С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргана
Нийслэл хотыг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцолж байна.
Үүнийгээ хувийн хэвшлийнхэнтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран үр бүтээлтэйгээр хэрэгжүүлнэ гэдгээр тэрээр тодотгов. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзжээ.
Дээрх зарчмыг тусгасан Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өнөөдөр өргөн барилаа. Энэхүү үндсэн чиглэлд
Иргэдийн амьдрах орчинг сайжруулах,
Төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжих,
Нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэсэн гурван чиглэлийг баримталж ажиллах аж.
“Хүн төвтэй хот” бодлогын хүрээнд нэн тэргүүнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахын тулд телекамерын хяналт, ашиглалтыг сайжруулах зэрэг технологийн шийдлүүдийг хэрэглэхийн зэрэгцээ хууль сахиулах байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх юм байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэлийг нэн даруй хийхээс гадна шинэ төрлийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр судалгаа хийж байна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн бааз суурийг шинэчлэхийн сацуу хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтцийг болон хог хаягдлын менежментийг сайжруулахад түлхүү анхаарахаар 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулжээ.
Мөн нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг Үндсэн чиглэлд тусгажээ. Үндсэн чиглэлийн төслийг 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги хэтийн төлөвлөгөөнд уялдуулж боловсруулснаа хотын Захирагч С.Амарсайхан онцолсон юм.
НИТХ-ын дарга Р.Дагва “Үндсэн чиглэлийг нийслэл хотыг хөгжүүлэх баримт бичгүүдтэй уялдуулах нь чухал. Ирэх 2020 онд төсвийн урсгал зардалд хяналттай ажиллана. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудад нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын үр ашгийг ярих цаг болсон” хэмээв. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард багтаан НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх юм.