Өвөрхангай аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус аймгийн бэлчээрийн 60 орчим хувь гандуу байгаатай холбоотой нийт малын 10 хувь л хэвийн өвөлжих тооцоо гарчээ.
 
Өвөрхангай аймагт 7.3 сая мал намаржиж байна. Гэвч зуншлага оройтож, ургац тааруу байгаагаас үүдэн өвөлжилт хүндэрч болзошгүй учир 2.5 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцлов.
 
Жил бүрийн наймдугаар сард аймгийн УЦУОШГ ургамлын нөмрөгийн судалгаа хийж бэлчээрийн даацыг тодорхойлдог. Энэ жилийн хувьд, Өвөрхангай аймгийн нийт бэлчээрийн 60 орчим хувь нь гандуу байгаа бөгөөд бэлчээрийн 1 га-гийн дундаж ургац 1.6 цн байх судалгаа гарчээ. Үүнээс үзэхэд нийт малын 10 хувь хэвийн өвөлжиж, хаваржих тооцоо гарч байна.
 
Сумдын аюулгүй нөөцөд нийт 1900 тонн өвс, 760 тонн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 350 тонн өвс, 100 тонн тэжээл бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэвч нөөц бүрдүүлэлт өнөөдрийн байдлаар 9 хувьтай буюу хангалтгүй байгаа юм.
 
Энэ жил аймгийн хэмжээнд 976 га-д ногоон тэжээл тариалж, 1464 тонн ногоон тэжээл хурааж авах төлөвтэй байна. Ногоон тэжээлийг тариаланчдаас худалдан авч, малчидтай малаар солих аргаар аймгийн махны нөөцийг бүрдүүлэх аж.
 
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвс, тэжээл болон сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле онцлов. Түүнчлэн малчин өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулж, энэ чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хүргэхийг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.59)