С.Амарсайхан: Газраа чөлөөлөхгүй нэг айлаас болж, нийслэлийн далан сувгийн ажил гацаж болохгүй

Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны орчмын айл өрх, гудамж талбайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар барих нийт 3.6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2.7 км-ийг н ь барьжээ.Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн ч зарим айлууд газраа чөлөөлөөгүйн улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр, “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийж байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын Захирагч С.Амарсайхан, “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга.

Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй.

Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд.

Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.237)