Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг бичиглэх арга зүйг хэлэлцэв

“Монголчуудын үнэт зүйл” сэдэвт дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг баасан гарагт СУИС-д боллоо. Монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, түүнийг тэмдэглэх арга зүйд эрдэмтдийн санал авахаар тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 

Хэлэлцүүлэгт Монголын шинжлэх ухааны буюу нийгэм хүмүүнлэгийн салбар, байгалийн ухаан, техникийн ухааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачдыг урьж оролцуулав. 

 

“Монголчуудын үнэт зүйл” хэлэлцүүлгийг нээж, СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогос хэлэхдээ, “Улс үндэстэн бүр өөрийн үнэт зүйлийг тодорхойлдог юм байна. Европын үнэт зүйл гэж байдаг. Азийн үнэт зүйлстэй байх ёстой гэж хоёр гурван жилийн өмнөөс солонгосчууд нэлээд хүчтэй ярьж байна. Оросууд үнэт зүйлсээ тодорхойлохоор судалгааны зүйл нэлээд хийж байна. Бид 2012 онд Юнескотой хамтраад “Соёл ба хөгжил" чуулган зохиосон юм. Энэ үеэр, монголчууд үнэт зүйлсээ тодорхойлъё гэдэг санааг нэлээд нухацтай ярьсан. Түүнээс санаа аваад бусад орны үнэт зүйлсийг нэлээд судалсан. Үнэт зүйлстэй гэр бат байна, үнэт зүйлстэй хүн хөгжин дэвшиж амьдралдаа итгэнэ, өөрийгөө хөгжүүлэн сурч боловсорно гэх сэдэл санаачилгаар энэ төслийг хэрэгжүүлсэн" хэмээн онцлов.

 

СУИС-иас санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр "Монголчуудын үнэт зүйл" эрдэнийн судрыг бүтээн залах төслийг 2014 оноос хэрэгжүүлж байгаа аж. Энэ төслийнхөө хүрээнд, монголчуудын судар бүтээх эртний уламжлалыг үндэслэн СУИС-ийн "Хөх урлан"-д Эрдэнийн судар" шогол бүтээсэн байна. Уг шоголыг бүтээхэд алт 170 гр, мөнгө долоон кг, шүр 50 ширхэг, сувд 48 ширхэг, оюу 22 ширхэг, номин найман ширхэг, тана найман ширхэг, зэс хоёр цул оржээ. Энэхүү эрдэнийн шоголдоо, монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг судалгааны үндсэн дээр тодорхойлсныг эрдэмтдийн хэлсэн саналуудад түшиглэн бичиглэн залах юм байна. 

Төслийг хэрэгжүүлэх шаардлагыг, өнөөгийн нийгмийн оюун санааны үнэт зүйлийн өөрчлөлтийг тусгайлан судалж, үнэлж дүгнэн олон нийтэд мэдээлэх, ялангуяа нийт хүн амын 50–иас дээш хувийг эзэлж буй 27 хүртэлх насны өсвөр залуу үеийнхэнд монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, жигшин цээрлэх зүйлийн талаар ойлгуулах нь чухал хэмээн үзжээ. 

 

Дэлхийн улс орнууд үнэт зүйлсээ судалгааны үндсэн дээр, цөм үнэт зүйл, цаг үе, нийгэм эдийн засгийн нөлөөлөлд хувьсан өөрчлөгдөх үнэт зүйл гэх байдлаар  

тодорхойлж  төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндэс болгон авч явдаг  юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр "Монголчуудын үнэт зүйл" төслийн социологийн судалгааны үр дүнг СУИС-ийн СУСХ доктор М.Золзаяа танилцуулсан. Тэрбээр, даяаршлын үед улс орнууд үнэт зүйлсээ судлах сурталчлахад анхаардаг болж байна гэж онцлоод хувь хүн, гэр бүл, улс үндэстний хэмжээнд үнэт зүйлсийг тодорхойлохыг судалгаандаа анхаарсан гэдгийг тодотгов. "Асуумжийн судалгаандаа нийслэлийн дүүргүүд 11 аймгийн 1500 гаруй иргэнийг хамруулсан. Ингэхэд, хүмүүсийн хооронд итгэлцийн түвшин сул байгаа нь ажиглагдав. Мөн эх орныхоо ирээдүйд итгэлтэй байна уу гэсэн асуултад эргэлзсэн, итгэлтэй биш гэж олонх нь хариулсан. Түүнчлэн монголчууд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, үндэсний аюулгүй байдалдаа их санаа зовж байдаг нь харагдлаа. Эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал гэж үзэж байгаа ч эх орныхоо ирээдүйд итгэлтэй биш эргэлзэж байгаа хүн олон байсныг анхаарахгүй байж болохгүй юм. Иймд нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал байна" гэж судалгаагаа дүгнээд, 

 

"Судалгааныхаа үр дүнд, монголчуудын үнэт зүйлсийн дээрх жагсаалтыг гаргалаа. Харин одоо эдгээрийг хэрхэн томьёолох, эрэмбэлэх тухайд та бүгдийн санал чухал байна " гэсэн юм.

Уг хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн ректор асан, доктор, профессор Д.Бадарч хэлэхдээ "Энэ төсөл бол цаг үеэ олсон, дэлхийн чиг хандлагад тохирсон чухал ач холбогдолтой ажил юм. Ер нь үнэт зүйлийн тухай ойлголтыг сургуулиар л хүргэнэ. Одооноос бүх сургууль үнэт зүйлээ тодорхойлж байгаа ч, тэр нь тунхаглал маягтай байна. Тиймээс та бүхний хийж байгаа энэ ажил тухайн сургууль аль үнэт зүйлээ өндөрт өргөж явах ёстой тухай лавлагаа болох ёстой. Харин үнэт зүйлийг бичихдээ ишлэл маягаар хийгээд, түүнтэй холбоотой үлгэр эсхүл зүйр цэцэн үгээр баталгаажуулж болох юм. Жишээ нь, ЮНЕСКО-гийн дүрэм нь “Дайн хийх бодол хүний тархинд үүсдэг учир энх тайвныг хамгаалах үзлийг хүний оюун ухаанд суулгах хэрэгтэй” гэж эхэлдэг. Энэ маш хүчтэй үг, ЮНЕСКО-гийн бүх хурлаар энэ ишлэлийг байнга ярьж байдаг" гэсэн юм. 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ, “Энэ судар маш чухал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу Монгол төрийн үзэл суртлын номлол болно гэж би ойлгож байгаа. Одоогийн явж байгаа төсөл бол ерөнхийдөө энэ чиглэл рүү явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, үнэт зүйл гэдгээ бид юу гэж ойлгох юм, яаж эрэмбэлэх юм, үүний мөн чанар нь юу юм, Монгол төр монгол хүн хэрхэн авч явбал зохих юм гэсэн номлол гэж энэ судрыг ухаарч байна. Тиймээс монгол хүний эрхэмлэх үнэт зүйлийг  21 дүгээр зууны хүнд суулгах ёстой гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй" хэмээн санал бодлоо хуваалцав.

 

 

Монгол Улсын Боловсролын сайд асан, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжид “Энэ номыг бий болгож байгаагийн зорилгыг даяаршиж байгаа ертөнцөд монгол үндэстэн цаашид байгаасай, үүний тулд хойч үеийнхэндээ монгол хүн гэх шинжийг суулгах гэж хийж байгаа ажил хийж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол монгол үндэстнийг, монгол хүнийг авч үлдэх зүйл юм. Тийм болохоор маш тодорхой хэдэн зүйлийг тодорхойлж бусад юмыг дотор нь багтаасан байх ёстой болов уу. Есөн хуудастай, есөн зүйлийг дурдсан, түүн дотроо бусдыг багтаан маш сайхан монгол хэлээр бичсэн байвал зохих юм. Тэр есөн зүйлд, Монгол төрийн тусгаар тогтнол, монгол хүн, монгол хэл, монгол гэр бүл, монгол суртахуун, монгол технологи, монгол эх орон, монгол соёл урлаг, монгол гэдэг нэр байвал болох юм гэсэн санаатай байна. Эдгээрт бусад зүйлийг нь шингээж болно. Жишээ нь, эрүүл мэнд гэхэд монгол хүн гэдэгт шингээх гэх мэтээр хийвэл сайхан болно. Үүнийхээ нэрийг Монгол хүний дээд эрхэмлэл гэвэл ямар вэ гэсэн санаа байна" гэсэн юм.

Төслийн багийнхан Монголын Цагаан сараас өмнө Эрдэнийн сударт монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг бичиглэж залахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тус сударт дагалдуулан бүх нийтэд зориулсан тайлбар номыг гаргах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.101.75)