалт хийх шаардлагатай тулгараад байна. Боловсролын салбарт хамгийн чухал зүйл бол хөтөлбөр, түүнийг зохиож бас хэрэгжүүлж, үнэлж сайжруулах ажлыг гүйцэтгэдэг багш нарын чанарын асуудал байдаг. Хөтөлбөрийг сайжруулаад хэрэгжүүлэхэд үр дүн нь урт хугацааны дараа гардаг. Жишээ нь, Ерөнхий боловсролын сургуульд шинэ хөтөлбөр хэрэгжээд эхний үр дүн нь 12 жилийн дараа уг хөтөлбөрөөр суралцаж дууссантөгсөгчдийн мэдлэг, ур чадвар, дадал, хүмүүжлийн төвшингөөс харагдана. Үүнтэй адил их сургуулиудын хувьд 4-5 жилийн дараагаас үр дүн харагдаж эхэлдэг. Бид дөрвөн жилийн өмнө хөтөлбөрийн шинэчлэл хийж, либерал урлагийн уламжлалд суурилсан боловсролын системтэй болоод өнгөрсөн жил анхны төгсөлтөө хийсэн. Төгсөлтийн шалгалтын үеэр зарим тэнхимийн шалгалтын комиссоос ажиглагдсан өөрчлөлтийг асуухад оюутнуудын мэдлэг, чадвар мэдэгдэхүйц, жигд сайжирсан байгаад сэтгэл хангалуун байна гэсэн хариу өгсөн. Бид төгсөгчдийн ажлын байр, ажил эрхлэлтийн болон ажил олгогчдоос судалгаа авч шинэ хөтөлбөртөө дүгнэлт хийж, цаашид сайжруулах асуудлуудаа ярилцаад явж байна.

-Таны бодлоор Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэл хэр үр дүнтэй урагшилж байна вэ. Бид илүү хурдацтай, ахицтай алхахын тулд юу хийх ёстой вэ?

-Дээд боловсрол ярихын тулд хамгийн түрүүнд заавал суурь боловсрол ярих шаардлагатай л даа. Жишээ нь, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар сайн байвал сайн суурь мэдлэг, чадвар, дадал, хүмүүжилтэй хүүхдүүд дээд боловсролын байгууллагад орж ирнэ. Мөн дээд боловсролын байгууллагууд шаардлага хангасан мэдлэг, чадвар, дадал, хүмүүжил олгох чадвартай байх ёстой. Манайд маш олон тооны их, дээд сургуулиуд байгаагаас зарим нь огт чанарын шаардлага хангахгүй байна. Эдгээр сургуулиудын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэгч багш, сургалтын орчин зэрэгт бодлогоор хяналт тавих ёстой. Боловсролын асуудал хариуцсан яамнаас бодлогоор чанарын стандарт тавьж хэрэгжилтэнд нь хяналт тавиасай гэж боддог.

-“Чанарын стандарт” гэдэг зүйлтэй олон хүн санал нийлэх байх. Засгийн газраас чанартай сургуулиудаа бодлогоор дэмжээд, чанаргүй сургуулиудын тоог цөөлөх бодлого баримталж байна. Энэ хүрээнд, Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгтгэнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Боловсролын салбарт баримталж буй энэ бодлогод МУИС мэдээж, голлох үүрэгтэй оролцож байгаа байх?

-Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага, улс орны маань өнөөгийн хөгжлийн шаардлага дэлхийн түвшинд хүрэх, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог эх орондоо бий болгохыг шаардаж байна. Тэр утгаараа бид Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болно гээд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд нэгдэнэ хэмээн тусгасан чиг үүргийн дагуу тодорхой зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд маш олон ажлыг төлөвлөөд ажиллаж байгаа. Тухайлбал, стратегийн төлөвлөгөөгөө 2016 онд батлаад судалгаа, сургалт, нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа болон байгууллагын менежментийн гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны орчныг сайжруулах, багш нарын судалгааны ажлыг дэмжих, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, шилдэг оюутнуудыг элсүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарын асуудлыг анхаарах, бодлогын судалгааг дэмжих, оюутны үйлчилгээг сайжруулах, улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, ISO 9001 стандарт нэвтрүүлэх гээд олон чухал ажил эхлүүлээд, хэрэгжүүлээд явж байна.

БИД 20 МЯНГАН ОЮУТАНТАЙ ТОМ АЙЛ

-МУИС манай улсын хамгийн том бүтэцтэй, ууган сургуулиудын нэг. Тиймээс ярианыхаа дундуур “МУИС-ийн товчхон танилцуулга”-ыг авъя. Та их, дээд сургуулийн босго алхаж буй элсэгчдэд сургуулиа товчхон танилцуулаач. Өнөөдөр МУИС хэдэн багш, оюутантай, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-МУИС нь Монгол Улсын ууган их сургууль, шинжлэх ухааны суурь салбаруудыг хамарсан сургалт, судалгааны томоохон төв юм. Энэ жил бид 76 дахь хичээлийн жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. МУИС-ийг сонгон суралцах гэж буй шинэхэн элсэгчдэдээ дуулгахад, манайх 1000 орчим багштай, 600 ажилтантай, 20 мянган оюутантай том айл болон өргөжин хөгжиж байна. Улаанбаатар хотод таван бүрэлдэхүүн сургуультай. Орхон, Завхан аймагт хоёр салбар сургуультай үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн нэг ахлах сургууль, 45 тэнхим, хоёр заах аргын нэгдэл, дөрвөн хүрээлэн, 14 төв, судалгааны 30 лаборатори, сургалтын 61 лабораторитой болж, сургалтын үйл ажиллагаа маань жил ирэх тусам улам бүр чанаржиж байна. -Өнөөгийн залуучуудын дийлэнх нь боловсрол, мэдлэгтэй болох гээд их, дээд сургуулиуд руу хошуурч байгаа нь сайн хэрэг. Гэвч чанарын хувьд байдал тийм ч сайнгүй байна гэдгийг та түрүүнд яриандаа дурдсан. Бид боловсролын тогтолцоогоо өөрчилье, чанартай “бүтээгдэхүүн үйлдвэрлэе” гэж олон жил ярьж байна.

-МУИС-д чанарын шинэчлэл, бодлогын шинэчлэл хэр хийгдэж байна. Шинэ үеийн боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

-Бид 2014 онд хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ нийгэмд ямар хүн бэлдэх ёстой вэ гэсэн үүрэг хариуцлагаа тодорхойлохоос эхэлсэн. Олон ургалч үзэлтэй, бүтээлч, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хөтөлбөрийн бүтэц, агуулгадаа томоохон өөрчлөлтийг хийж, либерал арт уламжлалд суурилсан боловсрол олгох болсон.

Үүнтэйгээ уялдуулаад элсэлтийн бодлогоо ч өөрчилсөн. Өнөөдөр бид хөтөлбөрүүдээ улам сайжруулж чанаржуулах ажлыг Хөтөлбөр, чанарын хэлтэс, Багшийн хөгжил, Цахим сургалтын төв зэрэг нэгжүүд болон бусад үйл ажиллагаагаараа дэмжээд явж байна. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд, манай программ хангамж, мэдээллийн технологи, химийн хөтөлбөрүүд ХБНГУ-ын ASIIN байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Бид энэ мэтчилэн тэнхим болгон сургалт, судалгааны чанартаа анхаарч дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдэж байгаа. Олон улсын төсөл хөтөлбөрүүдээр сургалтын орчин нөхцөлийг сайжруулж байна. Хамгийн сайшаалтай нь, зарим сургууль өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлаад томоохон бүтээн байгуулалтын ажлыг зоригтой эхлээд явж байна. МУИСийн хувьд, кампусын зарчмаар хөгжих зорилготой хийж буй томоохон ажлууд бий. Үүнээсээ сорчлоод дурдаач?

-Хоёр жилийн өмнө МУИСийн Номын сангийн шинэ барилга ашиглалтад орсныг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ жилээс бид хичээлийн 4, 6 дугаар байруудаа буулгаж, шинэ барилга барина. Мөн хичээлийн хоёрдугаар байрны ар талын талбайд багш, оюутны үйлчилгээний төв барих гэж байна. Бидний хувьд МУИС-ийн багш, үе үеийн удирдлагууд болон санхүүгийн баг бүрэлдэхүүний хүчин чармайлтаар сургалтын орчноо ингэж сайжруулаад явж байгаадаа бахархаж байна.

МУИС ГАДААДЫН 240 ГАРУЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

-Дээд боловсролын байгууллагуудын чансааг илтгэдэг бас нэгэн шалгуур бол гадаад харилцаа байдаг. МУИС-ийг гадаадын 200 гаруй их сургуультай хамтарч ажилладаг гэж сонссон. Хамгийн ойр дотно хамтарч ажилладаг ямар сургуулиуд байна. Мөн гадны доктор профессор, зочин багш нар хэр ирж ажиллаж байна вэ?

-МУИС-ийг анх үүсгэн байгуулж байхад, ОХУ-аас эрдэмтэд ирж тусалж дэмжин хичээл орж байсан учраас бид одоог хүртэл Москвагийн улсын их сургуультай маш сайн хамтын ажиллагаатай байдаг. Түүнчлэн ХБНГУ-ын Халле Виттенбергийн Мартин Лютер их сургуультай хамтын ажиллагааны 50 жилийн ойгоо хоёр жилийн өмнө хийсэн. Энэ сургуультай манай биологийн салбар хамгийн ойр ажиллаж, Монголд минж нутагшуулах төслөөс эхлээд олон судалгаа, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хичээлийн жилд л гэхэд хоёр багш маань докторын дараах сургалтад тус сургууль руу явсан.

Мөн БНХАУ, Япон, Солонгосын их сургуулиудтай их ойр ажилладаг. Ер нь бол МУИС 32 орны 240 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажиллаж байна. Профессорууд маань ч гэсэн мэргэжил нэгтэй гадаад профессоруудаараа дамжуулан гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнтэй холбогдож сургалт, судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал, бүтээл хамтран хэрэгжүүлдэг.

-МУИС дээр зохион байгууллагддаг олон төрлийн лекц, илтгэлүүдийг харж байхад гадны зочин багш нар их ирдэг. Нобелийн шагналтнууд хүртэл ирж лекц уншиж байсан санагдаж байна?

-Баярлалаа, сайхан асуулт байна. Манай сургууль хэд хэдэн Нобелийн шагналтай эрдэмтдийг урьж илтгэл тавиулж байсан түүхтэй шүү дээ. Бид үүгээрээ их бахархдаг. Энэ бол манай сургуулийн чанар чансааг илтгэж буй хэрэг юм. Жишээ нь, манай сургуулд 2005 онд Эдийн засагч, профессор Роберт Мундел, 2011 онд физикч Клаус Вон Клицинг, 2012 онд мөн физикч Тошихидэ Масакава, химич Юан Ли нар ирж байсан. 2019 онд буюу тун удахгүй бид Харвардын Бизнесийн сургуулийн Стратегийн газрын профессор Хиротака Такэүчийг тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчлахыг уриад байгаа. Профессор Хиротака Такэүчи нь Мэдлэгийн менежмент, стратегийн асуудлаар дэлхий дахинд танигдсан, Харвардын Бизнесийн Сургуульд профессор Майкл Портерийн хамт өрсөлдөх чадварын микро эдийн засаг хичээлийг докторантуудад зориулан хамтран хөтлөн явуулж байгаа нэр хүндтэй профессор юм. Ийм нэр хүндтэй хүн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирэхээр болсонд баяртай байгаа.

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-Д МУИС ХАМГИЙН ӨНДӨР КВОТТОЙ

-Дэлхийд нэртэй ховор хүн ирэх нь дээ. Ер нь бол боловсролын салбарын хөгжлийг урагш хөтөлдөг хүн бол багш. Бид чанарын ахиц гаргахын тулд багшаа сайн хөгжүүлэх, дэмжих, урамшуулах ёстой юм шиг ээ?

-Тэгэлгүй яахав. Сайн багшаас сайн шавь төрдөг гэдэг шүү дээ. Тийм болохоор МУИС стратегийн төлөвлөгөөнийхөө зорилтын хүрээнд Багшийн хөгжлийн төвийг 2016 онд байгуулаад багш нарт заах арга зүй, дидактикийн болон бусад шаардлагатай сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг болсон. Мөн Багшийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хичээлийн жилээс эхлэн энэ хөтөлбөрийнхөө дагуу багш нараа дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2014 оноос багш, ажилчдыг дэмжих зардлыг төсөвт суулгаж жил бүр багш нарын хөгжлийг дэмжихэд тэнхимийн саналын дагуу зарцуулж байгаа.

-Оюутны хөгжлийг хэр дэмжиж байна?

-Оюутны хөгжлийг дэмжих тал дээр бид академик үйл ажиллагаанаас гадна тэнхим, “Элсэлт, бүртгэлийн хэлтэс”, “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ээрээ дамжуулан Оюутны холбоо болон бусад холбогдох байгууллагуудтайгаа хамтраад олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Хөтөлбөр таниулах өдөрлөг, чиглүүлэх сургалт, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, сургалт, олны танил амжилттай ажиллаж яваа мэргэжилтнүүдийн илтгэл, ярилцлага гээд хичээлийн жилийн турш оюутны холбоотойгоо хамтраад олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Мөн оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд томоохон аж үйлдвэр, компани, байгууллагуудад III, IV түвшний оюутнуудаа зочлуулан ажил олгогч болон ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээтэй танилцуулах, ажлын байртай болох, практик дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулж, хэрхэн CV-гээ бичих вэ, ажилд орох ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ гэсэн сургалтуудад хамруулдаг. Мөн оюутан залуусынхаа санаачлагаар оюутны клубүүдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, старт-ап бизнес санааг дэмжих зорилгоор “МУИС ХАКАТОН-2018” уралдааныг зохион байгуулж, шалгарсан зургаан төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Энэ мэтчилэн манай баг хамт олон багш, оюутан руу чиглэсэн шинэлэг, санаачилгатай ажлуудыг хийж хэрэгжүүлж, хичээн ажиллаж байна даа.

-МУИС-ийн бас нэг том зорилго бол судалгааны их сургууль болох. Тиймээс судлаач багш нарт тэтгэлэг олгох, гарааны компани байгуулах, багш нарынхаа мэдлэгийг баялаг болгох гээд дуулгах мэдээлэл цөөнгүй байгаа байх. Яагаад үүнийг сонирхож байна гэхээр сүүлийн үед МУИСаар овоглосон эрдэмтдийн бүтээл гадуур их харагддаг болсон байна билээ. Энэ бол бас том ололт юм?

-МУИС бол оюуны манлайлагч сургууль. Бид судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж байгаа учраас энэ чиглэлээр багш нарыгаа дэмжих бодлого олныг хэрэгжүүлж байна. Үүний дагуу Web of Science”-д бүртгэлтэй бүтээлийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг болоод хэдэн жил болж байна.

Судалгаа тогтмол хийдэг тэргүүлэх судлаачийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зочин судлаачийн грант, өндөр түвшний төсөл, залуу судлаачийг дэмжих болон профессор, дэд профессорын суурь зардлыг өөрсдийнхөө дотоодын санхүүжилтээр олгодог. Мөн докторын дараах судлаачийн грант 2019 оноос олгохоор төлөвлөж, төсөвлөөд ажиллаж байна. Номын сангийн шинэ байранд маань 20 гаруй лабораториуд байрлан судалгаа хийж байгаа. Одоогийн байдлаар нийт 46 судалгааны лаборатори ажилладаг. Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд үндэсний болоод гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.9 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй судалгааны ажлыг манай эрдэмтэн багш нар хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн 88 хувь нь гадаадын санхүүжилттэй. 2018 оны байдлаар МУИС-ийн нэр дээр нийт 20 патент, 14 барааны тэмдэг, хоёр ашигтай загвар бүртгэгдсэн байгаа.

Мөн гарааны компаниуд 2017 оноос байгуулагдаж эхэлсэн. Одоогоор нийт 10 компани бий. Эрдэмтэн багш нар маань эхнээсээ шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж байна. Энд онцлон дурдахад, манай Ж.Батхүү профессорын батганы эсрэг тос худалдаанд гарсан байгаа. Монгол хүний батганы үүсгүүрийг судалж, түүнд тохирох тос гарган аваад бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн. МУИС-ийн брэнд дэлгүүрт ч бас зарагдаж байгаа.

-Гадаад, дотоодын аль ч сургуулиас багш, оюутнуудын сонирхож, судалдаг мэдээлэл бол тэтгэлэгт хөтөлбөрүүд, мэргэжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд, багш оюутан солилцооны хөтөлбөр байдаг. Тиймээс МУИС шинэ элсэгчдэд, амжилттай суралцсан оюутанд, өөрийгөө хөгжүүлж буй багш нарт ямар боломж олгож байгааг асууя?

-Манай сургуулийн багш, оюутнуудаа дэмждэг бас нэг чиглэл бол тэтгэлэг, солилцооны хөтөлбөрүүд юм. Бид жилд ойролцоогоор 300 орчим оюутанд өөрийн болон гадаад, дотоодын байгууллага, сангийн тэтгэлэг олгодог. Байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг бодлогоор дэмжин тэтгэлэг өгч байгаа. Мөн олимпиадад түрүүлсэн, ЭЕШ-д тодорхой хэмжээнээс дээш оноотой оюутан МУИС-д тодорхой хөтөлбөрүүдэд элсвэл тэтгэлэг авна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, МУИС-ийн шинэ элсэгчийн тэтгэлэг, Докторантурт суралцаж байгаа МУИС-ийн багшийн тэтгэлэг, Япон улсын “Мицубиши UFJ” корпорацийн нэрэмжит тэтгэлэг, Поско сангийн тэтгэлэг, Намъянжу боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг гэх зэрэг олон тэтгэлэг байгаа. Тэтгэлэг олгохдоо тодорхой шалгуур, шаардлагуудыг бусад орны жишгээр тавьдаг.

Мөн Оюутны хөгжлийн зээлд МУИС хамгийн өндөр квоттой буюу 3000 гаруй оюутанд сургалтын зээл Сургалтын төрийн сангаас өгөхөөр төлөвлөсөн. Энэ бол хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй маш зөөлөн нөхцөлтэй зээл учраас оюутнуудад том дэмжлэг болж байгаа Засгийн газрын бодлого юм.

Бид хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, бүрэн тэтгэлэгт хөтөлбөр, богино хугацааны зуны сургалтад оюутнуудаа хамруулдаг. Үүнээс гадна хотын болон орон нутгийн сургууль хоорондын солилцоог зохион байгуулж Завхан, Эрдэнэт салбар сургуулийн оюутнуудыг хотод байгаа бүрэлдэхүүн сургуульдаа тодорхой хугацаагаар сургасан. Багшийн хувьд гадаадад мэргэжил дээшлүүлэх, зочин судлаач, багшаар ажиллах, докторын дараах сургалтын программд хамрагдах, гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт хангалттай боломж дэмжлэг олгогдож байгаа.

МУИС-Д СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ, ШУУД ЭЛСЭХ ОЛОН БОЛОМЖ БИЙ

-Ярилцлагынхаа төгсгөлд элсэгчдэд зориулсан мэдээллүүдийг илүүтэй сонирхож асууя. 2019 онд ЭЕШ өгөх элсэгчдийн тоо 18000 орчим буюу нэлээд буурсан үзүүлэлттэй явж байгаа. МУИС-ийг оюутан элсүүлэх журмаа шинэчлээд баталсан гэж сонссон?

-МУИС-ийн 2019 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам саяхан батлагдсан. Бид тооноос илүү чанарт анхаардаг тул тавьдаг шаардлагуудаа тавиад орон даяр элсэлтийн цахим системээрээ буюу https://burtgel.num.edu хаягаар элсэлтээ авна. Элсэлтийн журамтай дээрх цахим хуудас руу ороод танилцаж болох бөгөөд бүрэлдэхүүн, салбар сургуулиудад элсэх шалгалтуудыг хавсралт хэсгээс нь харж болно. Бид сүүлийн хоёр жилийн дотор БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож I, III байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож тодорхой нөхцөлийг хангасан төгсөгчдийг тухайн чиглэлээр нь шууд элсүүлнэ.

Энэ жилийн бас нэг онцлог бол Кэмбрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B)-ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг багц цаг бүрд шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жагсаан эхний гурван байр эзэлсэн бол шууд элсүүлнэ. Мөн спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс таван бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж, Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд шууд элсүүлнэ.

-МУИС элсэгчдээ хэдийд бүртгэх вэ. Элсэгчдэд дуулгах урамшуулал, тэтгэлэгт хөтөлбөр гээд нэмэлт мэдээллүүд юу байна?

-Манай сургуулийн элсэлтийн бүртгэл 2019 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт нээгдэж, зургадугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт хаана. Бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламжтай, эсвэл 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн байх ёстой. Сургалтын тэтгэлгийн хувьд бид төрөл бүрийн сургалтын тэтгэлэг олгож байгаа.

Үүнд суурь шалгалтад тооцуулсан Элсэлтийн ерөнхий шалгалт нь 750-аас дээш оноотой Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд элссэн эхний 25 элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө.

БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож, I, III байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Улсын олимпиадад оролцсон элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг I байрт шалгарсан бол 100 хувь, II байрт шалгарсан бол 75 хувь, III байрт шалгарсан бол 50 хувь тус тус хөнгөлнө.

-Энэ жил элсэгчдийн тоо буурч байгаатай холбогдуулан элсэлтийн босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлтийг оруулах асуудлуудыг салбарын яамнаас тодотгож байсан. МУИС-ийн оюутан элсүүлэх хяналтын тоо батлагдсан уу?

-Хяналтын тоо одоогоор батлагдаагүй байгаа ч бидний төлөвлөж байгаагаар 2500 орчим оюутан элсүүлэх төлөвтэй байгаа. Удахгүй МУИС-ийн Удирдах зөвлөлөөр хяналтын тоо батлагдана. Элсэлтийн босго онооны хувьд БСШУСЯ-аас баталсан онооны шаардлагыг хангасан бол манайд элсэхээр бүртгүүлж болно. Гэхдээ нийт бүртгүүлэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор нь жагсаагаад хяналтын тоондоо багтааж авдаг журамтай. МУИС-ийн Улаанбаатар хот дахь таван бүрэлдэхүүн, Эрдэнэт, Завхан аймаг дахь хоёр салбар сургуульдаа элсэлт авна.

Энд Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хуулийн сургууль, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Эрдэнэт сургууль, Завхан сургуулиуд багтана. Эдгээр сургуульд нийт 98 төрлийн бакалаврын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Суралцагч эхлээд бүрэлдэхүүн /салбар сургуульд элсэн орж ерөнхий суурь хичээлүүдийг судалж тодорхой шаардлага хангасны үндсэн дээр тухайн сургуулиасаа санал болгож байгаа хөтөлбөрийг сонгоно. Элсэлтийн журмын хавсралтаас МУИС-ийн бүрэлдэхүүн/ салбар сургуулиудын санал болгож байгаа хөтөлбөрүүдтэй танилцаж болно.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.102)