Х.Энхжаргал: ШУТИС “QS UNIVERSITY RANKING ASIA”-д гишүүнээр элсэхээр бэлтгэж байна

Б.Энхтуул

“Инженер хүн”гэдэг аливаа юмыг сэдэж, санаачилж, шийдэж, түүнийгээ онол аргазүйн хувьд баталж, техник тоног төхөөрөмж, материаллаг үйлдвэрлэлийн салбарын аливаа үйл ажиллагааг хөгжүүлж ажилладаг, хөгжлийг гол хүч болсон хүмүүс байдаг. Тиймээс Монголын инженер техникийн голлох салбарын ажилчдын 80 орчим хувийг бэлтгэдэг ШУТИС Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэлд ямар ажлуудыг санаачлан хийж, сургалтын хөтөлбөр, арга технологио хэрхэн шинэчилж, элсэгчдэд ямар боломжуудыг амлаж байгаа талаар ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Х.Энхжаргалыг урьж, ярилцлаа.

ШУТИС-ИЙН “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСӨЛ ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА

-Юуны өмнө танд баяр хүргэе! Саяхан “Академич” хэмээх нэр хүндтэй эрхэм цолоор энгэрээ мялаасан. Хүн ажлаараа овоглох сайхан, таныг “ШУТИС-ийн Энхжаргал” гэхээр анддаггүй. Та дээд боловсролын салбарт, тэр дундаа ШУТИС-д хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Баярлалаа. Би энэ сургуультай ажил амьдралаа холбосон уугуул хүн дээ. Одоо бараг 40 жил ажиллах гэж байна. 1980 оноос Эрчим хүчний факультетэд багш, ахлах багш, дэд профессор, тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор, Эрчим хүчний сургуулийн захирал, судалгааны төвийн захирал, 2013 оноос ШУТИСийн Боловсрол эрхэлсэн проректор, 2016 оноос ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.

-Дээд боловсролын салбарт олон жил ажилласан, ажлаа мэдэх улсаас бид нэг зүйлийг онцлон асууж байна. “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийг бид 2012 оноос хэрэгжүүлж байна. Таны бодлоор энэ төсөл хэр үр дүнтэй урагшилж байна вэ?

-Улс орны хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлүүд дотроос боловсрол нь хурдасгуур хөтлөгч шинжтэй бөгөөд, чанартай боловсрол бүхий иргэд тухайн нийгмийн хөгжил, дэвшлийн баталгаа болж байдаг. Энэ үүднээс үзвэл боловсрол, тэр дундаа дээд боловсролын чанар үр өгөөж, хүртээмж нь дэлхийн улс орнуудын хил зааггүй орон зайг хамарсан өрсөлдөөний шинэ хэлбэр болох хандлагатай байна. Аливаа өрсөлдөөн нь хөгжлийн түлхэх хүчийг агуулдаг. Манай улсын дээд боловсролын зорилго ч дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий, өндөр бүтээмжтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна. Зах зээлийн энэ орон зайд өөрийн байр сууриа олж авах нь их сургуулиудын бодлогын нэг гол зорилт юм.

Дээд боловсролын салбарт боловсролын чанарын шинэчлэлийн ажлууд эрчимтэй хийгдэж буй. ШУТИС Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр сүүлийн жилүүдэд “Дээд боловсролын шинэчлэл” томоохон төслийг хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрээд байна.

-Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын дөрвөн их сургуулийг нэгтгэх зорилт тавьсан. ШУТИС-ийн хувьд бэлтгэл хэр хангаж байна?

-Дэлхийн болон бүс нутгийн шилдэг сургуулийн хүрээнд багтах нь сургуулийн нэр төр, хөгжлийн төвшингийн үзүүлэлт төдийгүй тухайн улсын хөгжлийн төвшинг илэрхийлж байдаг. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Төрөөс дэвшүүлж буй энэ зорилт юуны өмнө ШУТИС-д хамаарна. Азийн орнууд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд Азийн их сургуулиуд тасралтгүй нэгдэж буй энэ цаг үед бид амаргүй зорилтыг өмнөө тавьсан гэсэн үг. Хамгийн гол нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг шаардаж байгаа юм. Тиймээс ШУТИС “Нэр хүндээ тогтвортой өсгөж, Азийн шилдэг их сургуулиудын нэг болно” гэж мастер төлөвлөгөөндөө тусгаж, энэ зорилгод хүрэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхой болгоод ажиллаж байна.

БИД СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА

-Азийн шилдэг 100 сургуулийн тоонд багтахын тулд мэдээж, олон шалгуур, шаардлагыг хангах ёстой. Сургалтын хөтөлбөр, техник технологийн шинэчлэл, судалгааны ажлууд гээд. ШУТИС-д ахицтай, дэвшилттэй ямар ажлууд байна?

-Хамгийн түрүүнд хийгдэх чухал ажил нь рейтингээ тодорхойлох юм. Манай сургуулийн хувьд “QS University Ranking Asia”-д гишүүнээр элсэх ажлууд хийгдэж байна. Азийн тэргүүлэх их сургуулиудын жишигт хүрэхийн тулд инженер, технологийн ахисан түвшний сургуулиуд байгуулах, багшийн чадамжийг дээшлүүлж, сургалтын дэвшилтэт арга, технологи, инновацийг нэвтрүүлэх, стандартыг хангах зэрэг олон ажлыг дэс дараатай хэрэгжүүлж байгаа. Мөн олон улсын стандартад хүрэх, ISO нэвтрүүлж зарим бүрэлдэхүүн сургуулиуд гэрчилгээгээ гардан аваад байна. Ер нь дэлхийн боловсрол ирээдүйд онлайн сургалт руу чиглэж, хүссэн хүн бүр үнэ төлбөргүй суралцах, насан туршийн боловсролыг эрэлхийлж байна.

ШУТИС өнөөдрийн байдлаар 40 орчим магистрын хөтөлбөрийг онлайнаар явуулах боломжтой бөгөөд удахгүй бакалаврын хөтөлбөрүүдийг онлайнаар элсүүлж сургалт явуулах болно.

-Танай сургуулийг инженерийн ахисан түвшний сургууль шинээр байгуулсан гэж сонссон. Энэ талаарх мэдээллээ хуваалцаач. Ер нь судалгааны их сургууль гэдгийг орчин үед юу гэж тодорхойлж, томьёолж байгаа вэ?

-Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлэн судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна. Орчин үед судалгааны их сургуулийг “сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаанболовсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байна.

Манай сургуулийн хувьд, ахисан түвшний сургуулийг 2016 онд Бизнесийн ахисан түвшний сургуулийг байгуулж, гурван жил үйл ажиллагааг нь дэмжиж ажиллаад энэ жил бие даалган үйл ажиллагааг нь явуулж буй. 2018 онд инженерийн ахисан түвшний сургуулийг байгуулах шийдвэрийг ТУЗ-өөр бүтэц, орон тоог батлуулан мөн гурван сургууль дээр ахисан түвшний салбар байгуулж судалгааны их сургууль болох ажлыг эхлүүллээ.

Иймээс бид судалгааны их сургууль байгуулахын үндсэн бааз болох судалгааны томоохон лабораториудыг бүрэлдэхүүн сургуулиудын дунд байгуулж, улсын хэмжээний туршилт судалгааг явуулах боломж бүрдүүлсэн.

ШУТИС-ИЙН ЭЛСЭЛТИЙН БҮХ БҮЛЭГТ ЗЭРЭГ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

-Их, дээд сургуулиуд тооноос илүү чанарт анхаарна гэж байгаа ч 2019 онд төгсөгчдийн тоо огцом буурч байгаа. Энэ тоо ШУТИС-ийн элсэлтэд бас нөлөөлөх байх. Ер нь ирэх хичээлийн жилд хэчнээн оюутан элсүүлэх вэ. Хяналтын тоогоо хэдийд батлах бол?

-2019-2020 оны хичээлийн жилд элсэгчид маань ШУТИС-ийн элсэлтийн бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой. Элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг www.elselt.edu.mn, www.must.edu. mn хаягаар орж авах боломжтой. Элсэлтийн бүртгэлийг бид зургадугаар сарын 17-24-ний хооронд элсэлтийн веб хуудсаар онлайнаар бүртгэнэ. Бүрэлдэхүүн есөн сургууль, харьяа нэг сургууль, нийт 11 сургуульд 15 “Хамтарсан 2+2” хөтөлбөр, нийт 62 хөтөлбөр, 104 мэргэжлээр 4000 орчим оюутан элсэн суралцуулна.

Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын төгсөгчдийн тоо эрс буурч байгаа нь манай элсэгчдийн тоонд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэсэн ч манай сургуулийн бодлого тооноос чанарт илүү анхаарах зорилготой ажиллаж байна. Хяналтын тооны хувьд урьдчилсан байдлаар захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлөөс эцэслэн тогтооно.

-Өнөөдөр дэлхий даяар нийгэм өөрчлөгдөхийн хэрээр боловсролын чанар бас өөрчлөгдөж байна. Орчин үед сурч буй зүйл амьдралын хэрэгцээтэй нийцэж байна уу, төгсөгчид ажлын байрны шаардлага хангаж байна уу гэдэгт анхаарал хандуулдаг болж. ШУТИС-ийн хувьд, төгсөгчдийн ажил эрхлэлт ямар байна?

-Боловсролын салбарын үр дүнг ярихын тулд манай төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр хэр амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байна вэ гэдгийг ярих нь маш чухал асуудлын нэг болоод байна. Ажил олгогчдын буюу нийгмийн эрэлт хэрэгцээг судалж түүнд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх боловсролын үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, хөтөлбөрийнхөө агуулга, арга зүй, сургалт явуулж буй хэлбэртээ өөрчлөлт хийх чиглэлд хандан ажиллаж байна.

ШУТИС нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хөтөлбөрийн шинэчлэлийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн, мэдлэг, дадал, чадварыг эрхэмлэсэн, бүтээгч инженер байх тэр хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Манай сургуулийг жилд дунджаар 3600 орчим оюутан төгсдөг. Үүний 80 орчим хувь нь ажлын байраар шууд хангагдаж ажилладаг.

Улс орны ирээдүйд эрэлттэй байх хөтөлбөр, мэргэжлийг жил болгон зарладаг бөгөөд тухайн эрэлттэй хөтөлбөрийн 60 орчим хувь нь ШУТИС дээр хэрэгждэг. Эрэлттэй хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд гуравдугаар курсээс дадлагад гарч эхлээд л ажлын байраар хангагдаж эхэлдэг. Ихэнх ажил олгогч байгууллагууд манай сургуулийн төгсөгч нарыг ажилд авахыг ихээр хүсч байгаа нь хөтөлбөрийн шинэчлэл, мэдлэгийг бүтээгч болгон хувиргаж байгааг харуулж байна. Монголын инженер техникийн голлох салбарын ажилчдын 60-80 орчим хувийг манай сургуулийн төгсөгчид эзэлж байна.

БИД 250 ГАРУЙ ИХ ДЭЭД, СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ

-“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци” гэсэн үзэсгэлэнд танай сургуулийн олон бүтээл тавигдаж байсныг санаж байна. Эрдэм шинжилгээ, инновацийн газраар тань сонин юутай байна вэ? -Манай профессор, багш нар судалгааны ажилд сайн оролцдог доо. Одоогийн байдлаар гадаадтай хамтарсан 20 төсөл, Монгол-Японы хамтарсан 10 төсөл, ШУТСан-16, ШУТИС-ТС-4, ИТДБ-10, ДБШТ-27, нийт 140 орчим аж ахуйн гэрээт ажил хэрэгжиж байна.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, инновацийн шийдлүүд нь хөгжиж буй орнуудын боловсролын салбарт баримтлах бодлогыг өөрчлөхөд хүргээд байна. Ялангуяа манай орны хувьд технологийн хувьсал нь өндөр бүтээмжтэй, чанартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явц, горимыг чухалчилан авч үзэх нь чухал юм. Манай сургууль дээр “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний инновацийн үйлдвэрлэл”,”Агаар цэвэршүүлэх, антибактериал барилгын материал боловсруулах”, “Электролиз усны технологийг Монголд нутагшуулж, үйлдвэрлэл эрхлэх” зэрэг олон тооны гарааны компани байгуулж ажиллуулах төслүүд амжилттай хэрэгжиж байна.

-Монгол Улсад өндөр мэдлэг, чадвартай инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх Монгол-Япон улсын хамтарсан том төсөлд ШУТИС голлох үүрэгтэй оролцдог. Төслийн хүрээнд олон багш, оюутан боловсрол мэдлэгээ дээшлүүлж байгаа байх?

-ШУТИС-ийн гадаад харилцааны цар хүрээ нилээд өргөн хүрээнд яригдана.

ШУТИС нь өнөөдөр өөрийн гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэл, их сургуулийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн 31 орны 250 гаруй их дээд, сургууль, эрдэм шинжилгээ, техник технологийн судалгааны хүрээлэн, байгууллагуудтай оюутан багш солилцоог хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэл, хамрах цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

-Ер нь гадаад харилцаа хэр өргөжиж байна?

-Одоогийн байдлаар бид ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Япон, Энэтхэг, АНУ зэрэг орны их дээд сургуулиудтай бакалаврын 18, магистрын таван хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Таны хэлсэнчлэн, ШУТИС-д 1000 инженер төсөл амжилттай хэрэгжиж, Японы үндэсний 10 их сургуультай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бакалаврын хөтөлбөрөөр 77 оюутан, коосен сургалтанд 35 оюутан Япон улсад суралцаж байна. Мөн судалгаа шинжилгээний ажлаар нийт 15 багш 22 оюутныг, Европын холбооны улсын ERASMUS төсөлд нийт 33 багш судлаачдыг хамруулан мэргэжил дээшлүүлээд байна.

Олон улсын байгууллага, хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиудаас нийт 13 гадаадын багш, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулаад буй.

-Ярилцлагынхаа төгсгөлд онцлоод асуухад, танайх кридетийн урамшуулал олгодог болсон гэж байсан. Энэ бас оюутнуудаа дэмжиж байгаа урамшууллын систем байх. Ямар оюутан уг дэмжлэгийг авах вэ?

-2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС-ийн гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн хүрээнд нийт 83 оюутан хамрагдсан. Ер нь манай сургуулийн оюутнууд гадаадын сургалтын байгууллага, пүүс компанийн нэрэмжит тэтгэлэгт идэвхтэй хамрагддаг.

Манай сургууль оюутан залууст сурлага, урлаг, спорт, олон нийтийн ажилд оролцсон байдлаар нь кридетийн урамшуулал олгодог журамтай. Өнгөрсөн хичээлийн жилд кридетийн урамшуулалт 1400- аад оюутан хамрагдаж байгаа нь оюутанд үзүүлж байгаа санхүүгийн бодит дэмжлэг юм.

Бид багш, оюутнуудаа чадавхжуулахад онцгойлон анхаарч ажилладаг. Тухайлбал, олон улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, хамтарсан төсөл, хөтөлбөр, олимпиад, уралдаан, тэмцээнд оролцох ажлаар хичээлийн жилдээ нийт 307 багш ажилтныг хамруулж байна.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.111)