Түүхий нүүрс түлж буй зөрчил илрэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Гэвч энэ талын зөрчил гарсаар байна. Энд ихэвчлэн албан байгууллага болон ААН-үүдийн уурын зуухнуудад нүүрс түлж буй мэдээлэл их ирэх болжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороонд байдаг “Говийн эко хүнс” ХХК-ийн махны үйлдвэрийн уурын зуухны ажиллагааг хянаж шалгахад түүхий нүүрс түлж байжээ. Энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 хэсэгт заасны дагуу хэрэг нээн шийтгэл ногдуулж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоон албан даалгавар өгөөд байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд байдаг “Ди Эйч Ти Эн” ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухандаа түүхий нүүрс түлж байсныг мөн торгож, зөрчлөө арилгахыг үүрэг болгоод байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “Хатант интернэшнл” ХХК-ийн ноос, ноолуур угаах, самнах үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг хянан шалгахад дээрх үйлдвэр тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэж байсан нь илэрчээ.