Битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г шинээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар буюу 2019.08.07-нд нийслэл хотод Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү цогцолбор нь 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна гэдгийг албаныхан хэлж буй юм.

Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.144)