Баруун, зүүн аймгуудын нутгаар аадар бороотой байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, өнөөдөр буюу энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Мөн энэ сарын 9-ний байдлаар, Хэнтэйн нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангайн нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ,  Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд  голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.  

Түүнчлэн үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх ,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.229)