Цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн өдөрлөг болж байна
Цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтэн судлаачдын “MNSEC-2019” өдөрлөг өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болж байна.
“Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” MNCERT/CC (Mongolian cyber emergency response team) ТББ-аас зохион байгуулж буй өдөрлөгт манай улсыг
оролцуулаад 6 орны аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид оролцож, олон улсад болон Монголд болж буй сүүлийн үеийн
цахим халдлагыг судалж шинжилснээ танилцуулж, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга, мэдлэгээ хуваалцаж байна.
Мөн аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөгөө авч, цахим халдлагад хариу үзүүлэх, халдлагыг илрүүлэх индикаторуудыг
хэрэглэх, техникийн ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулж байгаа талаар MNCERT/CC-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбаяр мэдээллээ. Үүний нэг нь дунд сургуулийн ахлах
ангийн сурагч нарыг хамруулсан “Ёс зүйт хакерийн тэмцээн” өдөрлөгийн үеэр болж байгаа юм.
Тодруулбал, “Харуул занги” нэртэй уг тэмцээнийг энэ жил “Нэст эдүкэйшн” ахлах сургуультай хамтран зохион байгуулж байна.
Энэ талаар тус сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, инноваци хариуцсан захирал Б.Габитаас тодруулбал, “Харуул занги” тэмцээний эхний шат онлайн байдлаар болж, энд нийт
170 баг бүртгүүлсэн оролцсон юм. Эндээс хамгийн өндөр оноо авсан 30 багийг хоёр дахь шатанд шалгаруулж, шилдэг 10 баг
оролцсон гурав дахь шатны буюу эцсийн шалгаруулалт өнөөдөр “MNSEC-2019” өдөрлөгөөр онсайт хэлбэрээр болж байна" гэв. Өдөрлөгт оролцогчид мөн Pedteam, Blueteam,
PacketHacking, HardwareHacking зэрэг өртөөгөөр зочилж, аюулгүй байдлын даалгавар биелүүлэх богино хэмжээний сургалтанд хамрагдаж байна.
“MNSEC-2019” өдөрлөг энэ жил зургаа дахь жилдээ болж байна. Зохион байгуулж буй “Цахим аюулгүй байдлын
мэдээлэл удирдлагын төв” (MNCERT/CC) ТББ нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус байгууллага юм.