Япон поп соёлын фестивалийн онцлох зүйлс
Япон поп, соёл сонирхон шимтэн дурладаг залуусын хамгийн их хүлээдэг зүйл бол яахын аргагүй Япон поп соёлын өдөрлөг билээ. Жил ирэх тусам өргөжин тэлж буй уг арга хэмжээ энэ жил илүү олон сонирхолтой зүйлсийг багтааж чаджээ. Ийнхүү фестивалиас сурвалжилсан сурвалжилгаас онцлох зүйлсийг хүлээн авна уу.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй болж хоёр өдрийн турш үргэлжилсэн билээ. Цаг агаар хэдий сэрүүн бороотой байсан ч хүрэлцэн ирсэн хүмүүс сэтгэл хангалуун, өндөр сэтгэгдэлтэй байсан юм.
Өдөрлөгийн тасалбар цаасан мөнгөөр бус технологийн дэвшилтийг ашиглаж байгаа нь сонирхолтой байсныг дурдъя. Зохион байгуулагчид өдөрлөгийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй зураглан самбар дээр байрлуулсан бөгөөд болж буй арга хэмжээнүүдийг заасан газрын зураг тавьсан нь эмх цэгцтэй байлаа.
Дотор тайзнаас гадна гадаа задгай тайз засаж үзэгчдийг уйдаахгүй хөгжөөнт тэмцээн зохиож, анимэ үзүүлж, мотоциклын задгай талбайн үзүүлбэр үзүүлсэн нь өдөрлөгийн бас нэгэн онцлох зүйл байлаа.
КОСПЛЕЙ
Яг анимэ, манга дээр гардаг шиг хувцаслаж, тэдний дүрд хувирч үзүүлбэр үзүүлэн жүжиглэдэг нэгэн гайхалтай урлаг болтлоо хөгжсөн зүйл бол косплэй билээ. Тэгвэл энэ жилийн япон поп соёлын өдөрлөгт хүрэлцэн ирсэн үзэгчдийн хамгийн их анхаарал татаж байсан зүйл бол яахын аргагүй косплэй байсан гэдэгт эргэлзэхгүй биз ээ.
Үзэгчид тэдэнтэй хамт зургаа даруулан бүр гарын үсэг ч цуглуулж байсан шүү. Мөн өдөрлөгийн үеэр уламжлал болгон зохион байгуулдаг косплэй тэмцээнд оролцогчдоос гадна үзэхээр ирсэн хүүхэд залуус хүртэл кимоно өмсөж, сонирхолтой дүрд хувиран хүрэлцэн ирж Японд байгаа мэт уур амьсгал бүрдүүлсэн юм.
СОНИРХОЛТОЙ АСРУУД
Өдөрлөгт очсон хүмүүс япон үндэсний хувцас, хоол, технологи, тоглоом, эд зүйлс гээд яг л Японд байгаа мэт бүх зүйлсийг авч болох боломжтой байв. Кимоно буюу Японы үндэсний хувцасны загварын үзүүлбэр үзүүлснээс гадна худалдан авахад боломжийн үнэ ханштай зарагдаж байсан юм.
Олон асрууд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн хүмүүсийг уйдаах завгүй байлгаж байв. Японы бараа бүтээгдэхүүн, япон хоол хүнс, хөгжилтэй тоглоом, техник технологитой танилцаж худалдан авахаас гадна шаазан эдлэл будах тэмцээн хүртэл зохиогдож хүмүүс идэвхтэй оролцож байлаа.
ЯПОНЫ ЗОЧИН УРАН БҮТЭЭЛЧИД
Мэдээж япон поп соёлыг дуу хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй шүүдээ. Японы охидын гурван хамтлаг хүрэлцэн ирж дуугаа дуулан тайзыг доргиож, үзэгчид бүжиглэн даган дуулж, халуун алга ташилт нижигнүүлэн сонсож байсан юм. Мөн монгол уран бүтээлчид ч бас өөрсдийн ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.
ДҮР ТӨРХ
Дан залуус биш гэр бүлээрээ бяцхан хүүхдүүдээ дагуулсан эцэг эх гээд нас насны хүмүүс өдөрлөгийг зорин иржээ. Эндээс харвал өдөрлөг аль ч насныханд зориулсан хүртээмжтэй үйл ажиллагаатай болж чадсаныг харж болох юм.