Цэцэрлэгийн хүүхдийн гэрээг эцэг, эхчүүд 26-28-нд байгуулна

Эцэг, эхчүүд наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд гэрээ байгуулах шаардлагатай.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 22-нд эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжлэх ба бүртгэл дуусахад 15 хоногийн хугацаа үлдээд байна.

Эцэг эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм.

Хэрэв интернэт орчинд ажиллах боломжгүй тохиолдолд долоодугаар сарын 25-наас тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой.

Энэхүү үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн цахим бүртгэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянган хүүхэд нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд бүртгүүлэх тооцоо гарчээ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг цахим хэлбэрээр бүртгэнэ. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх бүртгэл уламжлалт аргаар явагдах юм. Иргэд бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстой.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.218)