Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй болжээ

Ч.ҮЛ-ОЛДОХ

Аврал эрж, Аварга тосон нуурыг зорьдог, амарч сувилуулж  өвчнөөсөө  салсан  өчнөөн хүн бий. Энэ цуваа бараг 100 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Ноёд ихэс, дунд зэргийн түшмэл, харц ядуусын очдог эрэг тусдаа, нуурын усанд орох дэг журам ч  чанга  байсан гэлцдэг.  Өдгөө  Аварга тосон нуур амь тасарч ширгэхдээ тулж аврал эрэн мэлтэлзэх болсоор удаж байна.

Хэнтий аймгийн  Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно  багийн нутагт оршдог энэхүү Тосон нуур  Улаанбаатараас 230 км, Чингис хаан  хотоос 130 км-т оршдог. Эрэг дагуу нь том, жижиг  амралт сувиллын газрууд суурьшсанаар  урин дулааны цагт бум бужигнаж, түм түжигнэж  байдаг их хөлийн газар болжээ. Тэр хэрээр хөрсний бохирдол газар авч, хур бороо ихтэй жил нүхэн жорлонгууд нь халж нуур руу орохыг шахан  нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн бол нутгийн иргэдийн залхуу  санаачилгагүйнх гэх үү, аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүйнх юм уу  нуурын орчимд  хогийн сав, хаягдлын талбай, био жорлон  байгуулсан газар нэг ч алга.

Тосон нуурын анагаах ид шидийн  тухайд Арьсны өвчин судлалын төв, эрдэмтэн судлаач Г.Ядамсүрэн, Д.Цэвээндорж нар 1978-1980 онд   судалгаа хийх явцдаа олон жилээр архагшсан, олон дахилттай экзем, невродермит, хайрст үлд, хавтгай улаан үлхий, товруут маажуур зэрэг өвчинд шаналсан иргэдийг  эмчилж, үр дүнг нь танилцуулсан байдаг. Тухайлбал, шавар нь  л гэхэд хүний бие махбодид механик химийн дулааны нөлөө үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг тууралтыг сорж шингээх, уусгах чанартай үйлчилгээтэй.  Архаг явцтай арьсны элдэв өвчнийг Тосон нуурын ус, шавраар эмчлэх сувиллыг улирлын чанартай байсныг цаашид байнгын ашиглалттай. сувилал болгох нь үр дүнтэй хэмээн дүгнэлт гаргасан нь бий. Харин Аваргын рашаан, усны химийн найрлагыг гидрокорбонат, ионт рашааны ангид багтдаг. 

Тосон нуурын тухайд эрсдэлжилтийн хувьд давслаг амттай, шүлтлэг ихтэй,  усны эрдэсжилт нь 5-11 грамм/кг,  содын төрлийн нуур гэж үздэг. Аваргын нуур, Тосон нуур хоёр зэрэгцэн оршдог ч нэг нь цэнгэг, нөгөө нь содын найрлагатай  байгаа нь Аварга нуурын ёроол нь элс, тосон нуурынх шаварлаг байгаатай холбоотой бөгөөд  шаварт цахиур, магни, кальци, титан, ванади, хром, зэс, натри, циркони, кобальт, циркони  зэрэг хүний биед нэн чухал эрдэс бодисууд бараг бүгд агуулагддаг болохыг тогтоожээ.

Харамсалтай нь тэр цагаас өнөөг хүртэл  жилийн жилд Аварга Тосон нуурын  эрэгт  очиж тарвалздаг  “хүн сүрэг”-т нуурыг хамгаалах ухаан  сэтгэл дутсанаас өнөөдөр  ачит нуур захаасаа ширгэж, эргээсээ  илт эмтэрч хумигджээ.  Бас нэг аюул нь   арьсны харшил,  яр шарх, идээт үрэвсэл, ядаргаа сульдаа гэхчлэн төрөл бүрийн  өвчинд шаналсан хүмүүс аврал эрж Аварга тосонг зорьж очдог.

Тэд   биендээ нуурын урд хонхорын хар, шар шаврыг  түрхэж хатаагаад, Тосон нуурын усанд  булхан угаадгаас  болж  ёроолд нь лаг шавар хуримтлагдан ширгэх аюул нүүрлэсэн бол Аварга тосон нуур  өвдсөн хүнийг анагаах  бус халдварт өвчин тараах эрсдэл бий болсон байна. Өнгөрсөн зун тэнд очиж амарсан иргэдийн хэлснээр бол Тосон нуурын усанд байдаг  олон зүйлийн жижигхэн хорхой, тэр дотор дэлхийд ховорт ордог хануур хорхой бараг байхгүй болсон гэнэ. Энэ нь нуурын ус ямар их бохирдож,   хорхой  шавьжууд хорогдож цөөрснийг илтгэнэ. Ер нь ганц Тосон нуур ч бус түүний ойр орчим дахь Бүрд, Цэнгэг зэрэг жижиг нууруудын ус аажмаар ширгэж эхэлсэн байна.

Ш.Баранчулууны судалгаанаас.

Иймд өнгөрсөн  хавраас  “Хөдөө арлын хүүхдүүд” ТББ-ын залуус   нутгаа, нуураа хамгаалах санаачилга өрнүүлжээ.“Аварга тосон нуур аврал хүлээж байна” хэмээн хол, ойрынхныг  сэрээсэн тэднийг Дэлгэрхаан сумын удирдлага, нутгийн зөвлөл, “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийнхэн дэмжин уухайлж бодит үр дүнд хүргэх зорилго тавьжээ.

Энэ үүднээс Хэрлэнгийн Хөдөө аралд 21 аймгийн яруу найрагчдын чуулган, эрдэмтэн судлаачдыг урьж  эрдэм шинжилгээний хурал хийсэн юм. Хуралд доктор Ш.Баранчулуун “гадаргын болон гүний ус ашиглан Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах боломж”, судлаач Ю.Пүрэв “Хөдөө арал Их Чингис хааны өвгөд дээдсийн нутаг болох нь”, Д.Төмөрбаатар “Аваргын балгасын археологийн судалгаа”, доктор Ж.Оюунбилэг “Генетик хуулийн орон нутагт үзүүлэх ач холбогдол”, доктор Д.Энхжаргал “Орон нутагт ЖДҮ хөгжүүлж, байгаль экологийг зөв ашиглах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь  Хөдөө арал, Аварга тосон нуурын түүхэн үнэ цэнэ, өнөөгийн байдал, цаашид хэрхэх талаар гарц гаргалгааг эрж хайж, төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах  судалгаа мэдээллийн    бааз суурь болсон гэж найдна.

Судлаачдын үзэж буйгаар Аварга тосон нуур, Бүрд нуурыг хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгож чадах аваас зураг төслийг нь хийсэн  мэргэжлийн  инженерүүд ч бас байдаг аж. Гэтэл өнөөдөр Хөдөө арал, Аварга тосон нуурын орчим 250 гаруй аж ахуй нэгж  амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж ирсэн атлаа  өөрсдийг нь тэжээж байгаа нуураа аврах хөрөнгийг  босгоход санаачилга гаргаж нэгдэж,  хамтарч чадахгүйд хүрсэн нь харамсалтай. Судлаад үзэхэд хэн нэгэн танихгүй эрхэм тэнд зөвшөөрөл авч дэлгүүр, ТҮЦ, амралтын газар ажиллуулдаггүй. Уугуул иргэд, ус нутгийнхан нь залхуу, сэтгэлгүй учраас  Аварга тосон нуур, Бүрд нуур захаасаа ширгэж эхэлсэн гэж зарим эрхэм хэлснийг энд  тэмдэглэхэд бас буруудахгүй байх. Эцэст нь тэмдэглэхэд саяхан л өвчин эмгэгтэй нэгний “авралын рашаан”  болж байсан Аварга тосон нуураас өдгөө аврал эрэх хэрэггүй болжээ. Ирж буцсан түмний хөлөөр бохирдон өвдөж  шаналан ширгэж байгаа нуураа харин аврах хэрэгтэй болжээ.

ТОСОН,БҮРД НУУРЫГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ  УДАХГҮЙ  ШИРГЭНЭ

Ш.Баранчулуун /Хөдөө аж ахуйн ухааны доктор, Монгол Улсын усны зөвлөх инженер/: 

-Та  Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах судалгаа хийжээ. Ямар боломж бас эрсдэл байна вэ?   

-2015 он болон  2019 оны  мэдээллийг харьцуулж  үзэхэд нуурын усан гадаргын талбай  жил  тутамд  1.0 мянган  хавтгай дөрвөлжин метр  хэмжээгээр багасч,  эргийн шугамын урт нь 40 гаруй метрээр богиносчээ.  Нуурын баруун хойд талын  эргийн хөрс  малын хөлийн гишгэгдлээр  сулран доош гулсалтад орох,  салхиар хийсч ирсэн сул шороо  усанд  сууж  хуримтлагдах зэргээр  нуурын ёроолыг хагшаастуулж байх магадлалтай.

Нуурын усны нөөцийг  одоогийн хэмжээнд  тогтвортой  хадгалахын тулд жилд ойролцоогоор 14400÷15000 м.куб,  тодруулбал  5-9 дүгээр сарын хооронд  хоногт  96÷100 м.куб  усаар тасралтгүй  сэлбэх шаардлагатай.

Усны  бохирдлыг  багасгаж,   цөөцийг нь 40-50 жилийн өмнөх  хэмжээнд буцаан  хүргэхийн тулд  сэлбэлтээр өгөх усны хэмжээг  дээр  тооцоолсноос  3-4 дахин нэмэгдүүлэхийн   тулд   Аваргын голын  усыг  ашиглаж болно.

2021 оноос ус,  цаг уур судлаачдын  сэрэмжлүүлж  байгаа  20 жилийн  турш үргэлжлэх   их хуурайшлын  давтамж  эхлэхээс өмнө  Тосон болон Бүрд нуурыг  хамгаалах,  тэдгээрийн  усны нөөцийг нь нөхөн сэргээх   бодитой  ажлуудыг хийхгүй алгуурлаж, хугацаа алдах аваас   рашаан нуур ширгэж  алга болох эрсдэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.132)