17.8 их наяд төгрөгийн зээлийн 60 хувь нь бизнесийнх байна
Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд 2018 оны эцэст 6.9 хувьд, 2019 оны эхний улирлын байдлаар 8.6 хувьд хүрсэн үзүүлэлттэй байгаа. Тэгвэл энэ өсөлтөд нийлүүлэлт талаас уул уурхай, боловсруулах, үйлчилгээ, эрчим хүчний салбар голлох эерэг нөлөөг үзүүлсэн. Харин эрэлт талаас зах зээлд оролцогчдын итгэл сайжирснаар хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голчлон нөлөөлснийг тоо баримт харуулж байна.
Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дагавар өнгөрсөн онуудтай харьцуулахад дундаж цалингийн өсөлт, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
ҮСХ-ноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс харахад өрхийн дундаж нийт мөнгөн орлого 2019 оны нэгдүгээр улиралд 1.147.5 мянган төгрөг, үүнээс цалингийн орлого 10.5 хувиар тэлж 615.34 мянган төгрөгт хүрчээ. Эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбаруудын хувьд дундаж цалин 729.9-2.825.1 мянган төгрөгийн интервалд байна.
Боловсрол, эрүүл мэнд, барилга, төрийн захиргаа, уул уурхай, ХАА, худалдаа, боловсруулах салбарын цалин 10.8-22.7 хувиар өссөн байгаа юм. Эдийн засгийн өсөлт, идэвхжил нэмэгдэхийн хэрээр иргэдийн хэрэглээ, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өмнөх жилүүдээс өсөж буй. Банкны салбараас олгосон нийт зээл 2019 оны тавдугаар сарын байдлаар 20 хувиар өсөж 17.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 60 хувь нь бизнесийн зээл, үлдсэн нь иргэдийн ипотек, цалин, тэтгэвэр гэх мэт хэрэглээний зээл аж.