Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ
-2018 он танай намын хувьд тийм ч таатай жил байсангүй. Учир нь өнгөрсөн тавдугаар сард болсон парламентын доод танхимын сонгуульд бараг л ялагдсан. Энэ онд болох дээд танхимын сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ хэр итгэлтэй байна?
-Өнгөрсөн 2018 харин ч амжилт, бүтээл дүүрэн он байлаа. Сонгууль бол энэ улсад болсон маш олон үйл явдлын өчүүхэн нэг хэсэг. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн хамгийн тулгамдсан асуудлын нэг. Энэтхэг Улс ч хамгийн бохирдолтой орны нэг. Өнгөрсөн онд НҮБ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй манай улсын тэмцлийг өндрөөр үнэлсэн. Энэ бол бахархууштай үйл явдал.
Манай улсын хувьд 18 мянган цахилгаангүй тосгонтой байсан. Харин өнгөрсөн оны байдлаар бүх тосгон цахилгаантай боллоо. Түүнчлэн спортын амжилтаар дүүрэн, сансрын тойрог замд 104 хиймэл дагуул байрлуулсан салбар бүрт гэрэл гэгээтэй жил байлаа.
-Танай нам өнгөрсөн онд болсон доод танхимын сонгуульд таван мужид ялагдал хүлээсэн. Харин та бол эрх баригч намын дарга. Энэ талаар ямар бодолтой байна?
-Теланана, Мизорам мужид олон тооны саналаар ялагдсан. Харин ялалт байгуулсан мужид 74-95 хувиар ялалт байгуулсан. Гэхдээ ялалт, ялагдал бол юуны ч хэмжүүр биш.
-Энэ онд болох сонгуульд танай нам 180-аас дээш суудал авахгүй бол та Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух болно. Таны бодлоор танай нам ялалт байгуулах болов уу?
-2014 оны сонгуулиар манай намыг ийм олон суудал авна гэж хэн ч төсөөлөөгүй. Хэрэв таван жилийн өмнө хэвлэгдэж байсан сониныг дахиад нэг сөхөөд үзвэл энэ талаар хангалттай мэдээлэлтэй болно.
-Таныг болон танай намын гол дэмжигчид нийгмийн дундаж давхаргынхан. Та өмнө нь дундаж давхаргыг дэмжиж, татварыг бууруулна гэж мэдэгдэж байсан удаатай. Дундаж давхаргыг дэмжихийн тулд юу хийсэн бэ?
-Дундаж давхаргынхны хувьд би бодлоо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Учир нь дунд анги нь хэн нэгний нигүүлсэл дор амьдардаг хүмүүс биш. Инфляцыг барьж, үнийн өсөлтийг хянаж чадаж байвал дундаж давхаргыг дэмжиж буй хэрэг юм. Түүнчлэн дунд давхаргынханд олгож буй зээлийн нөхцөл, хугацаа харьцангуй уян хатан байгаа. Энэ мэтээр маш олон жишээ дурдаж болно.
-Энэ онд болох сонгууль парламентын биш Ерөнхийлөгчийн сонгуулийн загвараар явах хандлагатай байна. Засгийн эрх баригч намын дарга Моди, сөрөг хүчний намын тэргүүн Рахул хоёрын хоорондох өрсөлдөөн шиг харагдаж байна?
-Олон нийтийн шийдэх асуудал. Ард түмэн бол шийдвэрлэгч.
-Та 2017 онд авлига, “хар мөнгө”-тэй тэмцэхийн тулд 500 болон 1,000 рупигийн дэвсгэртийг гүйлгээнээс хассан. Гэхдээ “хар мөнгө” гэх эдийн засгийн үзэгдэл хэдийд ч байсаар л байна гэж үзэх хүн олон байна. Энэ явдлыг бүр мөсөн хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-“Хар мөнгө” гэх татвараас зайлсхийх үзэгдэл бэлэн мөнгөний хэрэглээг хязгаарласан ч өөр хэлбэрээр оршсоор л байна гэж шүүмжлэх хүн байгаа. Тэр ч утгаараа энэ үзэгдэл бүх цаг үед байна гэж тодорхойлж байгаа байх. Өнгөрсөн 2017 онд авсан алхам нь татвараас нуугдах “Хар мөнгө” үзэгдлийг хязгаарлах шат дараалсан арга хэмжээний нэг хэсэг юм. Энэ алхам хэрэгжиж эхлээд бүх зүйл цэгцэрнэ гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүний татварыг нэмж, цахим төлбөрийн хэрэгслийг эдийн засагт нэвтрүүлэх зэрэг чухал үр дүнтэй алхам олон байгаа.
-Таны хувьд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, гүйлгээний цахим хэлбэрийг дэмжих ёстойг идэвхтэй сануулдаг. Цахим гүйлгээний хурд систем дэх бэлэн мөнгөний зай завсар, хомсдолыг нөхөж чадах уу?
-Цахим гүйлгээг бэлэн мөнгөний хомсдолоос сэргийлэх богино хугацааны аргацаах алхамаар төсөөлж болохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 сая орчим хүн өдөр тутмын хэрэглээндээ карт ашиглаж хэвшсэн байна. Энэ нь гүйлгээний цахим хэлбэрийн ашиг тусыг хүртсэн гэсэн үг. Олон талын ач холбогдолтой эдийн засгийн алхам гэж хэлж болно.
Жижиг аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бэлэн мөнгөтэй харьцах харилцаанд эергээр нөлөөлж, бүх зүйл илүү хялбар болно. Түүнээс гадна зээл авах, санхүүгийн бүртгэл хөтлөхөд ч илүү амар шүү дээ. Том жижиг гэлтгүй санхүүгийн бүх системд гүйлгээний цахим хэрэгсэл картыг нэвтрүүлэх хэрэгтэй.
-Сүүлийн үед таныг гаднын орнууд руу олон удаа айлчилж буй ч гар барьж буй зургаас өөр амжилттай алхам хийхгүй байна гэх шүүмжлэл гарах боллоо?
-Дэлхийн бараг бүх Ерөнхий сайдын жилдээ хийж буй айлчлалын тоо адилхан байдаг байх. Хэрэв та итгэхгүй бол тоолоод үзнэ биз. Ерөнхий сайд нарт заавал оролцох шаардлагатай олон форум, дээд хэмжээний уулзалт байдаг. Хэрэв энэ бүх уулзалт, форумд оролцохгүй бол Энэтхэг гэх улсын дуу хоолой дэлхий дахинд сонсогдохоо болино. Би Энэтхэг Улсын дуу хоолой, байр суурийг дэлхий дахинд хүргэхийг хичээдэг. Айлчлал бүртээ аль болох олон төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай уулзаж, хоёр улсын харилцаанд шинэ дэвшил бий болгохыг хичээдэг.
-Таны засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрсөн хугацаан дахь засаглалын үйл явц болон шийдвэрт алхмууддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Би Энэтхэг Улсыг түүхэн өөрчлөлтийн зааг дунд зогсож байна гэж боддог. Хөгжингүй улс, үндэстэн дэлхийн тэргүүлэгч болох чухал ач холбогдолтой түүхийн хурц ирмэг дээр байна гэж төсөөлдөг юм. Энэтхэгийн жирийн нэгэн фермер аз жаргалтай байж, худалдаачин нь чинээлэг, эмэгтэйчүүд эрх мэдэлтэй, залуу үе нь ажил орлоготой.
Энэтхэг айл бүр хувийн эзэмшлийн байшин, боловсон хэрэглээтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс Засгийн газрын бодлогыг иргэн рүүгээ чиглүүлэх нь чухал. Хүн бүрийн амьдралд сайнаар нөлөөлөх бодлого боловсруулахын тулд хичээж ажиллаж байна.
-Мэдээж, хийж амжаагүй, сэтгэл хангалуун бус зүйл ч байгаа байх?
-Миний сэтгэл хангалуун байх бус ард иргэд миний хийсэн ажилд сэтгэл хангалуун байна уу гэдэг нь чухал. Би өөрийнхөө хийж буй ажлынхаа минут тутамд дурлаж байсан. Гаргасан шийдвэр бүртээ шударга байхыг хичээсэн.