Б.Буянзаяа: Багшийн хөгжил боловсролын чанарын суурь юм

Б.Энхтуул

    ХААИС Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүргэхийг зорьж яваа, 60 жилийн түүхтэй сургууль. Тус сургуулийн элсэгч, төгсөгч хэн бүхэн дэлхий нийтэд тулгамдаж буй хүнсний хангамж, аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдлыг хангахад анхаарлаа хандуулж ажиллахаас гадна аялал жуулчлал, инженер, эдийн засаг, газрын харилцаа гээд олон салбарт ирээдүйн хөгжлийг тодорхойлж ажиллана. Хөгжил тойрсон олон сэдвээр ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D), Б.Буянзаяатай ярилцсан юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН ТАВАН СУРГУУЛИЙН 36 ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН

-Ярилцлагаа эхлэхийн өмнө танд баяр хүргэе! “Education Guide” сэтгүүл маань энэ удаагийн дугаартаа Төрийн шагнал хүртсэн хоёр тохиолдолд онцгойлон баяр хүргэж байна. ХААИС энэ жил “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж, та бас “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаасан. Таны хувьд, дээд боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Баярлалаа. Би ХААИС-ийг 1999 онд Эдийн засагч-кибернетикч мэргэжлээр төгсөөд, тухайн жилдээ сургуулийнхаа Сургалтын бодлогын албанд мэргэжилтнээр орж байсан. Нэг л мэдэхэд, 20 жилийг үдсэн байна. Миний хувьд, ХААИС-д, тэр тусмаа сургалтын албанд мэргэжилтнээс эхлээд албаны дарга, сургалт эрхэлсэн дэд захирал гээд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллалаа.

-Хаврын улиралд сөхөгддөг чухал сэдвүүдийн нэг бол яах аргагүй боловсролын сэдэв, элсэлт, төгсөлтийн тухай яриа байдаг. Дээрээс нь “Дээд боловсролын чанарын шинэчлэл”-ийн талаар та сүүлийн үед нэлээд идэвхтэй ярьж байгаа. Тийм болохоор асуултаа товчилъё. Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэлд явцын үнэлгээ өгөөч гэвэл ямар “дүн тавих” вэ?

-Хаврын улирал таны хэлдэг шиг шинэ болгоны эхлэл болж байдаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бие даан амьдрах гарааны зурхай дээр зогсож, ямар мэргэжил, ямар сургууль сонгох вэ гэдгээ шийддэг бол их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучууд ямар ажил, бизнес эрхлэх вэ, гэр бүлийн амьдралаа хэрхэн зохиох вэ гээд шийдвэрлэх олон асуудлын уулзвар дээр зогсож байдаг. Харин энэ бүхэнд хамгийн оновчтой хариулт өгөх зүйл бол чанартай боловсрол буюу тухайн мэргэжлээр төгсөгчийн нийгэм, хөдөлмөрийн зах зээл дэх бодит шаардлагыг хэрхэн хангаж байгаа явдал юм.

Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэлийн үр дүнгийн тухайд гэвэл, юуны өмнө ажил олгогчид, нийгмийн хөгжлийн чиг хандлага, түүнд дээд боловсролын оруулж буй хувь нэмрийг хэрхэн үнэлж байгаа талаарх ард иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ хариулт өгөх байх. Ер нь энэ талаар дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллийн байгууллагынхан үе шаттай, давтамжтай судалгаа авч байвал зохино гэж би хувьдаа үздэг.

Их, дээд сургуулиудын хувьд чанарын шинэчлэлийг UNESCO олон улсын байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг үе шаттай хийсний үр дүнд одоогоор 30 гаруй их, дээд сургууль, сургалтын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдээд байна. Мөн төрийн өмчийн таван сургуулийн 36 хөтөлбөр, төрийн бус өмчийн 10 сургуулийн 49 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байдаг. Эдгээрээс үзэхэд дээд боловсролын чанарын шинэчлэлийн үр дүн урагштай, тэр тусмаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрснийг харуулж байна.

-Их, дээд сургуулиуд өөрсдийнхөө ирээдүйг том харж байна. Аль ч сургуультай уулзахад, дэлхийн хөгжилд хүрэх, Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болох, судалгааны их сургууль болох, багш оюутнуудаа хөгжүүлэх, чанаржуулах тухай ярьж байна. Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт ямар сургуулиудад хамаарах вэ?

-Улсын Их Хурлаар баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал2030”-д энэ зорилго, зорилтыг дэвшүүлсэн байдаг. Ингэснээрээ дээд боловсрол нь улс орны тогтвортой хөгжлийн тэргүүн эгнээнд байж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлэх суурь салбар болохыг бодлогын түвшинд дэмжсэн явдал гэж үздэг. Харин Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд дөрвөн их сургууль багтаах зорилтын хувьд одоогоор тодорхой сургуулиудыг сонгож бэлдсэн зүйл үгүй болов уу.

Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллагаас төрийн, төрийн бус өмчийн их, дээд сургууль гэж ялгалгүй Ази болон дэлхийн шилдэг сургуулиудыг шалгаруулдаг үзүүлэлтийн дагуу нэгдсэн бодлого, удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа.

Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Судалгааны их сургууль”, “Үр дүнд суурилсан боловсрол” гэсэн үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн газраар батлуулж их, дээд сургуулиудын стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллаж байгаа нь дээрх зорилго, зорилтуудад хүрэх томоохон алхам юм.

Мөн түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийг энд дурьдахгүй байхын аргагүй. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд чанартай, сайн менежмент бүхий тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоог Монгол Улсад бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд мэдрэмжтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг төсөл нь 2012 оноос хойш их, дээд сургуулийн хөгжлийг дэмжих, профессор багш, судлаачдын судалгааны ажлыг дэмжих, оюутны хөгжил, санал санаачилгыг дэмжих, байгууллагын удирдлага, засаглалыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, орчныг сайжруулах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жилийг “Багшийн хөгжил”-ийн жил болгон олон судлаач, багш нарыг сургалтын хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоодын сургалтад хамруулсан бол, энэ жилийг “Оюутны хөгжил, ёс зүйн жил” болгон “Оюутны санаачилгын тэтгэлэгт төсөл”-ийг зарлан 5-10 сая төгрөгийн тэтгэлэг олгож эхлээд буй.

ХААИС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДСАН

-ХААИС бол бусад их, дээд сургуулиудаас ялгарах зүйл ихтэй. Монгол орны дахин давтагдашгүй байгалийн баялаг, экологийн тэнцвэрт байдал, ургамал амьтны нөөц бүгд хамаарахаас гадна монголчуудыг “тэжээх” гол салбар, ХАА-н мэргэжилтэн, боловсон хүчнийг энд бэлтгэдэг. Тиймээс та сургуулиа нэг тодотгоод танилцуулаач?

-Манай сургууль нүүдлийн мал аж ахуй бүхий Монгол Улсыг аж үйлдвэржсэн улс болгоход жинтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог. Учир нь, 1942 онд МУИС байгуулагдахад малын эмч, зоотехникчийг бэлтгэж байсан бол 1958 онд ХААДС-ийг байгуулж, 1959 он гэхэд анхны агрономичдыг төгсгөн “Атрын аян”-ыг эхлүүлэхээр тухайн үеийн Сангийн аж ахуйнуудад томилон ажиллуулж байсан. Ийнхүү Монгол оронд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбар, хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байснаараа манай сургууль түүхэн гавъяатай юм. Энэ дашрамд дурьдахад, ХААИС-ийн түүхэн гавьяаг үнэлж 2019 оны нэгдүгээр сард “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Энэ нь манай сургуулийн эрдмийн хамт олонд ихээхэн урам зориг, эрч хүч хайрласан явдал болсон.

-Бүтэц, бүрэлдэхүүний хувьд ямар байна. Өнөөдөр ХААИС-ийн багш нарын зорьж чиглэж байгаа алс хэтийн бодлого, төлөвлөлт юу байна. Сургалтын хөтөлбөртөө ямар арга технологиудыг нэвтрүүлж байна. Гадны улс орны ижил төстэй сургуулиудаас туршлага судлах, хуваалцах, эх орондоо нутагшуулж байгаа зүйлүүдээсээ сонирхуулаач?

-Өнөөдөр манай сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуульд 400 гаруй багш, 53 мэргэжлээр 7000 орчим оюутан суралцаж байна.

Мөн 3000 гаруй магистрант, докторантуудад эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг явуулж байна. ХААИС дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд “Судалгааны нээлттэй их сургууль” болох зорилго тавин суралцагч бүрийг судлаач, бүтээлч байлгах, профессор багш бүрийг мэдлэгийн менженер, мөн инноваци, өндөр технологийн эзэн байлгах зорилтуудыг тавин ажиллаж байна. Бид энэ зорилго, зорилтодоо хүрэхийн тулд сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, багшийн хөгжил, оюутны мэдлэг, чадварыг үнэлэх систем, сургалтын орчны шинэчлэлийг цогц байдлаар нь хэрэгжүүлж байгаа.

Манай сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлийн нэг онцлог бол хөтөлбөрийн үр дүнг хүртэгч, оролцогч тал (ажил олгогч, мэргэжлийн байгууллага, төгсөгчид, оюутнууд)-уудын саналыг сэтгэл ханамжийн судалгаа авах замаар тусган ажиллах асуудлыг хэвшмэл болгосон явдал юм. Ийм ч учраас ирээдүйн нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнүүдийг төгсгөн гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа. Мөн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ зөвхөн дотоодын оролцогч талуудын оролцоог хангахаас гадна Олон улсын туршлагаас судлан нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь, Инженерийн боловсролын CDIO стандарт, Английн хатан хааны нэрэмжит Мал эмнэлгийн сургууль, Нидерландын вант улсын Вахенингений их сургууль, Япон улсын Токиогийн их сургууль, БНС-ын Чонбукын их сургууль гэх мэтчилэн олон их сургуулиудыг энд дурьдаж болно.

БИД БҮС НУТГИЙН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИН АЖИЛЛАЖ БАЙГАА

-Хөтөлбөрийн шинэчлэлт, олон улсын туршлага гэснээс ХААИС өөрсдийнхөө онцлог талуудад түшиглэсэн хөгжлийн ямар бодлого баримталж байгаа вэ. Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болох том зорилтын хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ. ХААИС-ийн хувьд, гарааны компаниуд нь сайн хөгжсөн юм шиг санагддаг?

-Дээд боловсролыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд том том сорилтууд хүлээж байна. Мэдээж, манай сургууль Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтах зорилт тавиад түүнийхээ хүрээнд “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл, бизнесийг хосолсон бүс нутгийн тэргүүлэх их сургууль болох” эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд мэдлэгийг баялаг болгох чиглэлийн инновацийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, өөрийн сургуулийг түшиглүүлэн манай судлаачид 25 гарааны компани байгуулсан. Мөн түүнчлэн хөдөө орон нутагт зарим сургалтын үйл ажиллагаагаа шилжүүлэх, оюутнуудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг нэг дор төвлөрүүлж үр дүнг дээшлүүлэх, эрдэмтэн судлаачдын бий болгосон 500 гаруй инновацийн бүтээгдэхүүнээс үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх зорилгоор анхны “Инновацитехнологийн парк”-ийг Сэлэнгэ аймгийн Сант суманд байгууллаа.

Судалгааны орчны шинэчлэлийн хүрээнд гадаад, дотоодын санхүүжилтээр 30 орчим орчин үеийн судалгааны лабораторийг шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан. Хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд судалгаанд суурилсан их сургуулийн багшийн чадамжийн хүрээ бүхий “Багшийн хөгжил хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нийт профессор багш нарын 55.6 хувь нь докторын зэрэгтэй болсон байна.

Сургалтын агуулгын шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлийг дэлхийн тэргүүлэх их сургуулиудын жишгээр багш, оюутны хөгжлийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг идэвхжүүлэх богино улирлын системийг нэвтрүүлээд байгаа. Магистр, докторт суралцагсадын тоо, сургалт, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд өнөөдөр нийт суралцагсадын 34 хувийг ахисан түвшний суралцагсад эзэлж байна.

-Боловсролын салбар заримдаа шүүмжлэлт их өртөх юм. Сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байна, их сургуулиар олгож байгаа мэдлэг чадвар ажил олгогчдын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэх юм. Бүх л сургууль судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд энэ бүхнийг хөгжлийн хөтөлбөртөө тусгаад ажиллаж байгаа байх?

-Их сургуулийн нэг үндсэн зорилтот үүрэг бол мэдлэг бүтээх судалгааны үүрэг юм. Тийм учраас бид “ХААИС-ийн багшийн хөгжил хөтөлбөр”, “ХААИСийн оюутны хөгжил хөтөлбөр”-төө мэдлэг бүтээх судалгааны чадамжийг ямар түвшинд байлгах, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой тусгасан. Тухайлбал, багшийн хөгжил хөтөлбөрт судалгааны арга зүйг хэрэглээ болгох, оюуны өмчийг бий болгож эзэмших, ашиглах, судалгааны стратеги төлөвлөлт хийх, хэвлэн нийтлэх зэрэг чадамжуудыг тусгасан бол, оюутны хөгжил хөтөлбөрт асуудлыг шийдвэрлэх, шинэ санааг хэрэглээ болгох, байгалийн нөөцийг ашиглах зэрэг чадамжуудыг тусгасан байдаг.

53 МЭРГЭЖЛЭЭР 1500 ГАРУЙ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

-Энэ жил элсэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй явж байгаа. Зарим сургуулийн элсэлтийн бодлогод өөрчлөлт орох байх гэж харж байна. ХААИС-ийн хувьд, ирэх хичээлийн жилд хэдэн хөтөлбөр дээр, хэчнээн оюутан элсүүлэх вэ?

-Энэ жил их, дээд сургуулиудын элсэлт бүхэлдээ буурах байх гэж бодож байна. Гэхдээ манай сургуулийн хувьд босго оноо бууруулах зарчмыг тэр болгон бариад байдаггүй. Хамгийн гол нь мэргэжил, салбартаа сонирхолтой, зорилготой элсэгчид авахыг чухалчилдаг. Тийм ч учраас элсэлтийн үйл ажиллагаагаа сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж, сонирхсон сурагчид, залуучууд, эцэг эхчүүдэд мэргэжил сонгоход нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажилладаг. Энэ жилийн тухайд БСШУСын яамнаас тогтоосон босго оноонд нийцүүлэн 53 мэргэжлээр 1500 гаруй оюутан элсүүлэхээр төлөвлөж байгаа.

-Танай сургуулийн оюутнууд гадаадад цалинтай дадлага хийх боломжоор хангагдсан гэж сонссон. Мөн багш, оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүд нэлээд өндөр санхүүжилттэй сонсогдож байсан даа?

-Их сургуулийн хөгжил бол багш, оюутны тасралтгүй хөгжилд тулгуурлах ёстой. Тийм учраас бид багшийн хөгжил хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, улсдаа жишиг болох түвшинд боловсруулан хэрэгжүүлж байна. Багш нарын судалгааны ажлыг дэмжих, инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор ХААИС-ийн санхүүжилттэй 100.0 сая төгрөгийн судалгааны болон оюутны бүтээлч санаачилгыг дэмжих 10.0 сая хүртэлх тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Мөн хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуулиудад зочин профессор судлаачаар ажилуулах, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх ажлыг идэвхтэй хэрэгжүүлдэг.

Оюутнуудын цалинтай дадлагын тухайд, сүүлийн үед оюутнууд Хятад, Солонгос, ОХУ, Япон, Герман, Израиль зэрэг улс орнуудад сургалт, үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийх нь эрчимжиж 300 гаруй оюутан дадлагажсан. Энэ бүхэн бас манай сургуулийн гадаад харилцаа сайжирч байгаатай холбоотой. Манай сургууль одоогоор 36 орны 194 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Нийт 39 багш гадаадад докторантурт, 135 оюутан урт, богино хугацааны сургалтад, 119 оюутан хос хөтөлбөрт суралцаж байгаа. Мөн нийт 84 гадаад оюутан манай сургуульд суралцаж байна. -Боловсролын салбарын чанар багшийн хөгжлөөр урагшилж байдаг зүй тогтолтой гэж та хэллээ. Багш нарын судалгааны ажил, инновацийн төслүүд, эрдэм шинжилгээний ажлуудын талаар ямар мэдээлэлтэй байгаа бол? -Бид сургуулийнхаа багш нарыг 100 хувь докторын зэрэгтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Богино буюу найман долоо хоногтой 4 улирлаар сургалтын ажлаа явуулж байгаа нь багшийн эрдэм шинжилгээний бүтээл туурвихад их тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрдэмтэн багш нарын санаачилгаар 50 гаруй шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл, хөтөлбөр, 10 гаруй онолын суурь судалгааны ажил, мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 гаруй судалгаа, хөгжүүлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

-ХААИС-ийн зарим хөтөлбөрүүд олон улсын байгууллагын магадлан итгэмжлэл гардсан байсан. Ямар хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэв, энэ чиглэлээр суралцсан оюутнуудад ямар боломжууд нээгдэж байна?

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ салбарын яам, мэргэжлийн байгууллага, холбоод, ажил олгогчид, төгсөгчид, оюутан залуучуудыг хамруулсан томоохон судалгаа хийж, түүнд суурилсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулан оюутанд олгох мэдлэг, ур чадварын жагсаалтыг гаргасан. Ингэснээр элсэгч, төгсөгчдийн хүсэл, зорилгыг нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцүүлэх томоохон алхам болсон гэж бид үздэг.

Сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээгээ тэлж олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээ АНУ-д төвтэй ACBSP байгууллагаар, Инженер механик хөтөлбөрөө мөн АНУ-д төвтэй ABET олон улсын байгуулагаар магадлан итгэмжлүүллээ. Эдгээрт хөтөлбөр, мэргэжлээр элссэн суралцаж төгссөн оюутнууд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болж байгаа юм.

-Их дээд сургуулиудад ажиглагдаж буй бас нэг ололттой зүйл нь төгсөгчидтэйгөө эргэх холбоотой ажилладаг болжээ. Төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн талаарх судалгааг жил бүр явуулдаг болсон байсан. Танай сургуулийн судалгааны дүнг сонирхвол ямар тоон мэдээлэлтэй байна. Ямар мэргэжлээр суралцсан оюутнуудад ажлын байрны эрэлт хэрэгцээ их байна?

-Төгсөгчдийн ажил эрхлэлт төгсөөд зургаан сарын дотор 60-70 хувь нь ажлын байртай болж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Тэр тусмаа агрономич, тэжээл, бэлчээр судлал, малын эмч, мал зүйч, хөдөө аж ахуйн инженер, байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжлээр төгсөгчид түлхүү ажлын байртай болж байгаа судалгаа байдаг.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)