А.Алтантуяа: Дээлийн заханд хүний хийморь, сүлдний жанлав оршдог

Үндэснийхээ дээл хувцсаар гоёж, гангарах үнэхээр сайхан. Тэгвэл өнөөгийн монголчуудын оёдол, урлалын чиг хандлагыг тодорхойлон уламжлалын түүчээ болж яваа нэгэн эмэгтэй бол “Ур Ундрах”компанийн захирал А.Алтантуяа. Түүнийг уншигчид “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналтанд өөрийн гараар дээл урлаж бэлэглэдгийг сайн мэднэ. Уран бүсгүй эгэл олны гоёлоос эхлээд олны танил эрхмүүд, төрийн түшээдийн гоёлыг урласаар. Хүүхэд байхаасаа хөдөлмөрлөж, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэсэн түүний монголын оёдлын салбарт оруулсан хувь нэмэр их. 18 жилийн тэртээ байгуулсан компани нь өдгөө дотоод, гадаадын зочдын хөлд дарагддаг болжээ. Тэрбээр “Миний хувьд салбарын тоог нэмэхээс илүү хэрэглэгчдэд чанараараа танигдахыг хүсдэг. Хамгийн түрүүнд чанар гэдэг ойлголт хүмүүсийн толгойд буудаг бол тэр л амжилт. Ямар ч зүйлд тооноос илүү чанар амжилтын үндэс байдаг” хэмээн даруухан өгүүлсэн юм. Гэвч үйлчин бүсгүйн сэтгэлийг чилээж, санаа зовниж явдаг зүйл багагүй байдаг бололтойМонголын авьяаслаг, уран гартай оёдолчид ӨМӨЗО руу олноор гарч тэдний урласан бүтээлүүд тухайн улсын оёдлын салбарыг тодорхойлж,  монгол ур ухаан, донж, хийц, загвар харийн орны соёл болон хувирч байгаа нь даанч харамсалтай. Төрийн дэмжлэг дутсанаас үүдэн оёдолчид амьдралаа залгуулахын эрхээр ийн хилийн чанадыг зорих болсон нь нууц биш. Түүний халаглан өгүүлэх ярианаас монголын төр, төрийн түшээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих цаг нь нэгэнт болжээ. Монголын гэсэн бүхэн харийнхны өмч болж, өвөг дээдсийнхээ хойч үедээ өвлүүлж үлдээсэн гайхамшигт үнэ цэнэтэй зүйлсээ хүний гарт алдах вий гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Монгол хүний ур, ухаан, авьяас шингэсэн бүтээлүүд дэлхийд үнэлэгддэг болсон энэ цагт төр засаг нь дэмжээд өгвөл Монголын оёдлын салбар энд тэнд тархай бутархай байдлаар бус, нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө ажиллавал хөгжих боломж ойрхон байна. Өнөөг хүртэл уламжлан ирсэн монгол эмэгтэйчүүдийн маань  үйл, ур, учиг нь тасрахгүй үргэлжилсээр байг...

Уламжлалыг эх хүн, удмыг эцэг хүн авч явдаг

-Монгол түмний үндэснийхээ хувцсаар гоёдог хамгийн сайхан баяр бол наадам. Таныг хол, ойрын зочдын гоёлын захиалгад дарагдаад тун завгүй ажилладаг гэж сонссон?

-Тиймээ. Одоо ч захиалга тасралтгүй ирсээр л. Манай байгууллага зөвхөн наадам гэлтгүй жилийн дөрвөн улирал бүрт захиалга ихтэй байдаг. Тэр тусмаа цагаан сар, улсын их баяр наадмын өдрүүд ойртох тусам бидний ажил жирийн өдрүүдийнхээс илүү ихэсдэг. Монгол түмний эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн наадмын баяр надад дархлаагаа сэргээж буй мэт сайхан санагддаг юм. Хүчит бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнд зодоглож, хурдан хүлгүүд нь шандас сорьж, мэргэн харваачид нь цэц сорьдог энэ сайхан баяр монгол хүн бүхэнд омог бахархал төрүүлдэг. Азийн орнуудаас Монголчууд шиг эрийн гурван наадмаа хотол олноороо тэмдэглэдэг улс дэлхийд ховор.

Зуны дэлгэр цагт сэтгэл тэнүүн нааддаг ард түмэнтэй улс Монголоос өөр байхгүй гэдэгт итгэдэг. Би 40 жил ард түмнээ наадам, цагаан сар гэсэн үндэсний томоохон баяр ёслолуудаар хувцаслаж ирлээ. Хүмүүс жилээс жилд үндэснийхээ хувцсаар гоёж, ёс заншлаараа бахархах болсонд баярладаг. Монголчуудын түүх соёл, уламжлалаа сэргээх сэрэхүй, мэдрэхүй сэргэж байгаа нь тун таатай. Энэ бүхэнд манай олон түүхч, эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгчид зохих ёсоор хувь нэмэр оруулж байгаа. Гадаад амьдардаг элэг нэгтнүүд маань ажиллаж амьдарч буй газраа үндэснийхээ наадмыг хийдэг болсон. Үүнээс улбаалаад монгол үндэсний хувцас өмсөх сонирхолтой гадаад хүмүүсээс манайд захиалга их ирэх боллоо.

-Та Чингис хааны зарлигтай хувцас гурван жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Одоо ч олны сонирхлыг татдаг хэвээр байна билээ?

-Би олон зохиолч, яруу найрагчидтай ойр дотно  нөхөрлөдөг. Монголын зохиолчидбүгдээрээ соён гэгээрүүлэгчид, ардтүмнээ сайн сайханд дуудаж, гэрэл гэгээтэй сайхан бүхний эхлэлийг тавьж байдаг гэдэгт итгэдэг. Тийм байгаасай гэж бодож, жил бүр “Болор цом”-ын эзнийг дээлээр мялаадаг юм.Тэдний дундаас Т.Галсан, П.Бадарч гуай нараас “Хааны зарлиг сургаалыг монгол бичгээр монгол цамц дээр буулган тавих  ямар вэ. Ингэх нь зохих уу”гэж асуусан. Тэр сургаалд “Олон аймгийн хүмүүс юу бодож байгааг мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суудалд суумагц өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс алсдаа төрийн ёсонд харш. Эцэс хойчдоо бол үр ач залгамжлагч нарт муу суртал үлдэх халтай гэсэн утга бүхий үгтэй. Монгол хүн таван хошуу малаасаа хүлэг морио их дээдэлдэг. Тиймээс монголчуудын үндэсний хувцас ахуй соёлоосоо хол байдаггүй. Ёс заншилтайгаа уялдаа холбоотой байдаг болохоор хүлэг морийг цамцны баруун талд нь дээдлэн байршуулсан юм. Ийн урласан хувцас маань олон хүнд таалагдсан. Саяхан Сүхбаатар аймгийн яруу найрагч АйТөмөр-Очир зорин ирж дээл, цамц оёулахдаа “Морь гайхамшигтай амьтан. Монгол түмний дээдэлж ирсэн молор эрдэнэ” хэмээн хэлж байлаа.

Монгол хүн эх орондоо эзэн байх хэрэгтэй. Үндэсний хэл, сэтгэлгээ, нүүдлийн ахуй соёл, ёс заншил, таван хошуу малаасаа салбал бид хэн ч биш болно. Биднийг  уламжлал, ёс заншил олон таагүй зүйлээс аварсаар ирсэн, аварч ч байгаа.

-Миний хувьд эх орноо уламжлал дээрээ тулгуурлаж хөгжөөсэй гэж хүсдэг. Монгол оронд аятай тухтай амьдрах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдийнхөө хийж бүтээснээр бахархах цаг ирнэ гэдэгт найддаг л юм?

-Монголчууд дэлхийд гайхуулж бахархах олон зүйлтэй.  Чингис хаан сургаалдаа “Өөрсдийн хийснийг хүртэж, өөрсдийн урласныг өмсөж байгаарай” гэж захисан байдаг юм билээ. Бид хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй зүйлийг брэнд гэж бодож өмсдөг, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй баталгаагүй хоол хүнс хэрэглэж өөрсдийгөө хордуулж байгаад сэтгэл их эмзэглэдэг. Брэнд гэх  харийн сэтгэлгээнд хүлэгдэж, хүний хийснийг амттай гэж өөрийн үндэсний бүтээгдэхүүнийг голсон цамаан сэтгэлгээ газар авч байгаад харамсдаг. Монгол хүн буянт малынхаа үр шимийг харамгүй хүртэж ирсэн. Тиймдээ ч гайхамшигтай хооллох соёлтой ард түмэн. Гэтэл олны дунд “Ядуу хүн мал саадаг, ядмаг хүн дээл өмсдөг” гэх үг гарсан байх юм. Өвлийн хахир хүйтэн, хаврын хавсарга шууганд европ хувцас өмссөн хүн л осгосон талаарх мэдээг сонссоноос биш дээл өмссөн хүн осгосон тухай би лав мэдэхгүй. Миний аав ээж малчин хүмүүс. Ахад маань үстэй дээл, эсгий гутал, өмсүүлээд, шар тос, ааруул хурууд хониныхоо бэлчээрт идээрэй гээд өгөөд явуулдаг байсан. Орой мал хотлуулах гээд ирэхдээ ах минь улаа бутарсан хацартай халууцаж ирдэг байсныг санаж байна. Энэ мэтчилэн үндэсний хувцасны үүрэг, ач холбогдол, гайхамшгийн талаар ярьж баршгүй. Монгол хүн эх орондоо эзэн байх хэрэгтэй. Үндэсний хэл, сэтгэлгээ, нүүдлийн ахуй соёл, ёс заншил, таван хошуу малаасаа салбал бид хэн ч биш болно. Биднийг  уламжлал, ёс заншил олон таагүй зүйлээс аварсаар ирсэн, аварч ч байгаа.

                Хөдөлмөр хүнийг хүчтэй, хүнлэг болгодог

-Өнөөгийн залуус гадагшаа гарч ажиллах сонирхолтой болсон. Үүнд нийгмийн амьдралаас өгсүүлээд олон зүйл нөлөөлдөг л байх. Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь залуучууд ид ажиллах насандаа хилийн дээс алхаж байгаатай холбоотой болов уу? 

-Өнөөгийн нийгэмд дээд боловсролтой ажилгүйчүүд их байна. Залуус алхам тутамдаа монголоос явж, ямар нэг нэг оронд ажиллаж байвал боллоо гэж боддог болжээ. Хүний нутаг хэзээ ч эх орон шиг сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй.Тэнд очсон хүн лав жаргалтай амьдрахгүй, ажлын хамгийн хүнд, хэцүүг хийж хэдэн төгрөг зовж олно. Хүн хэзээ ч сайхан зүйлээ харийн хүнээр хийлгэдэггүй юм шүү дээ. Гадаадад ажиллаад зарим нь зоостой болоод ирж байхад зарим нь золгүй байдлаар амь алдсаар л байна. Залуус гадаадад ямар ажил хийх гэж, тэнд очоод ямар байдлаар амьдрах гэж байгаагаа сайн судалж явах хэрэгтэй. Хүмүүс ээ, эх орноо муу, муухай гэж битгий гол. Монгол орны газар шороо таны эзэн байх хил хязгаар юм шүү. Нутгаа бүү муул, тэр чиний унасан газар, угаасан ус чинь юм. Хэлд орж, хөлд орж өссөн газар шороогоо зүхэж битгий  хараа. Муу ч гэсэн миний гэж бардам хэлэх улс чинь юм шүү дээ.

Монголд оронд тулгамдаж буй олон асуудал бий л дээ. Гэхдээ аль болох давах туулах гарцыг үндэсний үйлдвэрлэгчид бид эрж хайж байна. Бид хүний гарыг харах ёсгүй, өөрсдөө хөдөлмөрлөж хөгжих хэрэгтэй. Миний ажилласан он жил бага биш. Өнөө үед монголд оёдолчин олдохгүй байна гэвэл бүү гайхаарай. Энэ үнэн. Ихэнх оёдолчид амьдралаа залгуулахаар өмнөд хөршийг зорьж байгаа нь худлаа биш. Малчид нь өмнөд хөршийнхний малыг маллаж байна. Өнгөрсөн жил би ӨМӨЗО-ны олон аймаг хошуугаар явлаа. Хошуу, аймаг болгонд монгол оёдолчид байна. Тэнд эмэгтэйчүүд  гэрлэж  үр хүүхэдтэй болжээ. Хайран сайхан монгол бүсгүйчүүд минь, хайран сайхан монгол удам, цэвэр ариун цус минь ингэж булингартах гэж дээ гэж харамсан халаглаж явсан.Эрчүүд гадагшаа ажиллахаар явснаас болоод 100 мянган орчим эмэгтэйчүүд ганц бие амьдарч байгаа тухай сонссон. Монголын хүн ам, үндэсний аюулгүй байдал алдагдах нь ээ. Эх орноо эрчүүд нь хамгаалдаг байтал монголд хөгшид, хүүхдүүд нь галаа манаж хоцрох нь. Эрчүүдгүй эх орон эзэнгүй айлаас ялгаагүй. Эцэст нь эх оронтой хүн сэтгэл тэнэгэр, тэргүүн дээгүүр, минийх  гэж хэлэх зүйлтэй бардам амьдардаг юм шүү.

Бид ертөнцийн есөн бүтнээр амьдармаар байна. “Нартай байвал өдөр нь бүтэн, сартай байвал шөнө нь бүтэн, эртэй байж эм нь бүтэн, үртэй байж гэр нь бүтэн, дуутай байвал найр нь бүтэн, дуртай байвал хайр нь бүтэн, ухаантай байвал хүн нь бүтэн, хүнтэй байвал дэлхий бүтэн, дэлхийтэй байвал хорвоо бүтэн байна” гэдэг үг бий. Нэг эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр зүйл сонирхуулж ярья. Одоогоос 10 жилийн өмнө манай байгууллага дээр нэг нэртэй том сайдын хүүхэд ирээд хувцас захиалахаар боллоо. Гэтэл биеэс нь хувцасны хэмжээ авахаар дөхтөл дөлж зугатаад болдоггүй. Гайхаад асуутал аав нь “Манай хүүхэд монгол хүн харахаар айгаад байдаг юм” гэж хэлээд намайг шокод оруулах дөхөж билээ. Монгол хүнийг монгол хүнээ хараад айж уйлдаг хүн болгож өсгөнө гэдэг чинь юу гэсэн үгвэ. Энэ бол монгол хүний сэтгэлгээнд нүүрлэсэн хамгийн том эмгэнэл. Хүүхдээ харийн иргэн болгож, хүний нутагт амьдруулахаар яаж Монгол Улсын тухай мэдэх юмбэ. Хатуухан хэлэхэд монгол эцэг эхтэй, хүний нутагт өссөн харийн хүн болж байна. Монголд өсөөгүй хүнийг Монгол хүн гэж хэлэх хэцүү.

Монгол хүн байсан цагт монгол хувцас байх болно. Бид гэр бүлээрээ үндэсний хувцасны эсгүүр, оёдол, загвар дизайныг цааш хөгжүүлнэ

-Удам гэснээс та аав, ээжийнхээ аль аль талаас уран удамтай гэл үү. Удам гэдэг урлан бүтээх төдийхнөөр бус үеийн үед өвлөгдөн үлддэгээрээ гайхамшигтай юм?

-Хөдөлмөр хүнийг хүчтэй, хүнлэг болгодог. Намайг олон сайхан хүмүүс хүрээлдэг. Энэ бол үндэсний хувцас урлаж байгаагийн минь буян.Зорьж ирдэг олны итгэлийг дааж яваадаа баярладаг. Тиймээ,би өөрийгөө хүн байж чадаж байна гэж боддог. Монголчуудад уран хүнийг хүндэлж ирсэн сайхан уламжлал одоо ч бий. Би аав, ээжийнхээ талаас уран удамтай. Аав маань намайг бага байхад чанасан хонины толгойны тагнайг аваад “Миний охин уран болоорой”, харин хүүдээ шийр өгөөд“Миний хүү сайхан бөх болж сайн барилдаарай”гэж ерөөдөг байлаа. Бидэнд “Эр төвшин бол гэр төвшин гэдэг юм. Аавынхаа амьдад нэр хугалав, бурхан болохоор яс өндөлзүүлэв. Айл аймгийнхаа улстай эв найртай яваарай, настай хүнийг хүндэлж яв. Хүн ахтай дээл захтай гэдэг. Дээлийн заханд хүний хийморь сүлдний жанлав оршдог. Дээлийн захыг залгахаар тэндээ амь нь ордог юм шүү” гэж аав, ээж минь захидаг байв.Би охидоо багаас нь үйлэнд сургасан. Охид маань хүүхэд байхдаа дээл хавж, товч зангидаж, шилбэ хадаж сурсан.

Манай хүүхдүүд багаасаа хувцас загварын ертөнцөд өссөн. Ханийг маань С.Бямба гэдэг. Нөхөр маань хурган дотортой дээлний үсийг гаргууд тааруулна. Одоо бага охин маань манай үйлдвэрт малгайны  дизайнер, том охин хувцасны дизайнераар ажиллахын хажуугаар санхүү тооцоогоо хариуцдаг. Монгол хүн байсан цагт монгол хувцас байх болно. Бид гэр бүлээрээ үндэсний хувцасны эсгүүр, оёдол, загвар дизайныг цааш хөгжүүлнэ. Манайх дөрвөн зээ охинтой, бүгдийг нь оёдолчин болгож үйлдвэртээ ажилуулна гэж боддог. Уламжлалыг эх хүн, удмыг эцэг хүн авч явдаг. Тиймээс уламжлалыг би үеийн үед үргэлжлүүлэн авч явна. Би зээ нартаа “Та нар уламжлалаа дээдлэн хүндэлж яв. Хүнээс гуйхгүй амьдрахад энэ бүхэн хэрэг болно” гэж захидаг юм. Үр хүүхдүүдээ сайн хүн болгоё гэвэл багаас нь уламжлал, ахуй, соёлтой ойр өсгөх хэрэгтэй. Үндэснийхээ гэсэн бүхэнтэй ойр өссөн хүн зөв хүн болж төлөвшдөг.

-Залуус маань уламжлал болсон баяр ёслолоор үндэснийхээ хувцсаар гоёж байгаа нь сайн  хэрэг. Гэхдээ ямар үйл ажиллагаанд ямар өнгөтэй хувцас өмсөхөө төдийлэн сайн мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Танд ч бас анзаарагддаг биз?   

-Өвөг дээдэс маань балчир хүүхдэд уужим чөлөөтэй, өнгөлөг дээл өмсгөж ирсэн. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг.Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг байж. Монголчууд 25 насыг "нас бие гүйцлээ" гэж ярьдаг. Эхлээд даавуугаар хийсэн хувцас өмсөж, 25 нас хүрэхээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг уламжлалтай байсан. Чингис  хаан “Миний байгуулсан улсын ард олон намрын загсаасан өрөмний дотор шиг шаргал өнгийн хувцсыг эрхэмлэж,  найр наадам, сар шинээр өмсч яваарай” гэж захисан байдаг. Гэтэл үндэсний хувцасны маш өндөр соёлтой улсын иргэд хэрнээ манайхан найр наадам, баяр ёслолд хар хувцас өмсөөд очиж байна. Хар хувцсыг уй гашуу, хүний хойдын ажил явдал, оршуулгын ёслолд өмсдөг. Унгараас ирсэн нэг томоохон зочин надад “Миний хувьд Монголчуудыг хувцасны гайхалтай соёлтой орон гэж боддог. Гэтэл танайхан яагаад найр наадамдаа хар өнгийн хувцас өмсөж ирдэг юм бэ.Ингэх нь маш буруу” гэж хэлж билээ. БХЯ-ны харьяа “Бөртө”ТӨҮГ-ын ерөнхий захирал, хурандаа Б.Эрхэмбаяр ирж уулзаад “Танаас зөвлөгөө авч байгаад хүндэт харуулын хувцасны загварыг өөрчилмөөр байна” гэхэд нь “Үүнийг би ганцаараа шийдэж чадахгүй. Хүндэт харуулын хувцас ямар байхыг ард түмэнтэйгээ зөвлөлдөж байж өөрчилье” гэж хариулсан. Миний хувьд гаднынханд нүүр царай болдог онгоцны үйлчлэгч, орчуулагч, хөтөч нарыг Монгол Улсаа илэрхийлэн, таниулах үндэсний хувцсаа өмсдөг байгаасай гэж хүсдэг. Залууст брэнд хувцас гэж  хошуурч гүйхээр эхлээд өөрийнхөө хувцсыг өмсч үзээд ямрыг нь мэдэрчих гэж хэлмээр байна.

                              “Ур Ундрах” нэр манайхыг өөдрөг явуулж байгаа

-Аав ээжийнхээ талаас уран удмыг өвлөж, нэр хүндийг нь сайнаар өргөж явна гэдэг таны хувьд өндөр хариуцлага байдаг болов уу?

-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хархорин сум. Би өнөр олуулаа өссөн. Манай ах нар авдар, ор гэрийн тавилга, эд хогшил сайхан урладаг. Үр хүүхдүүдэдээ хүртэл ур хийцээ өвлүүлж яваа. Хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хөөрөгний даалин оёдог. Нутагтаа нэрд гарсан уран гартай бүсгүй бий. Бага охин дүү уран хатгамал, нэхмэлийн урлалд гаргууд. Манай аав Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Дархан Даш хэмээх аавын минь ах, нэртэй уран хүн байлаа. Ээжийн минь талд уран дарханчууд бий. Өвөрхангай аймгийн Хужирт суманд Цогтбаатар хэмээх ээжийн минь төрсөн дүүгийн хүүхэд бурхны гуу урладаг уран дархан хүн бий.

Би 2013 онд Далай лам Данзанжамц багшид бараалхаж уулзсан. Далай ламд бараалхах өч төчнөөн хүн байлаа. Дэлхий дээр амьдарч буй хүн бүхэнд эхлээд хоол хэрэгтэй, удаах нь мөрөнд углах хувцас, гурав дахь нь гэгээрэх ном соёл байдаг. Тэгсэн хамгийн эхэнд Далай ламын хоолыг барьсан хүн, хоёрт намжир буюу номын хувцас барьсан хүн, гуравт би зогсож байсан. Тэр үед Өндөр гэгээн Занабазарын эдэлж хэрэглэж байсан монгол үндэсний дээлийг хуулбарлан Хубилай хааны малгай, бүстэй бэлэг болгон барьсан юм. Яг тэр мөчид өөрийгөө гэхээс илүү Монгол хүн ямар азтай юм бэ гэж билэгшээн бодож зогссон. Би дэлхийн үндэсний хувцасны үзэсгэлэнд оролцоод хоёр мөнгөн, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тэгэхээр Монголчуудын ёс заншил, түүх ахуй соёл, үндэсний хувцасны гайхамшгийг өгүүлж баршгүй юмдаа.

-Хүн болгон уран байдаггүй шүү дээ. Уран байна гэдэг бурхны өгсөн хишиг юм уу  даа гэж бодогддог юм?

-Тийм ээ, уран удамтай байна гэдэг сайхан. Манай байгууллагын “Ур Ундрах” нэрийг бурханч лам Г.Пүрэвбат өгсөн. Аливаа үйл хэрэг нэртэй их холбоотой байдаг. “Ур Ундрах” нэр манай байгууллагыг өөдрөг явуулж байгаад их билэгшээдэг юм. Би Г.Пүрэвбат ламд өөрийн гараар монгол цамц урласан, удахгүй гардуулж өгнө. Монголчууд бурхны сургаал номлолыг өрх гэр тусгаарлах, хурим найр хийх, хүүхдийн сэвлэг үргээх, ажил үйлс бүтээх, хойдын буян үйлдэх гэх мэтээр амьдралын аар саар жижиг зүйлд ашилаж байна. Гүн ухааны том судлагдахуунтай шашны салбарыг ажил, амьдралдаа зөв ашиглаж сурах хэрэгтэй. Бурхан багшийн сургаал угтаа хүнийг зөв хүн болгодог. Хүн өглөгч сэтгэлтэй байж  буян үйлддэг юм. 

-Ханийнхаа тухай яриач. “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг үг байдаг . Таны дэргэд байсаар байгаад уран болчихсон байлгүй?

-Хань маань залуудаа аавтайгаа хамтраад гэрийн тавилга урладаг байв. Тоонот гэрт толгой холбохдоо нөхөр маань гэрийнхээ бүх эд хогшлыг өөрийн гараар урласан.  Манай Өвөрхангайд уран дархчууд олон. Тэр дундаа уянгын цоохор гэрээр улсдаа алдартай нутаг.  Нөхөр бид хоёр нэг нутгийнх. Би халамжтай сайн ханьтай. Намайг захиалгад дарагдсан ажил ихтэй үед нөхөр дээл хаваад өгчихнө. Үнэнийг хэлэхэд 40 жил ханилахдаа сар шинийн бууз би чимхэж үзсэнгүй. Нөхрийгөө анх танилцаж байхад нь “Чи надтай ханилъя гэж бодож байгаа бол гэрийн ажлаа өөрөө хийнэ шүү” гэж шударга хэлж байлаа. Тэр үед надад дээлний захиалга их ирдэг байсан болохоор гэрийн ажил хийх зав гардаггүй байв. Аав хүртэл нөхрийг маань хүргэн болж байхад “За хүү минь манай охиноор олон хүн дээл урлуулах гэж ирдэг юм шүү” гэж хэлж байлаа.

Нэг хөгжилтэй дурсамж байдаг юм. Манай нөхөр надтай танилцчихаад ээжийнхээ хийж өгсөн дээлийг голж л дээ. Тэгсэн ээж нь“Чи тэгвэл уран эхнэр аваад өмсөх дээлээ хийлгээрэй” гэж. Манай хүн ч “Би уран гартай эхнэр заавал авч сууна” гэсэн гэдэг. Бидний үеийн залуус тэр үед гурван эмжээртэй, нударгатай дээлээр гоёно. Нөхөр дээлийн сайныг өмсөж, уран эхнэртэй гэдгээ нутгийн залууст харуулдаг байсан гэдэг. Одоо ч гэсэн намайг завгүй байвал зүү сүглэчихсэн цамцныхаа товчийг хадаж суудаг юм. Залуу байхад надаар гоёлоо урлуулах гэж олон хүн ирнэ. “Дээл урлаж суугаа чамд зав гарахгүй. Тиймээс би танай сар шинийн буузыг чимхэе, мод түлээг чинь хөрөөдөөд гадаах ажлыг чинь амжуулчихъя” гээд хийдэг байлаа шүү дээ. Битүүний орой хүмүүсийн гоёлыг арай гэж урлаж дуусгаад л сар шинийн өглөөтэй золгодог байлаа. Би оёдолчин болсондоо үнэхээр баярладаг. Хэрвээ утас, зүүтэй нөхөрлөөгүй бол түмэн олон намайг зорьж ирэхгүй шүү дээ.

Монгол эмэгтэйчүүд удам тээж яваагаа мартаж болохгүй

-Таны бодлоор үндэсний хувцас үйлдвэрлэгчдэд ямар асуудал их тулгарч байнавэ?

-Оёдлын салбарт ажиллах хүн олдохгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Ингэж хэлбэл хүмүүс гайхах л байх.Гэхдээ үнэн зүйлийг нуухгүй ээ. Монголын залуучууд эр, эмгүй залхуу болчихож. Гараа хөдөлгөхөөс илүү аль болох амар хялбар аргаар амьдрахыг боддог болжээ. Энэ бол арчаагүй зан юм. Монголд 800 мянган төгрөгийн цалинтай ажлыг бага гэж голж байна. Би Баянхонгор аймгаас ирсэн нэг эмэгтэйг үйлдвэртээ оёдолчноор авч,нэг өрөө байранд оруултал голоод өмнөд хөрш рүү оёдол хийхээр яваад тэнд хүнтэй суусан. Монгол эмэгтэйчүүд гадагшаа гарч байгаа нь өнөөгийн нийгэмтэй холбоотой. Улсаа бодож зөв бодлого барьж хөгжүүлэхгүй байна улстөрчид. ӨМӨЗО-ныхон төрийн албан хаагчаа гадагш нь гаргадаггүй. Үүнийг ч гэсэн Монгол Улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Ардчилсан нийгэмтэй гэх нэрийн дор манайхны хэрээс хэтэрсэн үйлдэл эх орноо олон таагүй зүйлээр гутааж байна. Эцэст нь Монгол гэх улс түүхгүй, соёлгүй, сэтгэлгээгүй, тусгаар тогтнолгүй, цэвэр цусгүй болох нь. Миний нэг танил таван хүүхдээ гадагш нь явуулж сургасан юм. Хүүхдүүд нь харийн хүнтэй ханилсан. Гэтэл танил маань монголд зутруухан амьдарч явна. Үр хүүхдүүд нь ч эцэг эхээ харж үзэхгүй болтлоо харийн амьдралд уусаж байгаа нь аймшигтай. Насны эцэст үр хүүхдүүдийнхээ хайр халамжийг хүртэхгүй юм бол төрүүлж өсгөсний хэрэг алга. Монгол эмэгтэйчүүд удам тээж яваа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

Миний хувьд үндэсний хувцсаа ястан үндэстэнийх нь хувцасны судалгаанд тулгуурлаж иж бүрнээр урлах томоохон зорилт тавьж байгаа

-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс, хаан төрийн хүрэм энэ таван зүйл байхад монгол хүний үндэсний хувцасны иж бүрдэл болдог гэж та хэлдэг шүү дээ?

-Монголчууд хэнээс ч,юунаас ч дутахгүй сайхан гоёлтой. Арабын Дубайн баян шахууд үндэснийхээ хувцсыг хаана ч явсан дээдэлж өмсдөг.  Брэндийн боол болчихоод өр тавьж өмсөж байгаа залуусыг хараад үнэндээ их өрөвдөх юм. 1918 онд Английн хувцас судлаач монголд ирээд үндэснийх нь хувцаст судалгаа хийж 300 гаруй нэр төрлийн хувцсыг олж мэдээд авч явсан байдаг. Ингээд бодохоор бид үнэ цэнэтэй, гайхалтай, гайхамшигтай зүйлсээ харийнханд алдсаар байна.

Миний бодож явдаг олон зүйлийн нэг нь эмэгтэй хүнийг гадагш нь битгий явуулж байгаасай. Тайландаас ирсэн нэг хүн мөнл надад “Танай улс хүнээ гадагш нь ямар их экспортолдог юм бэ. Манай улс 68 сая хүн амтай. Гэхдээ хүмүүсээ гадагш нь танайх шиг экспортолдоггүй. Өнчин, харах хандах хүнгүй, улсын асрамжинд байдаг хүмүүс л гадаадад гардаг” гэхэд нь “Та яаж монголыг хүмүүсээ гадагш нь гаргадаг гэдгийг мэдсэн юм бэ” гээд асуутал өөдөөс CNN TV-ийн мэдээг үзэхдээ монголын иргэд БНСУ, АНУ-руу явахаар элчин сайдынх нь гадаа виз авах гээд уртаас урт жагссан байхыг харсан” гэж хариулж билээ.

-Таны ажлын ширээн дээрх “Монгол Хувцас”гэсэн ном сонирхол төрүүлээд л байна.Магадгүй, үндэсний хувцаст судалгаа хийхэд хамгийн их хэрэг болдог номны нэг байх?

-Миний ширээн дээр хувцас загварын судалгааны хэд хэдэн ном бий. Би ажил дээрээ ч, гэртээ ч уншдаг юм. Монгол Улс 33 үндэстэн ястантай, 300 гаруй нэр төрлийн хувцастай. Энэ судалгааны номнуудыг уншиж байж үндэсний хувцаст эрэл хайгуул, шинэчлэл хийнэ, бас хөгжүүлнэ. Хөгжүүлж байж гадна дотны хүмүүсийн нүүрийг тахална шүү дээ. Судалгааны номноос надад суралцах зүйл их байдаг. Тиймдээ ч өдөр бүр уйгаггүй судалж, суралцаж байна. Миний хувьд үндэсний хувцсаа ястан үндэстэнийх нь хувцасны судалгаанд тулгуурлаж иж бүрнээр урлах томоохон зорилт тавьж байгаа. Ажиглаж байхад Ар халхын үндэсний хувцсыг хүмүүс голдуу өмсдөг болохоос биш Буриад, Тува, Халимаг хувцас өмсдөг хүн ховор. Монголчууд дээр үеэс үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан.Буриад хүн буриад, Баяд хүн баяд хувцсаа өмсөх нь зөв юм. Дархад уу эсвэл буриад, халх, үзэмчин, ойрад, торгууд, захчин хүн үү гэдгийг өмссөн дээлийг нь хараад ялгадаг байсан тэр цаг үе шиг өнөөгийн хүмүүс ч гэсэн ямар үндэсний хувцас өмссөн бэ гэдгийг хараад л мэддэг байх хэрэгтэй.Тиймээс ураг төрлийн баяр хийж байгаа хүмүүс өөрийн ястан, үндэстэнийхээ хувцсыг дээдэлж өмсдөг байгаасай.

                                                                                    

                                                                                                      Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа