Жэф Безос эхнэр Маккензи Безосоос салж байгаагаа мэдэгдлээ

Электрон худалдааны Амазон компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэф Безос эхнэр Маккензи Безосоос салж байгаагаа өчигдөр өөрийн твиттер хуудсанд зарлажээ.Тэд 25 жил хамт амьдарч, дөрвөн хүүхэдтэй болсон юм. Энэ үйл явдал бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй гэр бүл салалт болж болзошгүй байна.

Учир нь Жэф Безос бол $137 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн баячуудыг тэргүүлдэг. “Удаан хугацааны турш хамтын амьдралын хэв маягтаа эрэл хайгуул хийж, түр тусдаа амьдарч үзсэний эцэст бид гэр бүлээ салгаж, найз нөхдийн хэмжээнд харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдлээ” гэж Безос мэдэгдэлдээ тайлбарлажээ. Анх ажил хэргийн шугамаар уулзан танилцаж байсан хосууд 1993 онд гэрлэж, жилийн дараа Сиэтлд суурьшин Амазон компанийг байгуулж байв. Безосын гэр бүл Вашингтон мужийн оршин суугчид. Тус мужийн хуулиар хосууд салах бол хамт амьдарч байх үедээ олсон бүх хөрөнгөө тэгш хуваах ёстой болдог. Харин гэрлэлтийн өмнө ямар нэг гэрээ байгуулсан бол дээрх хууль хэрэгжихгүй байх боломжтой гэнэ. Хэрвээ хөрөнгөө тэгш хуваахаар бол 48 настай хатагтай Маккензи $66 орчим тэрбумын хөрөнгөтэй болж дэлхийн хамгийн баян эмэгтэй болох юм. Бас Жэф Безосын ихэнх хөрөнгө Амазон компанийн хувьцаа хэлбэрээр байдаг тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хувьцаанаасаа зарж, бэлэн мөнгө болгож магадгүй. Тэгвэл Амазон компанийн хувь эзэмшилд нэлээд өөрчлөлт орно. Одоогоор тэр Амазоны 16 хүрэхгүй хувь буюу 80 сая орчим хувьцааг эзэмшдэг гэдэг. Энэ өөрчлөлтийн улмаас Амазон компанийн хувьцааны үнэ унаж, зах зээлийн үнэлгээ нь буурах магадлал бий. Үүнээс улбаатай бас нэг том өөрчлөлт нь дэлхийн тэргүүн баяны титмийг Билл Гэйтс буцаан авах боломжтой болох юм. Одоогоор $92.5 тэрбумын хөрөнгөтэй Майкрософтын үүсгэн байгуулагч дэлхийн тэргүүн баячуудын дэд байранд яваа ажээ. Безос 2017 оны аравдугаар сард Билл Гэйтсийг хөрөнгөөрөө гүйцэж, ардаа оруулсан юм. Одоо 54 настай Жэф Безос Амазоноос гадна “Washington Post” сонин, сансрын аялалын “Blue Origin” компанийн гол хувийг эзэмшдэг.

 

Эх сурвалж: Bloomberg, Business Insider

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.133)