Хоёр долоо хоногоос дээш ханиах нь сүрьеэгийн шинж тэмдэг

Ойрын хугацаанд ханиад томуу олширч, элдэв эм тариа хэрэглэсэн ч мөддөө эдгэж өгөхгүй байгаа сурагтай. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2013 оны тайлангаар Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн орнуудаас сүрьеэгийн өвчлөлөөр 4-рт эрэмбэлэгдэж байна.

Иймдээ ч энэ эдгэдэггүй ханиад томуу сүрьеэ байж таарах вий гэж эмээх юм. Тэр дундаа сүрьеэгээр өвчилсөн оюутнуудын насны бүтцийн судалгаагаар төгсөх ангийнхан илүү өвчилж байгаа нь тогтоогдсоны улмаас Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос, Монголын хамтарсан төсөл”-ийн хүрээнд МУИС-ийн 3,4-р курсийн оюутнуудад цээжний эрхтэн тогтолцооны үзлэг шинжилгээг есдүгээр сарын 12-ноос 20-ны хооронд зохион байгуулсан билээ.

Ингээд улам залуужиж буй уг өвчний талаарх мэдээлийг танд хүргэе.

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТУХАЙ|
Сүрьеэгийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу тохирсон тун хэмжээгээр уухгүй бол сүрьеэгийн нян эмүүдэд тэсвэртэй болно. Энэ нь сүрьеэгийн эсрэг эмүүд нянг устгаж чадахгүй боллоо гэсэн үг юм.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ ямар хүмүүст тохиолдох эрсдэлтэй вэ?

         Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүнтэй хамт байсан

         Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн ойрын хавьтал

         Сүрьеэгийн эсрэг эмийг өдөр бүр тогтмол тууштай уухгүй байгаа

         Эмийг эмчийн өгсөн тун заавраар хэрэглэхгүй байгаа

         Өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан ба эмчилгээг бүрэн төгс хийлгээгүй

         Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл өндөртэй газраас ирсэн

Сүрьеэгийн нян эмэнд тэсвэржих шалтгаан юу вэ?

         Сүрьеэгийн эсрэг эмчилгээг хяналтгүй хийлгэх

         Сүрьеэгийн эмийг зүй бусаар хэрэглэх

         Сүрьеэгийн эмчилгээг дутуу хийлгэх, таслах

         Чанаргүй эм хэрэглэх

         Эмч, сувилагчийн өгсөн заавар зөвлөмжийг бүрэн дагаж мөрдөхгүй байх

         Эдгээр шалтгааны улмаас та болон танай гэр бүлийн гишүүн эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж болно.

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭ ХЭР АЮУЛТАЙ ВЭ?

Нас баралт:

Эрт оношлуулж, эмчилгээг бүрэн хийлгээгүй тохиолдолд үхэлд хүргэдэг.

Өвчлөл:

Өвчний явц удааширч, гэр бүл, найз нөхөд, нийгэм хамт олонд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нян халдварлуулан өвчлүүлдэг.

Зардал ихтэй:

         Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ өндөр үнэтэй

         Эмчилгээний үргэлжлэх хугацаа 20-24 сар

         Зарим хүнд эмийн гаж нөлөө илэрч болно

         Удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх, хөдөлмөрийн чадвар алдсанаас өрхийн орлого буурдаг.

Нэг өвчтөнг эмчилэхэд гардаг шууд зардал:

         Сүрьеэгийн II эгнээний эмийн үнэ 3 сая төгрөг

         Ийм 10 өвчтөнг эмчлэхэд 30 сая төгрөг зарцуулна

         Гаж нөлөөний эм зэргийн зардлыг тооцоход 1 өвчтөнг 5 сая төгрөгөөр эмчилнэ гэсэн үг.

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭ ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

         Уушгины сүрьеэтэй өвчтөн ярих, дуулах, хашгирах, найтаах ялангуяа ханиалгахад сүрьеэгийн нян агуулсан маш жижиг, олон арван дуслыг агаарт цацдаг.

         Уушгины сүрьеэтэй өвчтөн ханиах (3500 ширхэг) болон найтаахад (1 сая ширхэг) их хэмжээний савханцар агуулсан дуслууд богино хугацаанд агаарт цацагдаж тэдгээр нь уурших хүртлээ хөвөж байдаг.

         Ханиалгахад 5 минут чанга ярихад ялгарахтай тэнцүү тооны нян агуулсан жижиг дуслууд агаарт цацагддаг.

         Бохирлогдсон агаараар эрүүл хүн амьсгалж халдвар авч өвчилдөг.

ХАЛДВАР АВСАН ХҮН БҮР ӨВЧЛӨХ ҮҮ?

Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж ихэнх нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг. Ихэнх тохиолдолд халдвар авсан хүний дархлалын тогтолцоо сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэж үржлийг зогсоодог. Ингэснээр нян бүрмөсөн устахгүй ч биед хор хөнөөл учруулж чадахгүй идэвхгүй байдалд ордог. Гэхдээ хэзээ нэгэн цагт идэвхжиж өвчин үүсгэж болно. Сүрьеэ өвчин нь халдвар авснаас хойш 2-3 сараас хэдэн жилийн дараа ч үүсч болно.

СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

Уушгины сүрьеэгийн үед

         Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах

         Цээжээр өвдөх

         Цэртэй ханиалгах

         Амьсгаадах

         Ядрах

         Турах

         Хоолонд дургүй болох

         Халуурах

         Шөнө хөлрөх

Уушгины бус эрхтэний сүрьеэгийн үед

Булчирхайн сүрьеэ:

         Булчирхай томорч, тэмтрэхэд өвчингүй, хүйтэн

         Эхний үед хатуу, сүүлдээ зөөлөрч цоорч болно

Яс үений сүрьеэ:

         Хөдөлгөөн хязгаарлагдсан, өвчинтэй, хавдана

         Хожуу үед цоорч болно

Сүрьеэгийн менингит:

         Толгойн өвдөлт аажим эхэлнэ. Халуурна, хүзүү хөшнө, ухаан балартана, татна. Өвчтөн унтаа, сул байдалтай байна.

Хэвлийн сүрьеэ:

         Хэвлий томорно, хөндүүртэй, халуурна, суулгана, өтгөн хатна, хэвлийд хатуу зүйл тэмтрэгдэнэ

Залгиур хоолойн сүрьеэ:

         Хоолой сөөнө, хөндүүрлэнэ

         Бусад шинж тэмдэг илэрч болно

Шээс боловсруулах, бэлгэ эрхтний сүрьеэ:

         Шээс олшрох, цустай шээх, бүсэлхийгээр өвдөнө

         Эмэгтэйчүүд үргүйднэ

ТА ГЭР БҮЛИЙН ХҮНЭЭ ЭМНЭЛЭГТ ЭРГЭЖ ОЧИХДОО ЮУ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эргэлтээр очихдоо өгч болох зүйлс:

         Эмчилгээний дэглэмд нийцсэн хоол

         Жимс, ногоо, жигнэмэг

         Сүү, тараг, цагаан идээ

         Ногоон цай болон жимсний шүүс

         Цэцэг

         Унших ном, сонин, сэтгүүл гэх мэт

Хориглох зүйлс:

         Архи, согтууруулах ундаа

         Их хэмжээний мөнгө, үнэт эдлэл

         Эмчилгээний дэглэм зөрчихөөр өөх тос, давс ихтэй хоол

         Харшил өгөхүйц үнэртэй, тоос тоосонцортой цэцэг

         Хүүхэд авч очихгүй байх

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

         Гэр бүлийн гишүүд таван жилийн турш харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерийн хяналтад байна.

         Хяналтад орсон эхний хоёр жилд зургаан сар тутамд нэг удаа үзлэгт хамрагдах ёстой

         Хяналтын сүүлийн гурван жилд 12 сард нэг удаа үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх ёстой.

Дараах үзлэг шинжилгээнд хамрагдана:

         0-5 хүртэлх насны хүүхдэд туберкулины сорил тавьж сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодруулна.

         Бусад гэр бүлийн бүх гишүүд цээжний гэрлийг шинжилгээнд хамрагдана.

         Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэнд 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цэр гаргах зэрэг шинж тэмдэг илэрч байвхл цэрний шинжилгээ заавал өгнө.

         Хэрэв танай гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд ямар нэгэн зовиур шаналгаа илэрсэн үед цаг алдалгүй харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер өрх сумын эмнэлэгт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Сүрьеэгийн халдвар дамжих эрсдэл гэр бүлийн хүрээнд 100%, найзуудын хүрээнд 10%  байдаг. Сүрьеэгийн халдварт хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүс илүү өртөх магадлалтай байдаг учраас шинж тэмдэг илэрсэн дариуд эмчид хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.233)