Ерөнхий сайд Налайхын замын үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаж, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.
Энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн дээрх ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 20 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх нийт хугацаа 15 сар юм. Гэсэн ч Ерөнхий сайдын зүгээс, гүйцэтгэлийн ажлаа эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, энэхүү авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүстэй холбогддог гол гарц бөгөөд энэ хэрээрээ хөдөлгөөний эрчим ихтэй.
Тиймээс авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлж, арваннэгдүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн нээхээр холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл болгон ажиллаж байгааг дуулгав.
Улаанбаатар-Налайхын авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл болон Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамаардаг. Энэхүү өргөтгөлийн ажлын хүрээнд зорчих хэсгийн өргөн 16 метр, 10 сантиметр зузаан асфальтбетон хучилттай, далангийн өргөн 26 метр, дөрвөн ширхэг нүхэн гарц, нэг ширхэг 20.75 у/м гүүр, 33 цэгт ус зайлуулах хоолой, долоон байршилд нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний болон унадаг дугуйн замтай болж шинэчлэгдэх юм.
Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлт нь ойг угтсан жишиг бүтээн байгуулалт болохыг албаны хүмүүс онцоллоо.
Эх сурвалж: www.news24.mn