Д.Тогтох: ОХУ-ын Буриадын их сургуульд элсэх оюутнууд заавал ЭЕШ өгсөн байх шаардлагагүй
Б.Энхтуул
2019 онд ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх дөрвөн их сургууль Монгол Улсаас 80 оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ тухай тус улсын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч Д.Тогтохтой ярилцлаа.
БУРИАД УЛСАД 250 ОРЧИМ МОНГОЛ ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА
-Орос, Монгол хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Энэ хүрээнд ОХУ-ын Засгийн газраас өмнөх жилүүдэд байгаагүй, хамгийн их квот буюу 400-500 тэтгэлэгт хуваарийг санал болгож байна. Буриад улс руу хэр олон оюутан явж суралцаж байна вэ?
-Монгол Улс, ОХУ нь олон жилийн сайн хөршийн харилцаатай хөгжиж ирснийг та бид мэднэ. Тэр дундаа боловсролын системийн хамтын ажиллагааны түүх нь 1911 оноос эхлэлтэй. Анхны монгол хүүхдүүд гадаад оронд, тухайлбал Эрхүү хотод 1913 онд Цэвээний Жамсрангийн зохион байгуулснаар явж суралцаж байсан түүхтэй. 1926 онд 107 монгол оюутан Улаан-Үүд хотод суралцаж, 1940 онд Монголрабфак нь арван жилийн турш амжилттайгаар 1942 оюутныг Монголын төр, нийгэм, улс ардын аж ахуйн нарийн мэргэжлүүдээр төгсгөсөн түүхэн баримт байдаг.
Улмаар 90-ээд оныг хүртэл манай улсын дээд боловсролтой мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын 60 хувь, доктор хамгаалсан эрдэмтдийн 90 хувь нь ОХУ хуучнаар ЗХУ-д суралцаж төгссөн байдаг. 2014 оноос Буриад улс руу харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах оюутнуудын тоо эрс нэмэгдэж байна.
2019 оны статистик мэдээгээр 250 орчим монгол оюутан Буриад улсын их сургуулиудад суралцаж байна. Энэ нь Оросын бусад сургуулиуд болон өөр орныхтой харьцуулахад сургалтын төлбөр нь хямд байдагтай холбоотой.
-Саяхан ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр тус улсад суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулан “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” зохион байгуулагдсан. Энэ үеэр Буриад улсын их сургуулиуд бас танилцуулгаа дэлгэж байсан. Хэчнээн сургуулийн үйл ажиллагааг танилцуулсан бэ. Нэлээд олон сургууль харагдаж байсан?
-Дээд боловсролын бүх шатны мэргэжлийн зэрэг болох бакалавр, магистр, докторын түвшний сургалтаар Буриад улсын тэргүүлэх дөрвөн их сургууль сургалтын үйл ажиллагаагаа танилцуулж оролцсон. Миний бие, Буриадын улсын их сургууль (БГУ), Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль (ВСГУТУ), В.Р.Филипповын Хөдөө аж ахуйн их сургууль (БГСХА), Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийг (ВСГИК) төлөөлөн элсэгчдэд болон эцэг, эхчүүдэд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулж, мэдээлэл хүргэж оролцсон.
2019 ОНД МОНГОЛООС 80 ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ
-Энэ үзэсгэлэнд Москва, СанктПетербург, Томск, Красноярск, Иркутск, Якутск, Тува, Екатеринбург, Белгород гээд олон сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байсан. Буриад улсын сургуулиудыг харж байхад олон боломж, давуу талууд харагдаж байсан. Ирэх хичээлийн жилд гадаадын оюутнууд, тэр дундаа монгол оюутнуудад ямар боломжууд байгаа бол?
-ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан Үүд хотод Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд суралцаж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оюутнуудын хувьд орос оюутнуудтай хамт орос хэл дээр мэргэжлийн хичээлүүдийг судлах боломж бүрддэг гол давуу талтай.
Ном сурах бичиг сургуулиас үнэ төлбөргүй олгож, тодорхой хичээлийг дахин сонгож суралцах тохиолдолд нэмэлт төлбөр шаарддаггүй, дээр дурьдсан сургуулиудын оюутны дотуур байр нь хичээлийн байрныхаа хажууд байрладаг оюутны хотхоны бүтэцтэй учраас сурч амьдрах таатай орчин маш сайн бүрдсэн.
Түүнээс гадна, газар зүйн байршил ойр (замын зардал 29 000-80 000 ₮), хэл соёлын ойролцоо байдал, амьдралын өртөг хямд (сард 40 000-100 000 ₮) зэрэг олон боломжит нөхцөл нь сүүлийн жилүүдэд монгол оюутнууд ихээр сурахад нөлөөлж байна. Манай төгсөгчид сургуулиа амжилттай төгсөөд шууд 100 хувь ажлын байртай болдог нь ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн давуу тал юм. Мөн хичээлдээ мэрийж, давхар диплом эзэмших боломжийг ашиглан суралцсан жишээ ч бий.
-Өнгөрсөн онд ОХУ-аас Монголд рекорд хуваарь буюу 500 тэтгэлэгт хуваарь ирсэн. 2019 онд ч бас адилхан 500 тэтгэлэгт хуваарь ирсэн байна. ОХУ-г сонгон суралцсан тохиолдолд тэтгэмж олгогдохоос гадна сурлагын дүнгээс хамаарч нэрэмжит буюу нэмэгдэл тэтгэмж олгодог гээд оюутнуудад таатай мэдээлэл олон байсан. Буриад улсын их сургуулиудад элсэгчдэд дуулгах өөр мэдээллүүд юу байна вэ?
-Буриадын улсын их сургуулиудад онц суралцсан тохиолдолд Боловсролын сайдын болон Хөдөө аж ахуйн яамны сайдын тэтгэлэгт хамрагддаг.
-Ер нь Буриад улсын их дээд сургуульд суралцах оюутанд ямар шаардлага шалгуур тавигдаж байна. Ирэх хичээлийн жилд Монголоос хэдэн оюутан элсүүлэх вэ?
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн А, В үнэлгээтэй оюутнуудаас дээрх сургуулиудад элсэх мэргэжлийн чиглэлийн ярилцлага хийсний үндсэн дээр элсэлтийн бүртгэлийг явуулна. 2019 оны элсэлтээр бакалаврын төрөл бүрийн мэргэжлүүдээр дээрх улсын тэргүүлэх дөрвөн их дээд сургуулиудад 80 оюутан авахаар төлөвлөж байна.
ТОП ДӨРВӨН ИХ СУРГУУЛЬД ЯМАР МЭРГЭЖЛҮҮДЭЭР ЭЛСЭЛТ АВАХ ВЭ?
-ОХУ, Буриад улсад суралцаад төгсч ирсэн төгсөгчид дээрх сургуулиудад их ам сайтай байсан. Амжилттай суралцаж ирээд, бүгд ажлын байртай болсон гэж байсан. Элсэгчдэд мэдээлэл хүргэх үүднээс чанар, чансаатай ТОП сургуулиудынхаа талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Баярлалаа. Цаг үеэ олсон зөв мэдээллийг хэрэгтэй үед нь, хэрэгтэй хүмүүст нь өгч байгаад баяртай байна. Тийм болохоор ОХУ-ын Буриад улсын аль сургуульд ямар мэргэжлээр оюутан элсүүлэх вэ, дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас үзэж болох вэ, ямар үед сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцаж болох вэ, төгсөгчдийн ажил эрхлэлт ямар байгаа талаар, элсэгчдийн болон эцэг, эхчүүдийн сонирхож асуудаг мэдээллийг өгье гэж бодож байна.
Буриадын улсын их сургууль:
-Хүмүүнлэг нийгмийн ухааны чиглэлээр (хууль эрх зүй, хэл шинжлэл, сэтгүүл зүй, гүн ухаан, улс төр судлал, улсын ба төрийн захиргааны удирдлага гэх мэт), байгалийн ухааны чиглэлээр (хими, биологи, анагаах ухаан, эм зүй, сэтгэл зүйч, биеийн тамир гэх мэт), эдийн засаг, менежмент зэрэг мэргэжлээр оюутан элсүүлнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bsu.ru сайтаас орж үзэж болно.
В.Р.Филипповын нэрэмжит Буриадын Улсын Хөдөө Аж Ахуйн их сургууль:
-Энэ сургуулийн онцлог нь нэг жилийн орос хэлний бэлтгэл ангитай. ОХУ-ын бүх их дээд сургуульд цаашид суралцах боломжтой ТРКИ сертификат олгоно. Буриад Улсын анхны дээд сургууль, 1931 онд байгуулагдсан.
2014 онд явуулсан төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаагаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төв нь ОХУ-ын 82 субъектын 925 төвөөс зургадугаар байрт шалгарсан. Мал эмнэлэг, агрономи, байгаль орчин, технологи, цахилгааны инженер, эрчим хүч, менежмент, санхүү эдийн засаг, хүмүүнлэгийн 28 мэргэжлээр коллеж, өдөр, эчнээ ангиудад бакалавр, магистр, докторт хөдөө орон нутгийн болон онц дүнтэй төгсөгчдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр 55.9 -74.5 хувийн хөнгөлөлттэй элсүүлнэ.Мөн энэ талаарх мэдээллийг www.bgsha.ru сайтаас үзэж болно.
Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль:
-Барилга, нисэх онгоц, машин механизм, хүнсний ба биотехнологич, дизайн, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн ажилтан, төрийн захиргааны менежментийн нийт 54 мэргэжлээр өдөр, эчнээ ангид бакалавр, магистр, докторт элсүүлэн авна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.esstu.ru сайтаас авч болно.
Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургууль:
-Соёл урлаг, музей судлал, ардын дуу, хөгжмийн удирдаач, эстрадын хөгжим, бүжгийн урлаг, номын санч зэрэг 17 мэргэжлээр бакалавр, мэргэжилтэн, магистрт элсүүлнэ. Энэ мэдээллийг www.vsgaki.ru цахим хуудсаас үзэж болно.
ГАДААД ОЮУТНУУД СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
-Монгол оюутнуудын хувьд, ЭЕШ-д хамрагдсан байх ёстой юу. Дүн онооны хувьд тодорхой шаардлага тавьсан зүйл байдаг уу?
-Монгол Улсаас элсэх оюутнууд заавал ЭЕШ-д хамрагдсан байх шаардлагагүй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн нь А болон В үнэлгээтэй байх ёстой.
-ОХУ-ын зарим мужийн их, дээд сургуулиуд гадны оюутнуудын ажил хийх бололцоог хангаж өгсөн гэж байсан. Буриадад ахлах ангийн оюутнууд суралцахын зэрэгцээ ажиллах боломж байгаа юу?
-Буриадад гадаад оюутнууд албан ёсны зөвшөөрөл аваад ажил хийх бүрэн боломжтой. Бүх хичээл орос хэл дээр явагддаг тул эхний жилд монгол оюутнууд биеэ дайчлах, хэлний мэдлэгээ сайжруулахад хэрэгтэй байдаг. Курс ахиад ирэхээр хичээл, амралтаа зохицуулаад ажил хийх оюутнууд мөн байдаг.
-Ер нь сургалтын төлбөрийн хувьд хэд байдаг бол. Амжилттай суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт байдаг байх. Мөн оюутны хөгжих боломжийн талаар мэдээлэл өгөөч?
-Буриадын улсын их сургуулиудын жилийн төлбөр нь ойролцоогоор 5 - 7 сая төг, оюутны дотуур байрны төлбөр 1- 2 сая төг орчим, амьжиргааны өртөг харьцангуй хямд байдаг. Амжилттай суралцсан тохиолдолд 55 – 74.5 хувь хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ахлах курст ороод орос хэлний мэдлэг сайжирсан үед мэргэжлийн салбарын орчуулагч (англи, герман, франц), сэтгэл зүйч, багш, дээд сургуулийн багш гэх мэт хос диплом эзэмших боломжтой.
-Хичээлийн хөтөлбөрүүд ямар хэл дээр явагддаг вэ?
-Дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүд нь ОХУ-ын Боловсролын яамаар баталгаажсан стандартын дагуу орос хэл дээр явагддаг. Гадаад хэлний хичээл дээр англи, герман, франц болон өөр хэл сонгон үзэх боломжтой байдаг.
-Тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл авах, тэтгэлэгт бүртгүүлэх хүсэлтэй оюутан залуус хаана хандах вэ. Мөн сонирхсон асуултаа танаас ямар утсаар холбоо барьж асуух боломжтой вэ?
-Буриадын улсын их сургуулиудад суралцах хүсэлтэй бол 9555 3562 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн дүнгийн хүснэгтийнхээ скайндсан хувь эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарыг buriadunis@ gmail.com хаяг руу явуулбал дүн шалгуур хангасан тохиолдолд ярилцлагад урина.
FB хаяг: Буриад улсын их сургуулиуд гэсэн хаягаар сонирхсон мэдээллээ нягталж харж бас болно. Ингээд нийт элсэгчдэдээ амжилт хүсье. ОХУ-ын Буриад улсын их сургуулиудад олон боломж, давуу талууд бий шүү. Бидний мэдээллийг заавал сонирхоод үзээрэй гэж хэлье. Мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа “Education Guide” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье!
Цаг, зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.