Мексикт ШТС-уудыг цэргүүд хяналтандаа авчээ
Мексик даяар шатахууны хулгай газар авснаас тус улсын ерөнхийлөгч төрийн өмчит газрын тосны Pemex компанийн байгууламжуудыг хамгаалуулахаар 1000 орчим цэргийг өчигдөр дайчилжээ. Нийтдээ 4000 орчим цэрэг, цагдааг Petroleos Mexicanos (Pemex) компанийн шатахуун түгээх, хадгалах байгууламжуудад хуваарилсан байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Pemex компанийн ажилтнууд болон гэмт хэргийн бүлэглэлүүд шатахуун хулгайлах явдал газар авснаас орон даяар зохиомол хомсдол үүссэн гэнэ. Даваа гарагийн үүрээр Тамаулипас дахь газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжуудад зэвсэгт хүчнийхэн хяналтаа тогтоосон байна.
Мексик даяар нийтдээ зургаан боловсруулах үйлдвэр, 39 нөөцлөх байгууламж, түгээх станцуудыг арми хяналтдаа авжээ. Цэргүүд зөвхөн байгууламжуудыг хамгаалаад зогсохгүй шатахуун түгээх үйл явцыг хянаж байгаа гэнэ. Шатахууны хулгай газар авснаас Мексик даяар зохиомол хомсдол үүсэж, шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсдэг болоод байгаа. Дөнгөж өнгөрсөн сард тангараг өргөсөн ерөнхийлөгч Лопез Обрадор ажилдаа ормогц шатахуун хулгайлах явдалтай армийн тусламжтайгаар тэмцэхээ амлаж байжээ. “Бидэнд шатахуун хангалттай бий. Хангалтад санаа зовох хэрэггүй. Бид зөвхөн түгээлтэд анхаарал тавих ёстой” гэж Обрадор хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.
Одоогоор Мексикийн хэд хэдэн муж улс шатахууны хомсдолд ороод байна.
https://youtu.be/XaXwwN16x4k
Эх сурвалж: US News