Зоос ашиглан гаранд шигдсэн өргөсийг авбал илүү хялбар
Бидний амьдралд санамсаргүй байдлаар гэмтэж бэртэх тохиолдол их байдаг. Гарт өргөс орох, хадаас, шилний хэлтэрхийн дээр гишгэх гэх мэт аливаа бэртэлд их, бага гэлгүйгээр анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. Ингээд энэ удаа өргөс, хадаас, шилний хэлтэрхий зоогдсон үед үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.
Авах арга хэмжээ:
Алхам 1. Арьсанд тань зоогдсон биетийн хэмжээ жижиг, сугалж авах боломжтой гэж үзвэл тухайн биетийг чимхүүр ашиглан, болгоомжтой сугалж авна.
Алхам 2. Халдварын эрсдэлийг бууруулахын тулд самбай боолтоор шархаа бооно.
Алхам 3. Гадны биетийг хөдөлгөөнгүй байлгахын тулд гэмтэлтэй хэсгийн 2 талд хатуу биет байрлуулан боолтоор орооно.
Алхам 4. Шархалсан хэсгийн хэмжээ бага хэдий ч гүн орсон байвал идээлэх магадлал өндөр байдаг тул өөрөө авах гэж оролдолгүйгээр эмнэлгийн байгууллагад хандаарай.
Өргөсөнд хатгуулсан үед:
Бид ихэвчлэн өргөсийг чимхүүрийн тусламжтайгаар сугалан авдаг. Харин дундаа нүхтэй зоосон мөнгөний нүхтэй хэсгийг өргөсөнд хатгагдсан хэсэгт байрлуулан хүчтэй дарвал өргөс илүү хялбар гарч ирдэг. Өргөсөө сугалж авах чимхүүр, зоосон мөнгө зэргээ заавал ариутгах шаардлагатайг анхаарна уу. Өргөсөө сугалж авсны дараа ариутгаад, боолтоор боогоорой.
Хадаас зоогдсон үед:
Хадаас зоогдсон чиглэлийг алдуулахгүйгээр чимхүүрээр чигээр нь татаж, сугална. Биетийг сугалж авсны дараа заавал ариутган, бинтээр боогоорой. Хадаас цэвэр байхаас бохир байх тохиолдол их тул сугалж авсны дараа халдвар орох, идээлэх, цус алдах тохиолдол их байдаг гэдгийг анхаараарай.
Шилний хэлтэрхий шигдсэн үед:
Өргөс сугалахтай ижил аргаар буюу нүхтэй зоосны аргаар шилний хэлтэрхийг сугалж авах боломжтой. Гэвч зөвхөн жижигхэн хэлтэрхийг л чимхүүр, эсвэл зоосны аргаар авахыг зөвлөж байна. Шил тунгалаг учир нүдэнд харагдахгүй жижиг хэлтэрхий үлдсэн байх магадлалтай тул сайтар шалгаарай.
Хутга, иртэй зүйлд зүсэгдсэн үед:
Зөвхөн арьсны өнгөн хэсэг зүсэгдсэн тохиолдолд тухайн хэсгийг ариутгаад, боолтоор боогоорой. Гүнзгий зүсэгдэж, цус ихээр гоожиж байвал боолтоор боож, заавал эмнэлэгт хандаарай.
ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ :
Арьсанд аливаа гадны биет орсон тохиолдолд ямар биет орсон гэдгээс шалтгаалж өөр өөр аргаар авах хэрэгтэй. Тухайн биетийн хэмжээ том, эсвэл арьс руу гүн шигдсэн тохиолдолд өөрөө дур мэдэн салгахгүйгээр эмнэлгийн байгууллагад хандах нь хамгийн зөв зам юм шүү. Хамгийн гол нь юунд хатгуулсан, шарх нь хэр гүн байгаа зэргээс шалтгаалж тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй.