Б.Будаевын нэрэмжит тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо болсон Борис Дугданович Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ-ээс Монгол Улсын бөхчүүд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл, нийт долоон медаль хүртлээ.
Хуучин ЗХУ-ын спортын гавьяат мастер, Буриадын алдарт бөх Б.Д.Будаев “Мартиньи-1989” насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Улаанбаатар-1989” залуучуудын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, тамирчин бөгөөд түүний дэлхийн аварга болсны 30 жилийн ойн хүрээнд энэхүү XXVII тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Олон улсын уламжлалт залуучуудын аварга шалгаруулах тус тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, ОХУ-ын Буриад, Якут, Кемерово, Тува, Эрхүү, Ангарск, Хабаровск, Хакасия, Новосибирск, Забайкальский, Красноярск тойргийн 2000-2002 онд төрсөн 200 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.
Монголоос “Хасу-Мегастарс”, “Хангай хүчтэн”, “Тулгат” клуб, “Аварга”, “Ирээдүйн одод”, Спортын төв сургуулийн 30 гаруй тамирчин хүчээ сорин барилдлаа. Энэ удаагийн тэмцээнд 61 кг-д Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис / хоёул “Хас-Мегастарс” клубийн тамирчид/, 74 кг-д МУБИС-ийн тамирчин М.Тэмүүжин нар алт, 65 кг-д О.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Б.Мөнхдаваа / хоёул СХД, “Тулгат” клубийн тамирчид/, 97 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Энх-Оргил нар тус тус мөнгө , 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин А.Дөлгөөн хүрэл медаль хүртжээ. Монголоос олон улсын II зэргийн шүүгч ОУХМ Г.Амархүү, III зэргийн шүүгч Б.Энхжин, улсын шүүгч Э.Батнасан шүүгчээр ажиллажээ.