"Оюутан цэрэг"-үүдийн сургалтын төлбөрийг чөлөөлж, хөнгөлт үзүүлнэ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалт"-тай Батлан хамгаалахын дэд сайд болон тус хөтөлбөрт хамтарч буй сургуулийн захирлууд өнөөдөр танилцлаа. 

Их,  дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөр Ерөнхийлөгчийн санаачилгаар зургаа дахь  удаагаа хэрэгжиж байна.

Оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна. Эрчимжүүлсэн вакум сургалт нь нэг жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаан оюутан сурагчдад мэдлэг, дадлага олгож байгаагаараа онцлог юм. Энэ жилийн хувьд ҮБХИС-иас оюутан цэргүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байр, танхим барьсан байна. 

Энэ талаар Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ "Оюутан цэрэг хөтөлбөрийн нөхцөлийг сайжруулахаар БХЯ-наас  энэ жил нэг тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгөөр 10 байр барьсан. Мөн жагсаалын талбай, бусад тоноглол зэргийг сайжруулсан.

Их, дээд сургуулийн захирлуудын хэлж буйгаар, өмнөх жилийн оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан оюутны зан төлөвшил, бие бялдар, суралцах чадвар, хувь хүний чадварт ахиц гарсан хэмээн эерэг сэтгэгдэлтэй байна. Үүнд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Оюутан цэрэг хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутны сурлагыг дэмжих зорилгоор, сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв. 

 

Оюутан цэргүүд өнөөдрийн хээрийн бэлтгэлээр гранат шидэж, буудлага гүйцэтгэх бол өөр хэсэг нь танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөж, гал түймэр болон саадтай газар орныг туулж байлаа. Тэдний ойролцоо хэсэгт сурагчид байлдааны үед хэрхэн отолт хийж дайсны амьд хүчийг олзлох, хээрийн нөхцөлд хэрхэн гал түлж, амь зогоох, модны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд амьд гарах арга ухааны олон зүйл сурснаа албаныханд сонирхуулж байв. 

Шинэ Анагаах ухааны дээд сургуулийн оюутан А.Цэрэндорж, "Өнөөдрийн үзүүлж буй хээрийн бэлтгэлд хамрагдсанаар маш их зүйл сурсан. Тухайлбал, гал асаах нөхцөлгүй, хээр явж байгаа үедээ хэрхэн гал асаах, хээр хоноглохдоо өөрийн ая тухтай байдлаа хангах, ан амьтан урхидаж барих гэхчлэн амьдрах ухаанд суралцсан" хэмээн ярьж байлаа. 
 

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна.

Сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийг хамруулсан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг нэмж, хамрах хүрээгээ тэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.63.252)