ОХУ Монголын төмөр замыг шинэчилнэ гэжээ
Оросын төмөр замууд буюу РЖД компани Монголын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын төмөр замыг шинэчлэхээр төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаанбаатар хотод хийх айлчлалынхаа өмнө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Хоёр талын яриа хэлэлцээний үеэр тээврийн дэд бүтцийн салбар хийгээд Монгол Улсын дамжин өнгөрөх нөөц бололцоог нээж илрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулна. Ийм зорилгоор РЖД компани Монгол Улсын тээврийн гол суваг болсон Улаанбаатар төмөр замыг шинэчлэхээр төлөвлөж байна” хэмээн тэрээр хэлжээ.
Түүнчлэн "сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, 1.65 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ оны эхний хагаст худалдааны эргэлт 11.8 хувиар өсөж, 800 сая ам.долларт хүрээд байна" хэмээн В.Путин мэдэгдсэн байна.
Эрчим хүчний салбарт хамтарч ажиллах тухайд Оросын компаниуд Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлын техникийн шинэчлэлд оролцож байгааг В.Путин дурджээ. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт төслүүд хэрэгжүүлж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
"Эрүүл ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа. Өнгөрсөн онд Монголын нутаг дэвсгэрт мал вакцинжуулах хүмүүнлэгийн хөтөлбөрийн хоёрдугаар шатыг амжилттай дуусгасан нь Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг хялбаршуулж байгаа юм. Хоёр улсын эрх баригчид байгаль орчныг хамгаалах асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хил орчмын бүс нутгуудад хэд хэдэн хамтарсан дархан цаазат газар байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байна. Энэ нь биологийн олон төрлийг хадгалан авч үлдэхэд тус болно. Түүнчлэн Орос улс үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд нь Монголд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Оросын их дээд сургуулиудад Монголын 3000 орчим иргэн суралцаж байгаа бөгөөд оюутнуудад зориулж манай улс жил бүр 500 тэтгэлэг олгож байна” хэмээн В.Путин ярьжээ.
Гаалийн татварыг бууруулах боломжтой эсэхийг асуухад В.Путин, “Евразийн эдийн засгийн комисс болон Монгол Улс 2015 онд байгуулсан хамтарсан ажлын хэсэг нь худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн удирдлагын системийг сайжруулах, эрүүл ахуйн хэм хэмжигдэхүүнийг уялдуулах зэрэг талуудын худалдааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлж байна. Техникийн шаардлагыг хөнгөвчлөх нь ажил хэргийн хамтын ажиллагаанд татвар бууруулахаас илүү түлхэц үзүүлнэ” гэжээ.