Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ
Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ дарга Жеймс Комиг огцруулсны дараа тус байгууллагынхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ашиг сонирхолд нийцүүлэн, АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нууцаар шалгаж эхэлжээ. Энэ тухай The New York Times сонин баасан гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна
The New York Times сонинд мэдээлснээр, Трамп ОХУ-тай холбоотой байж магадгүй гэх сэжиг ХМТ-ны удирдлагуудад болон тагнуулуудад бүр 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр төрж байжээ. Гэвч тухайн үед тэд итгэлгүй байсан учраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг хүлээхээр шийдсэн.
Жеймс Коми ийм албан тушаалд тохирохгүй хэмээн Трамп 2017 оны тавдугаар сард огцруулсан билээ. Трампын энэ алхамыг Ардчилсан намынхан “шударга ёсонд саад хийх оролдлого” гэж мэдэгдэж байв. Тэд Комиг огцруулах шийдвэрийг Конгрессын холбогдох хороодоор шалгуулах асуудлыг нэг бус удаа тавьжээ.
Э.ЕСӨНЗУН